Чуулганы танхимаас Монголын алт гадаад руу “урссаар”

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Чуулганы танхимаас Монголын алт гадаад руу “урссаар”

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Д.Энхбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Алт” хөтөлбөрийн биелэлтийн талаарх асуулгын хариуг сонслоо. Монгол Улсын Засгийн газраас “Алт” хөтөлбөрийг 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрийн үр дүн эхэн үедээ таатай байж. Тухайлбал, алт олборлолт ихэссэнээр ажлын байр шинээр бий болж Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс өссөн эерэг үзүүлэлт гарч байжээ. 1991 онд зургаан аж ахуйн нэгж алт олборлон Монголбанкинд жилдээ 8.6 тонн  алт тушааж байсан бол хөтөлбөрийн үр дүнд 2005 онд 131 аж ахуйн нэгж 15.2 тонн алтыг Монголын эрдэнэсийн санд тушаасан гэх мэдээлэл байна. Энэ бол Монголбанкинд тушаах алтны хэмжээ хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Гэвч 2006 онд УИХ-аас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг баталснаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс буурчээ. Баримт түшвэл 2007 онд төв банкинд тушаагдсан алтны хэмжээ 9 тонн, 2008 онд 7.4 тонн, 2010 онд 2.1 тонн руу орж  буурсан байна. Өөрөөр хэлбэл, өндөр татвартай хууль хэрэгжсэнээр алтны далд эдийн засаг цэцэглэн хөгжих нөхцлийг бүрдүүлж өгчээ. Тагнуулын ерөнхий газрын дэд даргын тайлбараар бол 2006-2010 оны хооронд нийт 309 кг алтыг хууль бусаар хил давуулах гэсэн оролдлого гарчээ. Гаалийн байгууллагынхан мөн дээрх хугацаанд 99.8 кг алт хууль бусаар хил давуулах гэсэн оролдлогыг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад холбогдох этгээдүүдийг  шилжүүлж байсан удаатай. Тэгвэл,  тагнуул, гаалийнханд мэдэгдэхгүйгээр хэдэн тонн алт өнгөрсөн хугацаанд хилээр гарч, Монголын баялаг гадагшаа урссаныг тооцох арга механизм алга.

Ямар ч байсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба нарын хэлснээр бол алт хууль бусаар хил давуулдаг этгээдүүдийн хувьд арга барил нь нарийн болжээ. Суга,  цавь, шулуун гэдэс гээд бие эрхтэн дотроо ямар нэг байдлаар эвийг нь олж хийгээд нуугаад гаргадаг. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохгүй бол Монголын баялаг гадаад руу урссаар л байна. Яагаад гэвэл алт олборлолт Монголын дөрвөн зүгт оволзож буй юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ашиглалтын 1200 орчим лиценз олгогдсоноос 466 нь олборлох үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Харамсалтай нь, энэ олон аж ахуйн нэгжүүдээс Монголбанкинд алтаа тушаадаг нь 100 дотор эргэлдэх болжээ. Өнгөрсөн онд  99 аж ахуйн нэгж төв банкинд алтаа тушаасан бол энэ онд 77 аж ахуйн нэгж тушааж байгаа. Нэг ёсны төв банкинд тушаагдах алтны хэмжээ буурахын зэрэгцээгээр алтаа тушаах сонирхолтой компаниудын тоо ч жил ирэх тусам багасч байгаагийн жишээ энэ болжээ.

Дээр нь “Хадгаламж” банк бие даан гадаад руу алт экспортлох эрхтэй болсон нь Монголбанкинд нэг талаар “шавар хаах” болсон байна. Нөгөө талаас “Бороо гоулд” компани олборлосон алтаа мөн гадаад руу шууд гаргадаг болсон нь алт тушаалтад нөлөөлөх болжээ. Дээр нь үндсэн ордуудын нөөц багассан. Зөвхөн орон нутгийн төвшинд “нинжа” нарыг хоолтой нь золгуулж байгаа шороонд ордууд л байгаагаас алт гэгч үнэт металлын тушаалт багассан гэх тайлбарыг албаныхан өгч сууна. Тэгтэл алтнаас болж Монголын газрын хэвлий сэндчүүлж, мал бэлчээх газаргүй болсны зэрэгцээ тавьсан зам ч там болж хувирчээ.

Хэдийгээр Монгол Улс алт олборлолтоос өнгөрсөн хугацаанд 70 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлсэн ч түүнийгээ зөвхөн зам тавихын тулд эргүүлээд зарцуулах болж буй тухай жишээг энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд сануулж, алт олборлолтыг зогсоовол яасан юм бэ гэсэн санаачлагыг ч гаргаж байлаа. Харин Засгийн газрын төвшинд энэ чиглэлээр дорвитой санаж сэдсэн юмгүй, ямар ч байсан “нинжа” нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахын тулд Бичил уурхай эрхлэгчдэд зориулсан хууль санаачлан батлуулсан ч төдий л үр дүнгээ өгөхгүй байгаа гэснээс өөр тоймтой хариулт өгсөнгүй.

Уул уурхай өндөр хөгжсөн орнууд бол нөөц багатай, жижиг ордуудыг ашиглах чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд эрх олгодоггүй, зөвхөн том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, олон хүнийг ажлын байраар хангахад анхаарал хандуулдгийн зэрэгцээ өндөр технологи ашигладаг байна. Харин Монгол Улсад энэ бүхэн эсрэгээрээ жижиг жижиг ордууд дээр “нинжа” нар ажиллаж, тэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хохироож байгаа төдийгүй байгаль орчныг сүйтгэн, дээр нь улсад татвар төлөхгүй зэрлэгшин амьдрах болжээ.

Тиймээс Засгийн газрын төвшинд “Алт” хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг үнэлж, цаашид жижиг ордууд дээр үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн хориглож томоохон төслүүдэд анхаарлаа хандуулахгүй бол Монголын баялаг чимээгүйхэн гадагшаа урссаар нэг л өдөр сүйдсэн байгальтай нөхөн сэргээгдэх боломжгүйд хүрсэн байх вий гэдгийг асуулга тавьсан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг төгсгөлд нь дүгнэж хэллээ. Ер нь “Алт” хөтөлбөрийг дүгнэж алт олборлолтыг анхаарч үзэхгүй бол гишүүдийн хэлдгээр алдсан нь илүү жин дарах магадлал өндөр байна.

Ирвэс агнаж болохгүй  

Мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндсэн шалтгаан нь “Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах” конвенцид заасан угалз, шонхор зэрэг амьтдаас гадна хэрэм, тарвага, хярс, мануулыг агнаж  түүхий эдийг хилээр нууцаар гаргах тохиолдол ихэссэн тул хууль зөрчигчдөд ногдуулах хариуцлагыг чангатгах заалтыг тусгайлан оруулж өгөхөөс аргагүйд хүрсэн байна. Энэ нь торгуулийн хэмжээг мөнгөний ханшны уналттай уялдуулахаар зааж өгчээ. Ингэж торгуулийн хэмжээг чангатгаж өгснөөр хууль зөрчигчдийн хувьд хүлээх хариуцлага өндөрсөнө гэж төсөл санаачлагчид үзэж буй юм.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт  ирвэс агнахыг хориглосноос хойш тоо толгой нь хэт их өсч, мал руу, тэр байтугай хот айл руу халдах болсон тухай сануулж, цаашид энэ байдлыг хэрхэн зохицуулах гэж байгаа талаар сонирхлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн тайлбараас үзвэл ирвэс нь “Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах” конвенцийн жагсаалтад багтдаг тул агнах, худалдахыг хориглодог. Тиймээс малаа ирвэсэнд бариулсан малчдад татаас олгон хохирлыг барагдуулдаг болох хүсэлтийг олон улсын байгууллагад тавиад буй тухай дуулгалаа. Мөн малчдын хувьд “Ирвэс чононоос дутахгүй хохирол учруулж байна” гэсэн гомдлыг тавьж ирсэн бөгөөд энэ дагуу олон улсын байгууллагад хандаж асуудал тавьж ирсэн ч, “Агнаж болохгүй” гэсэн хариуг ирүүлсээр байжээ. Нөгөөтэйгүүр, ирвэсийн тоо толгой хэт их өссөн гэж хардах нь хэтэрхий өрөөсгөл  аж. Уг амьтан огт харагддаггүй, зургийг нь авах гээд чадахгүй байгаа гэнэ. Тийм учраас ирвэс их хэмжээгээр өссөн гэж үзэх нь үндэслэл муутай” гэсэн тайлбарыг сайд өгч, гишүүдийн олонх “төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.

Эрчим хүчний алдагдал дөрвөн тэрбумд хүрнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Эл төслийн хүрээнд түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх, эрчим хүчний үнийг зах зээлийн үнэд шилжүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөсний зэрэгцээ Эрчим хүчний зохицуулах хороог зөвлөл болгон өөрчилж буй аж. Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь тухайн жилд цахилгааны үнэ хэд байх талаар шийдвэрүүдийг гаргана. Одоо эрчим хүчний үнэ аймаг бүрт харилцан адилгүй. Зарим аймгуудынх хэт өндөр байна гэсэн гомдол ирүүлдэг байхад зарим аймгууд улсаас татаас авч цахилгаан хэрэглэдэг байх жишээтэй. Өнөөдрийн байдлаар баруун таван аймаг ОХУ-аас эрчим хүч экспортолдог. Хойд хөршөөс авсан эрчим хүчийг ахуйн хэрэглэгчдэд 1 квтыг нь 60 төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдэд 90 төгрөгөөр тооцож нийлүүлдэг. Гэтэл хойд хөршөөс авч байгаа цахилгааны үнэ өндөр. Энэ үнийн зөрүүгээс болж 2011 оны хагас жилийн байдлаар алдагдал 2.6 тэрбум төгрөгт хүрчээ. Оны эцэст дөрвөн тэрбум гаруй төгрөгт хүрнэ гэж холбогдох албаныхан мэдэгдлээ. Цаашид дээрх таван аймаг дотоодоосоо эрчим хүч авдаг болох шаардлагатай. Энэ чиглэлээр Засгийн газар дээр бодлого чиглэл гарсан тухай мөн холбогдох яамны сайд нь мэдэгдэв. Эл төслийг ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж