Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт орших компанийн нэрийн дэлгүүрийн үүд iPhone 4S худалдан авах гэсэн хүмүүсийн урт дараалалд дарагджээ. Уг гар утсыг урьдчилан захиалагчдын тоо хэдийнэ нэг саяд хүрсэн нь урьд хожид байгаагүй дээд амжилт гэнэ. Өмнө нь 2010 онд iPhone 4 загвар худалдаанд гарснаас хойш эхний гурван хоногийн дотор 1,7 сая зарагдаж байжээ.
Америкт iPhone 4S-ийг худалдаанд гарахаас хоёр цагийн өмнө, харин Австрали, Япон, Германд бүтэн нэг өдрийн өмнөөс эхлэн худалдан авахыг хүссэн хүмүүс дэлгүүрүүдийн үүдэнд дараалал үүсгэн зогсч эхэлжээ. iPhone 4S-ийг өнгө, багтаамжаас хамаарч, үүрэн телефоны оператор компаниудтай гэрээ байгуулсны дагуу 199-399 ам.долларын үнээр худалдан авах боломжтой юм. Харин оператор компаниудтай 24 сарын гэрээ байгуулахгүйгээр шууд худалдаж авах бол 16GB багтаамжтай загварыг 499 фунт стерлинг буюу 800 орчим ам.доллараар өөрийн болгож болох юм.
Өнгөрсөн жил iPhone-4-ийг худалдаанд гарч эхлэхэд 250 гаруй хүн дэлгүүрийн гадна 90 минут зогсч байсан бол энэ удаа хэдэн зуун хүн уг шинэ бүтээгдэхүүнийг гарахыг тэсэн ядан хүлээж, дэлгүүрийн үүдийг сахиж хоножээ. iPhone 4S худалдаанд гараад 24 цаг ч өнгөрөөгүй байгаа тул эхний хоногт хэдэн хувь зарагдсан тухай мэдээлэл хараахан гараагүй байна.
Дашрамд сонирхуулахад, iPhone 4S “Apple” компанийн жилийн хувьцааг 21 хувиар өсгөжээ. Шинэ гар утасны зориулалтыг Америкийн гурван томоохон корпораци хүлээн зөвшөөрөн, энэ үйлчилгээг үзүүлэхээр болсон байна. Энэ нь Америкийн гар утас хэрэглэгчдийг зургаан саяар нэмэгдүүлж байна. Өмнөх жилийн загвар iPhone 4 нь нэг улиралд л 25 сая ширхэг борлогдсоноороо түүхэнд дээд амжилтыг тогтоогоод байсан аж.
"Apple"-ийн үндэслэгч Стив Жобсыг нас барснаас хойш шинэ загварын утасны худалдан авалт ихэссэн бөгөөд үүнийг албаныхан нь “Жобст үзүүлж байгаа хэрэглэгчдийнх нь хүндэтгэл хэмээн үзэж байгаа” гэжээ.
4S гар утас нь дуу хоолойг мэдрэн, текст хэлбэрт оруулан хүнд нь илгээдгээс гадна, баттерейгаа найман цаг барих чадвартай. Мөн шинэлэг үзүүлэлт бүхий камер, авсан зургаа янзлах боломжтой, өмнөх загваруудаасаа тав дахин хурдтайгаараа онцлогтой юм.