-Дээд шүүх МНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ. Та шүүх хуралд ямар үүрэгтэй оролцов?
-МНН өнгөрсөн наймдугаар сарын 28-нд ээлжит их хурлаараа намын дүрмээ өөрчилж, шинэ удирдлагаа сонгосон. Энэхүү баримт материалаа өнгөрсөн есдүгээр сарын 5-нд Дээд шүүхэд өгөөд байсан юм. Миний хувьд Дээд шүүх намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхэд шаардлагатай материалууд дээр ажиллаж, хууль, эрх зүйн талаас нь зөвлөгөө өгч ажиллалаа. Өмнө нь буюу өнгөрсөн долдугаар сарын 5-нд 8 тоот тогтоол гарч, ээлжит их хурлаа хуралдуулах гэх мэтийн дутуу зүйл байна гээд бүртгэхээс татгалзсан юм билээ. Харин энэ удаад дээрх нөхцөлүүдийг бүгдийг нь хангасан учир хуулийн хүрээнд бүртгэх боломжтой байсан. МНН 2008 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ээлжит их хурлаа хийж байсан. Үүний дараах ээлжит их хурал өнгөрсөн наймдугаар сард болсон нь энэ. Энэ хугацаанд намын дүрэм, удирдлагын өөрчлөлтөө бүртгүүлэх оролдлого хийж байсан ч шаардлагатай бичиг баримт дутуу гэх шалтгаанаар гурван удаа буцаагдаж байсан. Энэ удаагийн ээлжит есдүгээр их хурлаар хэлэлцсэн бүх асуудлыг Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзлээ.
-Тэгэхээр ИЗНН-ын асуудал юу болж таарах нь вэ?
-ИЗНН гэсэн нэртэй нам Улсын бүртгэлд байхгүй. ИЗНН-ын асуудлыг ч Дээд шүүх шаардлагатай бичиг баримтаа бүрдүүл гээд буцаасан гэж дуулсан. Харин тэд дахиж Дээд шүүхэд хандаагүй байгаа. Ер нь аливаа нам, байгууллага улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрх нь нээгддэг. Тэгэхээр ИЗНН-ын дарга хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг.
-МНН УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ямар ч хамаагүй болсон гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож байна. УИХ-ын нэг гишүүн хүчтэй юу, намын 2100 гишүүн хүчтэй юу гэдгийг өнөөдрийн шүүх хурлын шийдвэр харууллаа. Ямар ч гэсэн УИХ-ын гишүүн Д.Энхбат намын дарга биш. Д.Энхбат гишүүний хувьд өнгөрсөн наймдугаар сард болсон ээлжит бус их хуралд саналаа хэлээд, хуралд оролцох эрх нь нээлттэй байсан. Гэтэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өөрийгөө ИЗНН-ын дарга гэж ухуулаад байгаа нь хууль бус үйлдэл юм.
-Та МАХН-ын хуулийн зөвлөх биш үү. МНН-ын асуудалд яагаад оролцох болов?
-МАХН-тай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлээд гэрээ дуусгавар болсон байгаа. Өмгөөлөгч хүн хэнийг ч өмгөөлж болно шүү дээ. Тэр утгаараа МНН-ынхан санал тавьсны дагуу л ажиллалаа. Ер нь сүүлийн үед улс төрчид шүүхийн байгууллага руу дайрч, давшлах болсонд харамсч байна. Хуулийн байгууллага хэн нэгний таалалд нийцүүлж шийдвэр гаргадаггүй биз дээ.