-Бүлэг хуралддаг албан ёсны цагаар ирэх долоо хоногийн даваа /өнөөдөр/ гаригт Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцье гэж шийдсэн, түүнээс завсарлага авсан асуудал байхгүй. Гол нь чуулганы нэгдсэн хуралдааны үеэр бүлэг хуралдахаар ирц юу болох билээ, нэг ёсны чуулганы хуралдааныг тасалдуулахгүй гэдэг агуулгаар л ээлжит бусаа цуцалсан л даа.
-МАН-ын бүлгээс мажоритари давамгайлсан 48:28 тогтолцоог санал болгоод байгаа. Танай бүлэг хүлээж авах уу?
-Манай бүлгийн хувьд тоо онцгой ач холбогдолтой зүйл биш. Гол нь Сонгуулийн тухай хууль маань чухал байгаа. Яагаад гэвэл энэ төсөлд асар олон шинэчлэл агуулагдсанд байгаа юм. Иргэдийн саналыг тоолохдоо скайнертай машинаар уншуулна. Иргэдийг ийш тийш зөөж, хоёр гурав сонгууль өгүүлэх гэж оролддог луйврыг зогсооно. Төрийн албаныхан төрийн албаараа улстөрийнхөн улстөрчөөрөө байх тэр зарчмын заалтууд хуульд тусгалаа олох нь чухал. Хамгийн том шинэчлэл бол орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль хоёрыг зэрэг нэг өдөр зохион байгуулах асуудал. Хоёр сонгуулийг нэгэн зэрэг зохион байгуулснаар эдийн засгийн болоод улстөрийн олон талын ач холбогдолтой. Тиймээс энэ бүхнийг манай бүлэг зарчмын хувьд нь авч үзнэ.
-Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Орон нутгийн сонгууль, УИХ-ын Сонгуулийг хамтад нь явуулах бололцоогүй, маш их хүндрэл гарна” гэж тайлбарлаад байгаа шүү дээ.
-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь хийнэ гэдэг зарчмын шийдэл нь 2008 оны хаврын чуулганаар батлагдсан. УИХ олонхиороо шийдээд, алхаа цохичихсон тохиолдолд сонгуулийг хамтад нь зохион байгуулах л ёстой. Хүндрэлтэй, хүндрэлгүй зохион байгуулах тухай асуудал бол ач холбогдолтой зүйл биш. Энэ байтугай хэцүү үед, энэ байтугай системтэй сонгуулийг дэлхийн улс орнууд хийж байна. Хамгийн гол нь иргэдийн саналыг зөв тусгадаг систем байх нь сонгуулийн ач холбогдол оршиж байгаа. Долдугаар сарын 1-ний үйл явдал иргэдийн бухимдалтай холбоотойгоор гарсан. Ийм зүйлийг давтуулахгүйн тулд иргэдийн санал сонгуулийн үр дүнд 100 хувь тусдаггүй юм аа гэхэд аль болох ойрхон тусах нь эргээд бухимдал үүсгэхгүй байх гол үндэс болно гэж би хувьдаа үзэж байгаа.
-Тэгвэл та МАН-аас санал болгосон 48:28 хувилбарыг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Асуудал нь 48 уу, 28 уу гэдэгтээ байгаа юм биш. Мэдээж холимог гэдэг утгаараа 38:38 зөв бол бид шинэ хуулиа гаргах нь чухал. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулах санал тооллогын технологийн дэвшлийг ашиглах гэх мэт олон асуудлыг бид шийдэх ёстой. Нөгөөтэйгүүр, мөнгийг улстөрөөс холдуулах явдал чухал байгаа. Их мөнгөтэй, том бизнесийн хүмүүс олноор төрд орж ирээд буруу тийш хөтлөөд байна. Тийм учраас улстөр, бизнес хоёрыг заагтай л байлгах ёстой гэж үздэг.
-Мөнгө, улстөр хоёрыг зааглахын тулд яах ёстой вэ тэгвэл?
-Улстөр хийж байгаа нь улстөрөө, бизнес хийж байгаа нь бизнесээ эрхлээд явах л асуудал юм. Энэ тохиолдолд төр тодорхой хэмжээгээр цэвэршинэ. Хоёрдугаарт, иргэдийн төрдөө итгэх итгэл, хандлага өөр болно. Хүмүүс ярьдаг шүү дээ. “Төрөөс төрсөн олигархиуд, тэрбумтнууд” гээд яриад байдаг чинь үнэний хувьтай. Үүнийг өөрчлөхийн тулд мөнгө цацсан, тараасан нь сонгуульд ялдаг биш, мөрийн хөтөлбөр болон өөрийнхөө чадал чансаагаар өрсөлддөг, ялдаг боломж бололцоог олгосон Сонгуулийн хууль батлах нь л чухал.
-УИХ-аар одоо төсвийн тодотголыг ид хэлэлцэж байна. Цаг хугацааны хувьд хэт оройтсон гэх шүүмжлэл олонтаа гарах боллоо. Та санал нэгдэх үү?
-Монгол Улсын 2011 оны төсөв анх УИХ-д орж ирэхдээ Олон улсын валютын сангаас тавьж байсан шаардлага нөхцөлтэй уясан байсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын ажлын 10-30 хувийг санхүүжүүлэх мөнгө батлагдсан юм. Иймээс энэ жилийн хөрөнгө оруулалтууд мөнгө муутай, тендэрт ялаад ажил авчихсан компаниуд ажлаа хагас дутуу хийсэн, эсвэл санхүүжилтгүй байгаа. Зарим нь өөрсдийнхөө хөрөнгөөр ажлаа хийгээд эрсдэл үүрээд мөнгөө хүлээгээд сууж байгаа ийм л нэг дүр төрх энэ намар ажиглагдаж байна. Санаагаар болдог байсан бол төсвийн тодотголыг эрт оруулах байсан. Наймдугаар сарын сүүлээр ээлжит бус чуулган зарлаад төсвийн тодотгол орчихсон бол Монгол Улсын хөрөнгө оруулалтад хамаагүй нэмэртэй, дөхөмтэй зөв болохоор байсан, болоогүй юм байлгүй дээ. Сая л оруулж ирж байна. Тэгэхдээ яах вэ, ажлаа хийчихсэн аж ахуйн нэгжүүд, төсөвтэй харьцаж байгаа байгууллагууд хийсэн ажлынхаа хөлсийг аваад төлөвлөсөн ажлуудаа дуусгахаар чармайж таарна. Үлдэж байгаа хоёр сарын хугацаанд багтаагаад гол ажлынхаа нурууг нугалчихвал энэ жилийн хөрөнгө оруулалт 100 хувь биш ч гэсэн биелэлт гайгүй гарах болов уу л гэж бодож байна даа.
-Танай тойргийн зүгээс төсөвт тодотгол хийх чимээнээр ийм ажил тусгаж өгөөч гэх юм уу, тийм санал бол их ирнэ биз?
-Аймгийн Засаг даргаас эхлээд багц багцаар нь, төсөвт ийм ажил оруулж өгөөч, тодотголд ийм хөрөнгө оруулалтын ажлыг тусгаж өгөөч гэсэн хүсэлтүүд олон ирдэг юмаа. Энэ жилийн тодотголын хувьд сэтгэл хангалуун байгаа. Юу вэ гэхээр аймгийн Засаг дарга, тамгын газрын харьяа байгууллагууд, дээр нь цэцэрлэг, сургуулиудаас маш олон санал ирүүлсэн байсан. Тэдгээрийг хүсэлтийнх нь хэмжээгээр төсөвт суулгачихсан шүү. Зарим нэгийг нь 2011 оны тодотголд суулгасан, мөн 2012 оны төсвийн төсөлд нэлээд хөрөнгө оруулалтын ажлууд суулгасан. Төсөвт суулгана гэдэг нь батлагдах магадлал 90 ээс дээш хувьтай гэсэн үг шүү дээ.
-Олон жил ярьж байж, сая нэг бүтэж байгаа хөрөнгө оруулалтын ажил хэр байгаа вэ?
-Хоёр цэцэрлэгийн асуудал, олон жил яригдсан юм. Засвар үйлчилгээ хийхгүй явсаар байтал хүүхэд хүлээж авах боломжгүй болчихсон. Аймаг уг нь хөрөнгөтэй ш дээ. Тэгсэн хэрнээ хүүхдийн хоёр цэцэрлэгт засварын мөнгө хийчихэлгүй л өдий хүргэчихсэн байдаг юм. Бурхан босгох болохоор хэдэн тэрбум төгрөгөөр “хаядаг” хэрнээ хүүхдүүдийнхээ цэцэрлэгт хөрөнгө оруулдаггүй л байхгүй юу, шүүмжлэлтэй хандахад. Одоо харин төсвийн тодотголд 1, 15 дугаар цэцэрлэгт тус бүр 160 сая төгрөг суулгаж өгсөн. Он дуусталх гурван сарын хугацаанд тус бүр 160 сая төгрөгөөр ажлаа эхлүүлж байж болно. Үлдсэн 700 гаад сая төгрөг нь 2012 оны төсөвт суулгасан. Тийм учраас аймгийн Боловсролын газрын дарга, цэцэрлэгүүдийн эрхлэгч, мөн иргэдийн “Хүүхдүүдийг маань цэцэрлэгтэй болгож өгөөч ээ” гэдэг хүсэлт шийдэгдэж байгаад л хамгийн их баярлаж байна даа.
-Гишүүний гэх тодотголтой тэрбум төгрөг жил бүрийн төсөвт суудаг. Түүгээрээ та юу хийсэн юм бэ. Энэ хугацаанд дээрх цэцэрлэгүүдэд засварын мөнгийг нь түүнээс гаргачихаж болоогүй юм уу. Ер нь та 2009, 2010, 2011 оны тэрбум төгрөгөө ямархуу байдлаар зарцуулсан байдаг юм?
-Ямар юмных нь гишүүний мөнгө байх юм, санал л авдаг байхгүй юу. УИХ-ын гишүүд орон нутгийнхаа нөхцөл байдлыг хамгийн сайн ойлгодог улсууд гэж үздэг учраас Сангийн яамнаас “Танай тойрогт юу, юунд хөрөнгө оруулалт шаардлагатай вэ” гэж санал авдаг. Түүнээс биш гишүүдийн багц гэж юм байхгүй, гишүүд өөрсдөө түүнийг хуваарилахгүй. Биднээс санал аваад, авсан саналынхаа чиглэлээр сайдуудын багцад хөрөнгө нь суугаад л тендэр нь зарлагдаад л хийгддэг ажил.
Тэрбумыг юунд зарцуулсан талаар тодорхой хэл гэж байгаа бол 2009 оны төсөвт суусан 500 сая төгрөгийн 300 саяыг ахмадын эмнэлэг барихад зориулж, 200 саяыг Хүүхдийн ордны барилгад зориулсан. Хүүхдийн ордон маань сая ашиглалтад орлоо. Хөрөнгө оруулалтын санаачлагч нь гишүүд болохоос биш гүйцэтгэгч нар нь Засаг дарга нар, сайдууд юм шүү дээ.
-Тэгвэл, 2010, 2011 оных хаашаа юунд зарцуулагдав?
2010 оны тэрбумыг хоёр хувааж санал өгсөн. Орхон аймгийн хамгийн анхны Баянцагаан гэж баг бий. Анхны баг мөртлөө тэнд нэг ч цэцэрлэг байдаггүй. 140 ортой цэцэрлэг барихад 500 сая төгрөгийг суулгасан. Нөгөө 500 сая төгрөгийг Орхон аймгийн гэр хороллын иргэдийн эрчим хүчний хангамжийг сайжруулахад тавьсан. Манай Эрдэнэтэд очиж амьдрах иргэдийн тоо жилээс жилд өсч байна. Тэр хэрээр гэр хороолол тэлж, цахилгааны хүчдэл нь маш багассан байсан. Тойрогтоо очих бүрийд иргэд маань асуудал тавьж шийдвэрлэж өгөхийг хүсч байсан учраас дээрх чиглэлээр хөрөнгө тавьсан, байдал ч сайжирсан.
2011 оны хувьд мөн л хоёр зүйлд хуваагаад тавьчихсан. Тухайлбал, 750 сая төгрөгийг гэр хороолол болон хотын гэрэлтүүлэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер суурилуулахад тавьсан. Эрдэнэтэд эрүүгийн нөхцөл байдал нэлээд хүндэрч байна. Цөөн тооны цагдаатай тэд хүн ам ихтэй хотод хаанаа ч хүрэлцдэггүй. Тийм учраас хүн хүчний дутмаг байдлыг түүгээр нөхөх зорилгоор 750 сая төгрөгийг Д.Дамба-Очир гишүүний 750 саятай нийлүүлээд 1.5 тэрбум төгрөг болгож, Эрдэнэтийн бүх гудамжийг камержуулах, гэрэлтүүлэгт хийхээр тусгасан. Харамсалтай нь, яамнаас зохион байгуулсан тендер хугацаа алдсанаас болж дөнгөж хэд хоногийн өмнө гэрээ хийх гэж байгаа тухай мэдэгдэл өгсөн байна. Иймээс хүссэн ч хүсээгүй ч он дамжин хийгдэх нь тодорхой болчихлоо. Үлдсэн 250 сая төгрөгийг Хүүхдийн ордны гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний холболт хийхэд зарцуулсан. 2012 оны төсөвт санал өгчихсөн.
-Аль салбарт зарцуулахаар санал өгсөн юм?
-Хүүхдийн эмнэлэг барихад зориулж 400 сая төгрөг тусгачихсан байгаа. Эрдэнэт уг нь залуучуудын хот юм шүү дээ. Түүнийгээ дагаад хүүхэд ч олонтой. Бараг 20 иод мянгад хүрч байгаа шүү, хүүхдүүдийн хувьд. Тэгсэн хэрнээ хүүхдийн нэг ч эмнэлэг байдаггүй. Нэгдсэн эмнэлэгт 20-иод ортой хүүхдийн нэг тасаг л бий. Тийм учраас хүүхдийн бие даасан эмнэлэг байгуулах шаардлагатай юм байна гэж үзээд хөрөнгө тусгуулж байна. Дараа дараагийн жилүүдэд шаардлагатай хөрөнгүүдийг батлуулаад явна. Бас 300 сая төгрөгийг Дэнж, Эрдэнэ багт Соёлын төв барихад зориулж тусгасан. Мөн Жаргалант сум, аймгийн төвийн гэр хорооллын цахилгааны шугам тавихад зориулж 300 сая төгрөг тавьсан. Ямар нэгэн хийсвэр юманд биш, бодитой зүйлд зарцуулж байсан, цаашид ч иргэддээ хэрэгтэй зүйлийг бүтээнэ.
Тийм болохоор тэрбум чинь хаана байна аа гэвэл, манай анхны баг дээр очоод цэцэрлэг баригдаад удахгүй хүлээлгэж өгөх гэж байгааг хар. Гэр хорооллынхонтой очоод уулз, цахилгааных нь хүчин чадал нэмэгдсэн. 40 ортой эмнэлэг бариулсан л гэж хариулна даа. Бүгдийн нүдэн дээр хүүхдийн ордон баригдаад, дуусаад нээлтээ хийснийг хүмүүс мэдэж байгаа.
-Төсөв хэлэлцэх үеэр шүүмжлэл нэлээд дагуулдаг. Жишээ нь, хэн хамгийн сайн лобби хийж чадна, тэр хүн л хамгийн их хөрөнгө оруулалтыг тойрог руугаа авч чаддаг гэж… Ийм лоббиг зогсоохын тулд тухайн аймгуудын Засаг дарга нарыг суулгаж байгаад төсвийг баталдаг байвал яасан юм бэ гэдэг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Засаг даргаас ирсэн санал дээр УИХ-ын гишүүний саналыг нэмж оруулж байж хөрөнгө оруулалтыг хийдэг юм. Тэгэхээр Засаг дарга нар нь ирж суулгаагүй л болохоос биш гарын үсгээ зураад тавьсан бүх хүсэлтийг нь төсөвт суулгах ажлыг гишүүд хийдэг гэж ойлгож болно. Гишүүдийн хувьд бол идэвхитэй ажиллахаас ч аргагүй. Ер нь гишүүд санаачлагатай ажиллах нь юу нь буруу гэж… Угаасаа иргэдийг төлөөлж гарч ирсэн хүн шүү дээ, тийм ажил хийх үүрэгтэй. Тийм ч учраас лобби хийгээд ч болсон хөрөнгө оруулалтаа батлуулахыг бодох нь ойлгомжтой. 2004 оноос өмнө манай аймагт жилдээ тэрбум хүрэхтэй үгүйтэй хөрөнгө оруулалт төсөвт суудаг байсан. Одоо бол хамгийн багаар бодоход долоо, найман тэрбум төгрөгөөр яригддаг болсон. Түүнээс дээш хөрөнгө оруулалт хийгдэх нь ч бий, энэ бол манай аймгийн иргэд, тэдний амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг шүү дээ.
Г.Дарь