
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Израйль руу нэвтрэх гэсэн зочид, жуулчдын биедээ авч яваа iPad зөөврийн компьютерийг гааль дээр хураан авч байсан бөгөөд Израйлийн албаны хүмүүсийн хэлснээр уг төхөөрөмжийн Wi-Fi буюу утасгүй интернэтэд холбогдох стандарт нь Израйлийнхтай /Европынхтой мөн ижил/ тохирохгүй учир хилээр нэвтрүүлэхийг хориглох болсон юм. Гэхдээ тухайн үд Израйлийн харилцаа, холбооны яамны хэвлэлийн төлөөлөгч Ешель Шави мэдэгдэхдээ энэхүү хориг нь Европын зах зээлд бус зөвхөн АНУ-д зориулж гаргасан хувилбарт хамаарагдана гэдгийг онцолж байжээ.
iPad-ыг хилээр нэвтрүүлэхийг хориглосон явдалд тус улсын компьютер хэрэглэгчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд засгийн газрын зүгээс мөн хоригийг болиулах талаар харилцаа, холбооны яамтай холбогдсон байна.
С.Цэлмэг