-Энэ парламентын сүүлчийн намрын чуулган үйл ажиллагаагаа эхлээд байна. Сонгуулийн тухай хууль, Авлигатай тэмцэх газрын даргыг томилох зэрэг яаралтай хэлэлцэх асуудал олон бий. Гэвч УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд болон хэлэлцэх асуудлын жагсаалтаас харахад амжих эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар сонгогчид нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Та гишүүний хувьд энэ удаагийн УИХ-ын зохион байгуулалт, үүрэг хариуцлагад ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудал олон байгаа нь үнэн. Гэхдээ энэ удаагийн намрын чуулганаар УИХ нэлээд үр дүнтэй ажиллаж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаар шийдвэр гаргаж амжина гэж би бодож байна. Тухайлбал, энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг хэлэлцэж батлах нь тодорхой. Энэ бол цаг хугацаа шаардсан том ажил. Мөн Сонгуулийн тухай хуулийн ерөнхий чиг гарчихлаа. Энэ сардаа багтаад Сонгуулийн хуулийг баталчих болов уу гэж бодож байна. Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг баталлаа. Зээлийн мэдээллийн сангийн тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиудыг удахгүй батална.
Газрын тухай багц хууль, Шүүхийн тухай багц хууль гээд олон том асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
-Сонгуулийн хуулийн тогтолцооны хувьд нэлээд санал шүүмжлэл гарч, хэд хэдэн хувилбарыг дэвшүүлсэн. УИХ дахь хоёр намын бүлэг зөвшилцөх гэж нэг бус удаа дараа оролдлоо. Гэвч энэ хуулийг батлагчид эргээд өөрсдөө өрсөлдөх учраас одоогийн алдаа дутагдлыг арилгана гэдэгт итгэхэд бэрх. Тухайлбал танай намын бүлгээс дэвшүүлсэн 48:28 хувилбарыг та хуульчийн зүгээс хэрхэн тайлбарлах вэ?
-Хууль батлагчид бид сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх нь үнэн. Тийм ч учраас бид хуулийн алдаа дутагдлыг засах, хэрүүл маргаангүй сонгууль хийх хамгийн сонирхолтой хүмүүс биз дээ. 48:28 гэсэн хувилбар нь нэг талаас улс төрийн намуудын төлөвшилд сайнаар нөлөөлсөн, нөгөө талаас сонгогчдын төлөөллийг хангасан, сонгуулийн дүнг зөв гаргаж, шуурхай зарлахад дөхөм болох хувилбар гэж бодож байна. Сонгуулийн тогтолцооноос гадна уг хуульд олон чухал, дэвшилттэй заалт орсныг сурталчлах хэрэгтэй байна. Сонгуулийг төрийн албан хаагчдын хүчээр зохион байгуулж, төрийн эрх барих дээд байгууллагыг эмхлэн байгуулах ажлыг улс төрийн намуудын төлөөлөл биш, төрийн төлөөлөгчид хариуцах нь том дэвшил болно. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд саналаа өгөх бололцоог нээх, тооллогыг машинаар болон гараар хийж давхар нягтлах, нэрсийн жагсаалтыг цэгцлэх гээд олон асуудал энэ хуульд тусгалаа олсон байгаа.
-Парламентыг гаднаас нь харахад улстөрчид улс төрийн эрх ашигтаа нийцүүлэхийг урьтал болгоод байгаа нь илт байна. Энэ хувилбар сонгогчдын эрх ашигт хэр нийцэх бол?
-Би саяхан тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, энэ талаар санал бодлыг нь сонссон. Сонгогчид надад “Мөнх-Оргил оо, одоогийн 76 гишүүнийг 99 болгоно гэсэн асуудал байхгүй шүү” гэдгийг юуны өмнө захисан. Миний хувийн бодол ч үүнтэй нийцэж байгаа. Тиймээс 99 гишүүнтэй болох саналыг дэмжээгүй. Гарын үсгээ зураагүй. Мөн олон сонгогч “Одоогийн 76 гишүүнээ будлиангүй сонгодог баймаар байна. Гэхдээ сонгогчдоор намыг сонгуулаад, нам нь хүнээ сонгоно гэвэл ярихгүй шүү. Биднийг төлөөлж чадах, итгэсэн хүнээ сонгохыг өөрсдөө харж, бодож сонголтоо хийхийг хүсч байна. Харин цөөн хэсгийг нь намын жагсаалтаар сонгож болох юм” гэж ярьж байгаа. Манай орны онцлог байдал, улс төрийн түүх, соёлыг бодсон ч, иргэд сонгогчидтойгоо амьд хэлхээ холбоотой байхаа бодсон ч энэ нь зөв л дөө.
-Засгийн газраас Төсвийн хуулийн төслийг УИХ-д өргөн барихдаа Тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт хийх зарим асуудлыг хамтад нь хэлэлцүүлэхээр оруулж ирсэн байна билээ. Та Тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсоны хувьд чухам ямар өөрчлөлт хийх талаар товч тайлбарлана уу?
-Тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг амжвал энэ намрын чуулганаар, амжихгүй бол ирэх хаврын чуулганаар хэлэлцэн батлах байх. Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу, Д.Очирбат бид дөрөв хуулийн төслийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Удахгүй УИХ-ын даргад өргөн барина. Мөн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл ч байна. Ингээд Засгийн газраас, мөн гишүүдээс өргөн барьсан хуулиудыг нэгтгэж, асуудлыг олон талаас нэлээд нухацтай судалж, зөв шийдэл олно гэж бодож байна. Энд хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын тогтолцоонд зарчмын, зоригтой өөрчлөлт хийж, цаашдаа бие даагаад эрүүл саруул явах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ янзаараа удаан явахгүй, иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг ч дорвитой шийдэхгүй. Нийгэм, эдийн засгийн хөгжилд ч тус нэмэр болохгүй гэдэг нь ойлгомжтой. Юуны өмнө хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжмээр байна. УИХ-ын 1999 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс тэтгэврийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл” баримт бичигт 2005 оноос эхлээд хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих, яваандаа бүтэн хуримтлалын тогтолцоонд шилжихээр тусгасан боловч одоо болтол ямар ч ажил хийгээгүй байна.
Хоёрдугаарт, Засгийн газраас санал болгож байгаа суурь тэтгэврийн асуудлыг судалж нэг тийш нь болгомоор байна. Гуравдугаарт, 1995 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг багасгах ажлыг энэ төсвөөс эхлээд зоригтой хийгээд цаашид жил болгон итгэлцүүрийг хөдөлгөх замаар энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, цалин, тэтгэвэр нэмдэг одоогийн энэ аргыг өөрчилж, улс төр болон улс төрчдөөс ангид, бодит эдийн засгийн тоон үзүүлэлтэд суурилж шийддэг тогтолцоонд шилжих саналтай байна. Төсөв алдагдалгүй, эдийн засаг өсөлттэй байгаа энэ түүхэн боломжийг ашиглаж эдгээр алхмыг цаг алдалгүй хийх нь чухал. Энэ таатай байдал хэдэн жил үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжлээд, 2013 оноос хойш Хятадын эдийн засгийн өсөлт буурааад эхэлбэл бид бас хүнд байдалд орохыг үгүйсгэхгүй биз дээ.
-Тэтгэврийн нэрийн дансанд ер нь мөнгө ордог юм болов уу. Зөвхөн шинэ ажлын нэр төдий яваад байна уу гэдэг эргэлзээтэй. Үүнд ямар өөрчлөлт орох вэ?
-Нэрийн данс гэхээр хүмүүсийн дансан дээр бодит мөнгө байгаа юм шиг сонсогдоод, зарим хүн ч тэгж бодоод байгаа юм. Гэтэл энэ бол дансан дээр бичилт хийгээд л явж байгаа болохоос бодит мөнгө биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, эв санааны буюу хуваарилалтын тогтолцооны нэг хэлбэр, хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих шилжилтийн үеийн арга хэмжээ гэж ойлгож болно. Жишээ нь, та бид хоёрын нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийн мөнгөөр бидний аав ээж, бусад ахмадуудын тэтгэврийг өгдөг. Бидний дараах үеийн залуусын төлөх шимтгэлээс бидний тэтгэврийг өгнө. Тэгээд бид нарын дансан дээр бичилт хийгдэнэ. Уг нь 2005 оноос эхлээд шимтгэлийн зарим хэсгийг нь ахмадуудын тэтгэвэрт өгөөд, заримыг нь тухайн хүний дансан дээр бэлэн мөнгө болгоод хуримтлал үүсгэх ёстой байсан боловч хууль батлагдаагүй, эх үүсвэр байхгүй гээд энэ ажлыг хийгээгүй. “Шаварт суусан шарын эзэн” гэгчээр одоо энэ тухай Т.Ганди сайд, Нийгмийн даатгалын сангийнхнаас өөр ярьж байгаа хүн ч алга.
Гэтэл байдал улам л амаргүй болоод байна. 1960 оноос хойш төрсөн иргэд 2015 оноос эхлээд тэтгэвэрт гарахад тэд төлсөн шимтгэлээрээ тэтгэвэр тогтоолговол манайхны тооцоогоор 20-30 хувь, Дэлхийн банкныхны тооцоогоор бүр 50 хүртэл хувь бага тэтгэвэртэй байхаар болж байна. Шимтгэлийн хэмжээ бага, цалин, тэтгэврийн хэмжээ нь бага, гурван жилийн дундаж цалингийн өсөлтөөр хүү тооцож нэмээд байгаа ч өсөлт ерөнхийдөө л бага байгаа зэрэг олон шалтгаан энд бий. Ийм зөрүү гарсан тохиолдолд тухайн үед хууль баталж асуудлыг шийднэ гэж Үндсэн чиглэлд заасан. Мэдээж төр иргэнээ хохироохгүйн тулд төсвөөс нөхөж өгөх л байх. Гэхдээ эцэстээ төр л ачаа үүрч алдагдал хүлээх байх. Ийм алдагдал хүлээх үед бол асуудал байхгүй. Төсөвт тусгаад л явна. Бололцоогүй болоод, төсөв хүндрээд ирвэл яах вэ гэдгийг бодож тогтолцоогоо цэгцэлмээр байна. 1999 онд баталсан Үндсэн чиглэлээ хэрэгжүүлж эхэлмээр байна.
-Хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжихэд тэгээд энэ олон асуудлууд шийдэгдэх үү?
-Зөв тооцоо судалгаан дээр суурилж, улс төрийн зоримог шийдвэр гаргавал олон асуудлыг шийднэ гэж бодож байна. Дэлхийд хуваарилалтын ч, хуримтлалын ч аль аль тогтолцоо нь байна. Гэхдээ манайх шиг хүн ам цөөтэй, нийгмийн хамгааллын салбарт төрийн оролцоо ихтэй ийм газар хуримтлалын тогтолцоо нь илүү зохимжтой болов уу. Хэнд, юуны төлөө хэдэн төгрөг төлөөд, хэд үлдээд, яаж нэмэгдэж хасагдаж байгаагаа мэдэхгүй, мөнгө хуримтлагдахгүй байгаа болохоор хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байна. Хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийн ердөө 54 хувь л тэтгэврийн даатгалт хамрагдаж байна. Энэ тоо цаашдаа ч буурах байх.
Бодит мөнгө дансанд хуримтлаглаад, төрийн хуулиар хамгаалагдаж, найдвартай өсөх нь ойлгомжтой. Дээр нь энэ хуримтлалын тодорхой хэсгийг эрүүл мэнд, орон сууцанд ашиглах, үр хүүхдүүд, хань ижилдээ өвлүүлэх боломж нээгдвэл хүмүүс сайн дураараа тэтгэврийн даатгалд хамрагдах нь илүү болно гэдгийг бусад орны жишээ харуулж байна.
Мэдээж эхний ээлжинд ихээхэн хэмжээний хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй болно л доо. Улс орнууд энэ үед тусгай шилжилтийн үеийн өрийн бичиг гаргаж санхүүжилт хийдэг юм байна. Гэхдээ энэ мөнгө нь тэтгэврийн сангаараа дамжаад буцаад эдийн засгийн эргэлтэнд ороод явдаг, санхүүгийн тогтолцооны гол ноён нуруу, урт хугацааны санхүүгийн эх үүсвэр болж тэнцвэржүүлэгчийн чухал үүрэг гүйцэтгэх ёстой юм байна. Энэ их хөрөнгийг ариг гамтай ашиглаж, найдвартай байршуулах нь юу, юунаас чухал учраас энэ бүгдийг хуульд нарийвчлан тусгана.
-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд иргэдтэй уулзалт хийх үеэр тэтгэврийн зөрүүг арилгах талаар байнга асуудаг. Тэтгэврийн хэмжээг тэгшитгэж болохгүй нь ойлгомжтой. Харин зөрүүг яаж ойртуулж болох вэ?
-Ер нь 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан, эсвэл 1995 оноос өмнөх цалингаараа тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тоо 380 мянга гаруй хүн байснаас одоо 95 мянга гаруй хүн байна гэсэн тоог Нийгмийн даатгалын сангаас гаргаж өгч байна. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг төр хариуцах ёстой учраас ийм хэмжээний тэтгэврийн зөрүүг арилгах нь бас л төрийн үүрэг болж байгаа юм.
Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй. Тэтгэврийн зөрүү гэхээр зарим нь “Бүгд ижил тэтгэвэр авах нь” гэж ойлгож эсэргүүцээд, эсвэл дэмжээд байдаг юм. Өөр өөр ажил, цалинтай байж, өөр хугацаанд шимтгэл төлсөн бол мэдээж тэтгэвэрийн хэмжээ нь ондоо л байна. Харин яг адилхан ажлыг ижил хугацаанд хийгээд өөр, өөр цаг үед тэтгэвэрт гарснаас болоод зөрүү гараад байгааг засах гээд байгаа юм шүү дээ.
Бид итгэлцүүрийг хөдөлгөе, жил бүр тусгай томъёогоор Үндэсний статистикийн газрын гаргаж өгсөн үнийн өсөлт, эдийн засгийн өсөлт гэх зэрэг тоон үзүүлэлтийг үндэслэж тооцож гаргадаг болгоё гэсэн санал тавьж байгаа. 1997 оноос энэ итгэлцүүр таван удаа хөдөлсөн боловч 2007 оноос хойш огт хөдлөөгүй байна.
-Энэ зөрүүг багасгахад Засгийн газраас санал болгоод байгаа суурь даатгалд нөлөөлөх үү?
-Засгийн газар тэтгэврийн гурван давхаргат тогтолцоог санал болгоод байгаа юм. Одоо тэтгэвэр авч байгаа иргэн бүрт нийгмийн суурь тэтгэвэр гээд 60 – 80 мянган төгрөгийг олгоод, дээр нь шимтгэлээ төлөөд авч байгаа нийгмийн даатгалаас олгож буй мөнгийг хоёр дахь шатлалын тэтгэвэр болгож олгох юм. Үүнээс салбарын, эсвэл тухайн аж ахуйн нэгжийн нэмэлт даатгал, иргэдийн хувийн даатгалаар гурав дахь шатлалын тэтгэврийг олгох юм. Үүнийг холбогдох байгууллагууд дэмжиж байгаа. Гэхдээ бид Засгийн газарт анх даалгавар өгөхдөө Монгол Улсын тэтгэврийн насны бүх иргэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг нь харгалзахгүйгээр суурь даатгал болгон тус бүр 60-80 мянган төгрөг олгоё. Үүн дээр шимтгэлээ төлсөн байдлаар нь ногдох тэтгэврийг нэмж өгье гэсэн юм. Энэ нь шударга зарчимд нийцнэ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг төрөөс өндөр насны тэтгэвэрт хамруулж байгаа. Гэхдээ энэ асуудлыг нягталж, маш нарийвчилсан судалгаа хийж шийдвэрлэх нь ойлгомжтой.
-Тун таатай, иргэдийн эрх ашигт нийцсэн санал байна. Гэхдээ та энэ талаар эдийн засагчидтай санал солилцож үзсэн үү. Хэр боломжтой бол?
-Санал солилцож байгаа. Дэлхийн банкнаас шинжээчид урьж, тооцоо судалгаа хийж эхэлсэн. Ер нь олон давуу талтай. Одоогийн байдлаар төрөөс иргэдэд олон төрлийн халамжийн мөнгө олгож байгаа. Тиймээс 60-аас дээш насныхны хувьд энэхүү суурь тэтгэврээр нь олгох ёстой халамжийн мөнгийг хаачихаж болно. Тодруулбал 60-аас доош насныхан халамжийн мөнгөө аваад, 60-аас дээш насныхан халамжийн мөнгөнийхөө оронд суурь тэтгэврээ аваад явбал иргэдийн амьжиргааг дэмжих үр дүнтэй арга хэмжээ болно.
-Энэ их ажлыг хийж, шилжилтийг давахад багагүй хугацаа шаардлагатай. Шилжих хооронд иргэдийг хохироох асуудал гарвал яах вэ?
-Мэдээж тодорхой хугацаа шаардлагатай. Гэхдээ эхнээс нь ойлгомжтой, эмх цэгцтэй зохион байгуулж, богино хугацаанд шилжвэл дээрх бүх маргаантай асуудал иргэдэд ашигтайгаар шийдэгдэж, зөв гольдролд орно. Мөн иргэдэд тулгамдаад байгаа асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл хүргэж, нийгмийн даатгалын сангуудын үйл ажиллагааг ил тод болгох гарцаагүй шаардлагатай байна. Жишээ нь, тэтгэвэрийн насыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй аажмаар 60 хүргэх хэрэгтэй гэдгийг иргэдэд тооцоо, судалгаатай тайлбарлавал манай иргэд ойлгоод хүлээж авна. Тэгэхгүй нэг өдөр л хууль батлаад радио, телевизээр сурталчлаад эхэлбэл хүмүүс таагүй хүлээж авах байх даа.
-Арай иргэн бүрт олгох эх орны хишгээсээ суутгах гэж байгаа юм биш биз?
-Үгүй. Хүний хөгжил сангийн амлалт бол тусдаа. Одоогийн парламентын гишүүдийн сонгогдохдоо амласан асуудал. Түүгээрээ л дуусна. Дээр миний хэлсэн зүйлүүд хууль болон батлагдсанаар олон жилийн турш иргэдийн эрх ашгийг хамгаална.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
"Улс төрийн тойм" сонин