Цэргийн алба хаах амархан шүү дээ

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Цэргийн алба хаах амархан шүү дээ

Эр хүн болгон буу, ший­дэм барьж цэрэг хэмээн цол­луулах одонд төрсөн байдаг. Үүнийг бас эр хүний хийморь ч гэж хэлэх нэгэн буй. Монгол эрчүүдийг “Чонын хийморьтой улс хэмээн” онгироох нь ч байдаг. Тэгэхээр манай эрчүүд хоёр хийморьтой болж таарах нь. Гэтэл гадны орнуудын, бүр тодруулбал хангүг (Со­лонгос) эрчүүд цэргийн хий­мориороо гангарч насанд хүрэв үү, үгүй юү цэрэгт явах гэж дарга даамал, одод, оюутангүй хошуурцгааж бай­гаа сурагтай. Тэднийг бодохоор бахархмаар ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. “Со”-д арми нь хоёр жи­лийн хугацаатай байдаг гэ­сэн. Манайд бол гайгүй шүү, нэг­хэн жил. Энэ юу ч биш, бүр явахгүй ч байсан болно. Уржигдар Өмнөд Солонгосын Хан мөрөн орчмоос дэлхийд нэрээ та­ниулж чадсан дуу­чин, жү­жигчин Райн олон мянган фэнээрээ үдүүлэн тэд ч нулимсаа бөмбөрүүлсээр   цэ­рэгт мордуулжээ, Райныг цэрэгт явсан гэхээр манай монголчууд итгэж ядаж байна шүү. Зарим нэг нь “Үгүй ээ, мөнгө нь дуусчихсан юм байхдаа. Мөнгөөр цэргийн үнэмлэх худалдаж авч болоогүй юм болов уу. Хайран цаг ху­гацаа. Хил дээр нэг төмөр бариад зогсож байхын оронд дуугаа дуулаад кинондоо тоглоод охи­дын нүдийг хужирлаад явж байхгүй” гэж ирээд янз бүрээр шивэр авир хийж байна билээ. Солонгосчуудыг бодохоор үнэхээр ёоёотой юм шиг. Бид тэдний үс, хумс засалт, хувцаслалт гээд хамаг юмыг дуурайх гээд байдаг шүү дээ. Гэтэл тэдэнд манайхаас суралцах зүйл байгаа юм биш үү. Монгол Улсад цэрэг татлага энэ сарын 21-23-нд болно. Бид яахав, нэг их санаа зовж сандарсан юм байхгүй л байна. Яагаад гээч. Мөнгө төлчих юм чинь. Үүнээс солонгосчууд суралцмаар юм. Тэд мэддэггүй байж магадгүй л дээ. Харин тэнд байгаа монголчууд байнга л тэднээс “будаа” идэж байхын оронд өөрийнхөө мэддэг зүйлээс заагаад өгчихмөөр юм. Жишээлбэл, мөнгөөр цэргийн алба хаачихдаг энэ тэрийг. Цэргийн зарлан ирлээ, мөнгөө халааснаасаа гаргалаа, тэгээд л гүйцээ шүү дээ.

Л.БААТАРХҮҮ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж