“Германы Канцлер А.Меркель С.Батболдын урилгаар Монголд айлчиллаа” гэх маягаар…
Тэгвэл огцрох гэдэг том сануулгын өмнө зогсч байгаа тэдний шүүмжлэлд өртөх болсон шалтгаан нь юу вэ. Үүнд А.Меркелийн хувьд Евро бүсийн эдийн засгийг аврах замаар Германы санхүүгийн чадавхийг хамгаалахыг хүссэн оролдлогууд нь багтаж буй. Энэ дундаас олны эсэргүүцэл, бухимдлыг хамгийн их төрүүлж байгаа арга хэмжээ нь Грекийг ивээх санаачилга нь. Тэрбээр тус улсын эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд олон нийт төдийгүй сөрөг хүчнийхний саналыг сөрөн байж хоёр ч удаа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Үүнийгээ Ерөнхий сайдынхаа хувьд “Бүс нутгийн хямралыг аврахын тулд” хэмээн тайлбарласан ч нутаг нэгтнүүд нь “Тусгаар тогтносон Грекийн төлөө бидний татварын мөнгийг үр дүнгүй зарцуулж байна. Бүс нутгийн чадавхийн төлөө бид татвар төлөхгүй” хэмээн эсэргүүцсээр. Энэ бол А.Меркелийн олон нийтэд таашаагдахгүй болсон үндсэн шалтгаан. Тэр ч бүү хэл хамгийн сүүлчийн орон нутгийн сонгуульд гэхэд түүний тэргүүлдэг нам ялагдал хүлээсэн. Мөн 2009 оны сонгуулийн дараа байгуулсан эвслийн Засгийн газар задрах дээрээ тулж, өдгөө сөрөг хүчний улс төр эрчимжих болсон нь даарин дээр давс нэмжээ.
Тэр ч бүү хэл өөрийнх нь байгуулсан танхимынх нь гишүүн болох Хууль зүйн сайд Сабине Леутеуссер Скнарренбергер хүртэл “Евро бүсийг аврах бодлого маш их эргэлзээ дагуулж байна. Ялангуяа залуусын дунд. Түүнээс гадна Чөлөөт ардчилсан намынхан эрх баригчид биш хэрнээ А.Меркелийн намыг дэмжих нь бүр ч зохисгүй” гэх мэдэгдэл хийсэн юм. Түүний байр суурь зөвхөн А.Меркель хийгээд түүний Христийн ардчилсан нам руу бус санал нэгтэй улстөрч, улс төрийн намууд руу чиглэснээр улс төрийн өргөн фронтыг хамарсан эсэргүүцэл цаашид улам бүр эрчимжинэ гэдгийг баталж буй.
Түүнчлэн зөвхөн германчууд ч дотооддоо А.Меркелийн Засгийн газрыг эсэргүүцсэнгүй. Хамгийн сүүлд гэхэд Америкийн санхүүч, тэрбумтан Жорж Сорос “Европын валютын хямралд Герман буруутай” хэмээн мэдэгдсэн байгаа. Тэрбээр үүнийгээ “Европын хямралыг зөвхөн нэг орныг тэтгэх маягаар бус бүс нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого явуулах замаар даван туулна” гэж тайлбарласан. Энэ мэтээр манай улстай газрын ховор элементийн талбарт хамтарч ажиллахаа дэлхий нийтэд зарлаж, нүүрснээс шингэн түлш гаргах арга ухаанаа “импортлох” үүрэг хүлээгээд буцаж байгаа Германы Канцлерыг эх нутагт нь огцрох шаардлага хүлээж байгаа нь энэ. Гэхдээ мэдээж асуудал хаашаа шийдэгдэх нь өнөөдөртөө тодорхой бус ажээ.
Харин өдгөө хатагтай А.Меркелийг гэрээ, хэлцлийн баялаг сангаар үдэж мордуулах Ерөнхий сайд С.Батболдын хувьд бүс нутгийн гэхээс илүүтэй улс орныхоо дотоод асуудалд гэм буруугаа хүлээхэд ойрхон болчихоод байна. Мэдээж энэ асуудлыг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн одоогийнхоосоо илүү эрчимтэй сөхөж тавибал түүнд гарц олж харахад хэцүү болох юм. Зөвхөн Ардын намын даргын талд л боломж бололцоо нээлттэй байдаггүй юм бол шүү дээ. Түүний хувьд буруутгагдаж буй үндэс нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд бүрэн утгаар нь өөрчлөлт оруулаагүй явдал. УИХ-аас Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах үүрэг даалгавар өгч, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хугацаа хамаарахгүйгээр Монголын тал 51 хувийг эзэмших арга замыг ол хэмээн 57 дугаар тогтоол гэгчийг баталсан. Гэвч хамтарсан Засгийн газар хууль тогтоох дээд байгууллагынхаа үүрэг даалгаварыг үл ухамсарлаад зогсохгүй, хөрөнгө оруулагч талтай хамтарч мэдэгдэл гаргасан нь сөрөг хүчний байр суурь илэрхийлж буй 20 гишүүний эгдүү, зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн хэрэг.
Дээр нь А.Меркелийн танхимтай адил С.Батболдын Засгийн газрын сайдууд ч ёс суртахууны хувьд сөрөг байр суурьтай гишүүдийн санаанд нийцэхээ байгаад удаж буй. Гэхдээ Германы Батлан хамгаалахын сайд нь докторын ажлаа өөрөө бичээгүй гэдгээ хүлээн зөвшөөрснөөр огцорсонтой адил шалтгаан хамтарсан Засгийн газрын сайдуудад байхгүй гэдэг нь ойлгомжтой. Зөвхөн ааш зангийн хувьд өөрчлөгдсөн, их зантай болсон, ажлаа буруу хийдэг гэх мэт үндэслэлийг УИХ-ын гишүүд сөхөж тавьсаар удсан. Өнөөдөр гэхэд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг УИХ-ын гишүүдийн асуулгад хэзээ хариулт өгөх вэ гэдэг нь тодорхойгүй л байгаа. Энэ нь бас л С.Батболдыг буруутгах шалтгаан. “Сайдуудаа захирч чаддаггүй” гээд л…
Мөн 2012 оны төсвийн төслийн хэлэлцүүлгээс харахад л ирэх оны төсвийн алдагдлыг 230 тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирсэн нь Ч.Улаан гишүүн зэрэг намынх нь нөхдийг “Эдийн засаг бол улс төрийн бодлогын алдаа болох ёсгүй” гэх мэт шүүмжлэл өрнүүлэхэд хүргээд байгаа. Үүн дээр нэмэгдээд “Урагш нь хөдөлгөж чадлаа” гэж зарласан Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил зогсчихсон. Зогсох, зогсохдоо олон улсыг дамнасан гомдол, тунирхал төрүүлсээр удаж буй. Үүн дээр дөрөөлсөн улс төр өдрөөс өдөрт эрчимжиж, наад зах нь тун удахгүй төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзандан гэхэд л гудамжинд жагсдаг зуршлаа сэргээхээр шийдсэнээ зарлаад байна.
Энэ бол Герман, Монгол хоёр улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнүүдийг ээрч буй адилхан бэрхшээл. Тэдний хувь улстөрчийнх нь карьер хаа хүрээд өндөрлөхийг мэдэхгүй ч Ерөнхий сайдын албыг нэгэн цагт хашиж байгаагийнх нь хувьд зүйрлэж бичихэд ийм ажээ.
"Улс төрийн тойм" сонин