Бангкокт үерийн аюул ихэсч байна

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

Бангкокт үерийн аюул ихэсч байна

Хүчтэй үерийн улмаас Бангкок хотын 50 дүүргээс 20 нь усанд автаад байгаа тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Хотын зүүн хэсгийн дүүргүүдийн гудамжинд усны төвшин 70 см-ээр нэмэгдсэн нь хотын оршин суугчдад хүндрэл учруулж байна.

Байгалийн гамшгаас сэргийлэх байгууллагын мэдэгдсэнээр ням гаригаас эхлэн ирэх мягмар гариг хүртэл Бангкок хотод байдал улам хэцүү болох аж. Сиамын булангийн далайн түрлэг болон аадар борооны дараа Чао Прая гол эргээсээ хальж магадгүй байна. Хотын засаг захиргаа гамшиг сүйрлээс урьдчилан сэргийлэх боломжит бүхий л арга хэмжээг авч байгаа юм.

Зуу зуун цэргийн хөлөг онгоц, моторт завь болон хувийн далбаат завь Чао Прая голын эрэг дагуу байрлаж, голын усыг халиулахгүй байх арга хэмжээг авч байна. Мөн цэргүүд далангийн бэхэлгээ хийж байгаагаас гадна соруулах насосны станцууд 24 цагийн туршид ажиллаж байгаа аж.

Тайландад хүчтэй үерийн дараа газар тариалан усанд автсан бөгөөд олон зуун албан байгууллагууд хаагдаж, авто замууд гол болон хувирчээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж