Ерөнхийлөгчийн багцад 999.2 сая төгрөг төсөвлөжээ. Тэрбээр өөрийн нэрэмжит номын сан байгуулахад 100 саяыг, Төрийн ёслолын хүндэтгэлийн өргөөний засварт 500 сая, тоног төхөөрөмж авахад 399.2 сая төгрөгийг тус, тус зарцуулахаар болсон юм. Гэхдээ энэ онд 649.8 тэрбум төгрөгийг захиран зарцуулах ёстой аж. Төсвийн тодотголоор энэ онд 999.2 сая төгрөгөө бүгдийг нь зарцуулахаар тусгажээ.
Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өөрийнхөө багцад 740 сая төгрөгтэй байгаа. Үүнийгээ хоёр замаар л захиран зарцуулахаар тусгасан байх юм. Их засварт 100 сая, тоног төхөөрөмжинд 640 сая төгрөгийг зарцуулах аж. Гэтэл төсвийн тодотголоор түүний зардлыг танаж 690 сая төгрөг болгов. Тодотголд тусгаснаар УИХ-ын үйл ажиллагааны зардалд 50 сая төгрөг зарцуулах юм. Харин тоног төхөөрөмжинд зарцуулах мөнгө нь 540 сая төгрөг болон буурчээ.
Ерөнхий сайд С.Батболдын тухайд энэ онд 31 сая төгрөгийг захиран зарцуулахаар болсон. Засгийн газрын харьяа байгууллага болох Тагнуулын ерөнхий газар 2.7 сая төгрөг зарцуулах бөгөөд тус газрын тусгай архивыг “Цахим архив” болгох төсөлд зориулж 143 сая төгрөг зарцуулах юм. Төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Ерөнхий сайд С.Батболд 44.215.1 сая төгрөг зарцуулах нь. Харин Тагнуулын ерөнхий газарт найман сая төгрөгийг төсөвлөхөөр тодотголд оруулжээ. Мөн Төрийн тусгай хамгаалалтад байдаг албан тушаалтны гадаад оронд хийх айлчлалын зардалд 115.4 сая төгрөг, дотоод томилолтод 9.7 сая төгрөгийг тодотголоор тусгасан байна.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ онд 21 сая төгрөгийг захиран зарцуулах эрхтэй юм. Харин тэрбээр энэ мөнгөө Сэлэнгэ, Сүхбаатар, Алтанбулагт үерийн хамгаалалтын далан, суваг барихад 3.399 сая төгрөг, иргэний цахим үнэмлэх хэвлэх тусгай зориулалтын техник авахад 4.945 сая төгрөгийг тус тус зарцуулах аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн төсвийн багцад энэ онд 59.713 сая төгрөг тусгасан юм. Төсвийн тодотголын төслөөр 64.459 сая төгрөг болгон нэмжээ. Тэрбээр багцын мөнгөөсөө тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид 317 мянган төгрөг, Баянгол дүүрэгт шуурхай удирдлагын системийн хяналтын камер суурилуулахад 870 мянган төгрөг, тоног төхөөрөмжинд 1.3 сая төгрөг зарцуулахаар тусгасан аж. Мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 22 дугаар зүйлд Цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулна гэж заасны дагуу сонгогчдын нийгмийн даатгалыг тус сургуулиас төлөх болсонтой холбогдуулан сонгогчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 22.4 сая төгрөгийг төсвийн тодотголд оруулжээ.
Сангийн сайд С.Баярцогт өөрийнхөө багцад 29.936 сая төгрөг төсөвлөжээ. Харин төсвийн тодотголоор 36.576 сая төгрөг болгосон байна. Тодотгосон төсвөө Сангийн сайд зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад 10 сая төгрөг зарцуулах нь. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, зөвлөх үйлчилгээний зардалд 3.3 сая төгрөг төсөвлөснөөс энэ онд 1.5 саяыг нь хэрэглэхээр болжээ.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай 135.113 сая төгрөгийг батлуулснаас төсвийн тодотголоор 111.960 сая төгрөг болгожээ. Тэрбээр энэхүү мөнгөнөөс 15.070 сая төгрөгийг “Монгол мал” үндэсний хөтөлбөрт зарцуулах аж. Мөн инженерийн хийцтэй худаг, уст цэг шинээр гаргах, хайгуул хийхэд 26.584 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин яамдуудаас төсвийн тодотголд хамгийн их мөнгө төсөвлөсөн нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Төсөвт хамгийн бага мөнгө төсөвлөсөн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам юм. Энэ онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди 9.981 сая төгрөг захиран зарцуулах юм байна.
"Улс төрийн тойм" сонин