Алт хууль бусаар хил давуулах оролдлого ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Алт хууль бусаар хил давуулах оролдлого ихэсчээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжиллээ. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Д.Энхбат нар Ерөнхий сайдад хандан “Алт хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй холбогдуулан асуулга тавьсан байсан тул Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээлэл хийлээ.

“Алт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улс хүнд цаг үеүүдийг алтнаас олох орлогоор “нөхөж” нэгэн үе цамаарсан ч,  одоо үр дүнг нь дүгнэвэл алдсан нь илүү жин дарах аж. Бүр тодорхой хэлбэл, бичил уурхайнууд энд тэндгүй бий болж тэр хэрээр газар нутгийг там болгож хувиргасан байна. Улсын хэмжээнд өнөөдөр 1200 орчим ашиглалтын лиценз олгогдсоноос  466 нь алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл байх аж. Гэвч Монголбанкинд тушаах алтны хэмжээ жил ирэх тусам буурч иржээ. Баримт түшвэл 2005 онд жилдээ Монголбанкинд 15 тонн алт тушаагдаж байсан бол өнгөрсөн жил 2.3 тонн болж буурсан. Энэ бол цаагуураа алтны далд эдийн засаг “цэцэглэн” хөгжсөний нэг илрэл гэж хэлж болох аж. Тагнуулын ерөнхий газрын дэд даргын тайлбараар бол 2006-2010 оны хооронд нийт 309 кг алтыг хууль бусаар хил давуулах гэсэн оролдлого гарч түүнийг нь Тагнуулын байгууллага илрүүлжээ.  Тиймээс хууль эрх зүйн хүрээнд олон асуудлыг шинэчлэн сайжруулах шаардлага байна гэдгийг Тагнуулын еөрнхий газрын дэд дарга хэллээ.

Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн хувьд алтны жижиг оруудын үйл ажиллагааг зогсоож, байгаль орчноо хамгаалах чиглэлээр Засгийн газар ажиллах цаг болсон гэдгийг ч сонсголын үеэр онцлон хэллээ.

“Алт хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй холбогдуулан тавьсан асуулгын хариуг сонссоноор энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлсэн юм

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж