Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгох зарлиг буулгасан билээ. Энэ хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтээ дүүргийн бэлэг тэмдэг болох “Ажилчны алдар” талбайд 12.00 эхлүүллээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид энэ өдрийн хүрээнд 32 мод, хороо, сургууль, цэцэрлэг нийт 16480 мод, бут, сөөг тарих юм байна. Харин өчигдөр Сүхбаатарын талбайд чацаргана, үхрийн нүднээс эхлээд бургас, улиас гэх мэт төрөл бүрийн модны суулгац, цэцгийн үзэсгэлэн худалдаа болов. “Ногоон хот-2011” аяны хүрээнд зохион байгуулж буй “Мод тарих үндэсний өдөр”-ийн өчигдөр болсон нээлтэд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хотын ерөнхий менежер Ч.Бат нар оролцож, мод тарьж орчноо тохижуулсан өрхүүдийг урамшуулжээ. Дүүрэг бүрээс хоёроос гурван өрхийг хамруулсан байна. “Туулын хар шугуй” төрийн бус байгууллагын Хан-Уул дүүрэг дэх салбар зөвлөл харьяа дүүргийнхээ IX, X, XI хорооны иргэдтэй хамтран Туул голын эрэгт бургас, хайлаас чацарганы 3000 мод суулгах ажлыг өчигдөр ийнхүү эхлүүллээ. Мөн энэхүү аяны хүрээнд өчигдөр Туул, Сэлбэ, Улиастайн гол орчмыг цэвэрлэжээ.
А.Зул