Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Батсуурь “Гүтгэлгийн хэрэг: Олон улсын шүүхийн туршлага” сэдвээр эхний илтгэлийг тавилаа. Дэлхийн улс орнууд хүнийг гүтгэх, доромжлохыг гэмт хэрэг гэж үзсээр иржээ. Гэхдээ Эрүү, Иргэний хуулиар давхар авч үздэг орнууд байхад дан Иргэний хуулиар зохицуулдаг, эсвэл энэ төрлийн зөвхөн хүнд, онц хүнд гэмт хэрэгт ял оноож, бусад үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй орнууд ч байдаг байна.
Канадад энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн зохицуулалт байдаг ч практикт ховор хэрэглэдэг, Австралид 50 жил хэрэглээгүй, Норвегид энэ чиглэлийн хуулийн зохицуулалтыг 1930 оноос хойш хэрэглэлгүй байж байгаад 2010 онд хассан. Италид сүүлийн 50 жилд хэрэглээгүй байна.
Хууль зүйн доктор Ш.Сүхбаатарын “Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт” илтгэлд дурдсанаар Монголд хүнийг гүтгэх, доромжлон гэмт хэрэг сонгуультай жилүүдэд өсдөг бөгөөд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд голлон гардаг ажээ. Гүтгүүлж доромжлууллаа гэсэн хүмүүс нь ихэвчлэн улс төрийн дээд хүрээнийхэн байдаг аж. Шүүхээр шийдүүлсэн 206 хэргээс 186 нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байжээ. Сүүлийн жилүүдэд мөнгөн хэлбэрээр нэр хүндээ нэхэмжлэх хандлага өссөн байна.
Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэхийн оронд уучлалт хүсэх, залруулга хийх, мөнгөн торгууль ногдуулах зэрэг аргаар зохицуулж болохыг илтгэгч хэллээ. Мөн хохирогч сэтгэл зүйн хувьд хохирсон бол сэтгэл заслын эмчилгээний зардлыг буруутай этгээдээр гаргуулж болно гэж байв. Асуудлыг Эрүүгийн хуулиар бус Иргэний хуулиар зохицуулах нь оновчтой болох талаар мөн байр сууриа илэрхийлсэн юм. Хүнийг гүтгэсэн үү, эсвэл үнэн бодит мэдээлэл байсан уу гэдэг нэлээд хожим илэрдэг. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Г.Дашрэнцэн хүн гүтгэсэн хэргээр 300 сая төгрөгийн торгууль хүлээж гурван жил хорих ял сонсч байсан ч бичсэн зүйл нь үнэн байсан нь тогтоогдож байсныг жишээ болгон ярилаа.
“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энэрэл сэтгүүлчдээ төлөөлж илтгэл тавьсан юм. Тэрбээр сэтгүүлч бол ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүгийн хэрэгт буруутгагдаж мэдэх эрсдэлтэй мэргэжил болохыг хэлж байлаа. Сэтгүүлчийг онцгой эрхийн ажил гэдэг. Тэгэхээр хүнийг гүтгэх, доромжлох гэдгийг чухам ямар хэмжүүрээр хэмжих вэ гэсэн асуултыг сэтгүүлч хуульчдад тавьж байв.
Хэлэлцүүлэгт оролцогчид сэтгүүлчдийн амыг хаадаг заалтыг Эрүүгийн хуулиас халж иргэний журмаар шийдэг болох нь зөв гэсэн байр суурьтай байлаа.