Уран бүтээлчдийн оюуны бүтээлийг үнэлэх, зохиогчийн эрхийг хүндэтгэх үүднээс “Монгол Масс Медиа” ХХК болон “Боловсрол суваг телевиз”, МУГЖ, дуучин Т.Ариунаа нар хамтран оюуны өмчийн эрхийг хамгаалах “Домгийн өглөө” төслийг аравдугаар сарын 4-20-ны хооронд хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд оюуны өмч болон оюуны бүтээлээ үнэлүүлэх, өвлүүлэх, тухайн бүтээлийн үнэ цэнийг олон нийтэд ойлгуулахад гол зорилго нь оршиж байгаа юм.
Сүүлийн үед үзэгчдийн сонирхолыг ихээр татаж буй “50 саяын уналт” шоу нэвтрүүлэгт МУГЖ, дуучин Т.Ариунаа оролцож сэргэлэн, авхаалжтай зан болон мэдлэгийн цар хүрээгээрээ үзэгчдээс маш сайн гэсэн үнэлэлтийг авч хоёр сая төгрөгтэй болсон. 16 настай хэрнээ дөрвөн дүү, ээжийгээ асарч халамжилж, нуруундаа ахадсан гэмээр хүнд ачаа үүрч яваа нэгэн хүүд туслах зорилготой “50 саяын уналт” шоу нэвтрүүлэгт оролцсон бөгөөд хоёр сая төгрөгөө энэ хүүгийн амьдралд тус болохуйц зүйлд зарцуулахаар болжээ.
Залуу хүнд уулыг нураах хүч, уулсыг тэтгэх чадал бий гэдэг. Түүхээс сэдэвлэн, хамгийн өндөр өртөгөөр бүтээсэн “Домгийн өглөө” богино хэмжээний дуут киног бүтээхдээ оюунлаг, чадварлаг залуучуудаар багаа бүрдүүлж, тэдэнд асар их итгэл хүлээлгэн ажиллажээ. МУГЖ, дуучин Т.Ариунаа “Домгийн өглөө” богино хэмжээний дуут кинондоо ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, кино хэрхэн бүтсэн талаарх “Making the movie” нэвтрүүлэг энэ сарын 16-ны ням гаригт 20.20 цагт танай гэрт зочлох болно.
Монголын хамгийн анхны “Домгийн өглөө”богино хэмжээний дуут киног Монголын Үндэсний “Боловсрол суваг” телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр аравдугаар сарын 17-нд 22.00 цагаас үзэгч таны хүртээл болох юм.