АТГ-ын дарга нарыг шүүх хурлын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарыг шүүх хурлын тов гарчээ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2-2.4 жилийн хорих ял сонссон АТГ-ын дарга Ч.Сангарагчаад,  дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн хяналтын  шатны шүүх хурал ирэх лхагва гаригт 9.30 цагт Дээд шүүхэд болно. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд болсон бол давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 24-нд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.

АТГ-ын дарга нарыг Эрүүгийн хуулийн 87.1, 133.1, 111.2, 263.2, 273.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн хорих ял оноож, хорих ангиудад хуваарилаад хагас жил болох гэж байна. Одоогоор АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн хорих ангид  хоригдож, хорих ангийн ажилтны үүрэг гүйцэтгэж байгаа бол дэд дарга  Д.Сундуйсүрэн мөн Зайсан дахь хорих ангид ял эдэлж байгаа юм. Харин гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас Тахир соёотод ял эдэлж байгаа билээ. Энэ удаагийн шүүх хуралд яллагдагчдын өмгөөлөгчид болох Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, Ж.Эрдэнэбулган, Г.Золжаргал, С.Цэдэндамбаа нар оролцоно.

Тэд  хяналтын шатанд нэмж баримт материал гаргахгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхэд хууль зөв хэрэглэсэн эсэхийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэх юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж