Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн замд хоёр автомашин онхолджээ. Уг осол Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвд болсон бөгөөд нэг хүн нас баржээ. Мөн хоногт Хэнтий аймгийн Хэрлэн сумаас зүүн тийш 40 км зайд автомашин онхолдож, бас нэг хүн нас барсан хэрэг гарчээ. Эдгээр осол жолооч хурд тааруулаагүй, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс болжээ. Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 320 хүн нас барж, 933 хүн гэмтжээ.
Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын ихэнх нь жолоочийн буруутай үйлдэл болон автомашины техникийн бүрэн бус байдлыг хангаагүйгээс гардаг аж. Жолооч нар орон нутгийн замын хөдөлгөөн бага учраас хурд хэтрүүлэх, хүн, ачаа тээш хэтрүүлдэг, хамгаалалтын бүс хэрэглэдэггүй, машины жижиг эвдрэл зэргийг харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцдог юм байна.
2010 онд улсын хэмжээнд 1378 зам тээврийн осол гарч, 317 хүн нас барж, 928 хүн гэмтсэн байна. Нийт ослын тал хувь буюу 601 нь хөдөө орон нутгийн замд, нас барсан хүний 219 буюу 70 хувь нь мөн л орон нутгийн замд осолд өртөж амиа алдсан байна. Энэ бол жолоочийн санамсар болгоомжгүйгээс үүдсэн харамсалтай хэргүүд.
Тиймээс Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Замын цагдаагийн хяналтын постыг өнгөрсөн баасан гаригт нээлээ. Постын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргал, Замын цагдаагийн газрын дарга Х.Энхжаргал болон бусад албаны хүмүүс оролцов. Постыг нээснээр хөдөө орон нутгийн замд гарч байгаа осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Түүнчлэн замын цагдаагийн пост болон автосервисийг хамтад нь байгуулж байгаагаараа онцлог аж. Олны нэрлэж заншсан 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо болон хотоос гарах, орох бусад постуудаас гадна тухайн аймаг, сумд руу орох замд замын цагдаагийн пост байдгийг бид мэднэ. Эдгээр постууд нь өмнө нь зөвхөн зөрчлийг нь илрүүлээд, шаардлагатай тохиолдолд сануулга өгөөд нэвтрүүлдэг байсан бол Төв аймгийн Баянчандмань сумын нутагт баригдсан энэхүү дост нь хэрвээ жолооч авто машины бүрэн бус техниктэй замын хөдөлгөөнд оролцож байвал түүнийг нь шууд засварлаж, зөрчилгүй болгон замын хөдөлгөөнд оролцуулах юм байна.
Төв аймгийн Баянчандмань сумаар баруун аймгийг зорих автомашинууд дайран өнгөрдөг. Тэр дундаа Дархан-Уул аймаг, Эрдэнэтийн чиглэлийн замд аваар осол гардаг учраас хамгийн түрүүнд энэ суманд пост нээх шаардлага гарсан байна. Мөн өнгөрсөн жил Төв аймагт болсон “Төвийн бүсийн аймгуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” зөвлөгөөний шийдвэрийн дагуу орон нутгийн замд замын хөдөлгөөний аюулгүй байдлын пост байгуулах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу нийт 53 пост байгуулах бөгөөд ирэх жил 13 пост барихаар 2012 оны төсөвт суулгасан гэнэ. Хэдийгээр аймгуудаар дайран өнгөрөх гол замуудад хяналтын пост байдаг ч нутаг дэвсгэр өргөн учраас зам болгонд хүрэлцдэггүй. Тиймээс энэ пост нь энэ онд хийсэн томоохон ажлуудын нэг бөгөөд хотоос гадагш гарах таван чиглэлд 24 цагийн ажиллагаатай пост барьсан байна. Постууд камер, хурд хэмжигч, ачааны машины ачааг харах толь, хурд сааруулагч гээд орчин үеийн техник технологиор тоноглогдсон бөгөөд Замын цагдаагийн төв байрнаас дотор гадна талыг камераар хянах боломжтой болжээ.
Хөдөө орон нутгийн замд гардаг ослийн дийлэнхи хувь нь автомашины бүрэн бус байдлыг хангаагүйгээс шалтгаалдаг бөгөөд орон нутгийн замд гарах ослыг бууруулах зорилгоор нийт таван пост нээгээд байгаа аж. Пост тус бүр нь 140 сая төгргөөр баригдсан бөгөөд дэргэдээ “Делта автосервис” компанийн засварын төв байгуулж, орон нутгийн иргэдийг ажиллуулж байгаа юм байна. “Делта автосервис”-ийн газар нь өөрийн хөрөнгөөр буюу 300 сая төгрөг зарцуулж, тус сумын зургаан иргэнийг хоёр сарын хугацаанд сургалтад хамруулан ажлын байраар хангаж байгаа гэв. Тус засварын төвд автомашины сэлбэг худалдаа, засварын үйлчилгээг багтааж, иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор 24 цагаар ажиллаж байгаа гэнэ.
Замын цагдаагийн газрын дарга Х.Энхжаргал “Өмнө нь орон нутгийн замд зөрчилтэй машинуудыг зөрчлийг нь арилгуулалгүй явуулдаг байсан энэ постод зөрчилтэй машиныг шууд зогсоож, зөрчлийг нь арилгуулж замын хөдөлгөөнд оролцуулахаар болж байгаа юм. Цаашид хотоос гарч, орж байгаа зам болон орон нутгийн зарим замд ийм пост нээх юм” гэлээ.
Нэг үеэ бодвол орон нутгийн зам сайжирч, жил бүр улсын чанартай асфальтан зам барьж байгаа. Зам сайжирсанаар цаг хугацаа товчлох, бартаа саадгүй болох сайн тал бий ч орон нутгийн замд гарах осол буурахгүй байгаа нь харамсмаар. Оны эхний арван сарын байдлаар орон нутгийн замд гарсан зам тээврийн осол өмнөх оны мөн үеийнхээс 12.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт нь жолооч нарын хариуцлагатай шууд хамааралтай гэж замын цагдаагийнхан үзэж байна.