улсад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр 15 цаг 20 минутад нутаг буцлаа. Тэрбээр уржигдар орой
22.30 цагт манай улсад хөл тавьсан. Харин
айлчлалын албан ёсны арга хэмжээ өчигдөр есөн цагт эхэлсэн юм.
Нэг ёсондоо Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар манай улсад хийсэн айлчлалын албан ёсны арга хэмжээ
нь богино хугацаанд үргэлжилсэн гэж болно.
Олон улсын ажиглагчид “Германы
тал Монгол Улстай ашигт малтмалын салбарт хамтарч ажиллах, тэр дундаа газрын ховор
елементийг ашиглах тал дээр яриа хэлэлцээр
түлхүү өрнүүлэх нь” хэмээн таамаглаж
байв. Бас “Герман улсын Канцлер Ангела Меркель Монголд айлчлахаасаа өмнө ОХУ-д хийх айлчлалаа
цуцалсан. Энэ нь Герман улс Монголын ашигт малтмал, газрын ховор элементэд ихээхэн
анхаарлаа хандуулж байгааг илэрхийлж байна” гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байв. Тэдний энэхүү таамаглал ч
биеллээ олсон гэж хэлж болно. Учир нь айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын төдийгүй хатагтай Ангела Меркелийн хэлсэн үгэнд “Ашигт малтмал, уул уурхайн салбарт хамтран ажиллана”
гэсэн үг хамгийн их давтагдаж байлаа. Ерөнхий сайд “Герман улсын Засгийн газрын тэргүүн манай улсад анх удаа айлчилж буй нь түүхэн үйл явдал боллоо.
Герман бол манай улсын Европ дахь гол түнш. Тиймээс тус улстай
харилцаа холбоогоо өргөжүүлэх нь манай гадаад
бодлогын тэргүүлэх зорилтын нэг юм. Бид Монгол,
Германы харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцсандаа
баяртай байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах,
уул уурхай, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн Германы дэвшилтэт технологийг уул уурхайн салбарт
ашиглах, хамтран боловсруулах талаар тодорхой
санал солилцлоо. Бид түүхий эдийг шууд экспортлох бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо боловсруулах зорилт тавьж байгаа. Яг
энэ агуулгын дагуу ашигт малтмал, аж үйлдвэр, эрчим хүч, технологийн салбарт хамтран ажиллах Засгийн газар
хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан” гэж уулзалтын
дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ онцоллоо. Түүний хэлсэнчлэн хоёр тал уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах
гэрээнд голчлон гарын үсэг зурсан юм. Тодруулбал,
ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн
салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын
талаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт,
Германы талаас Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Петер Шаллер нар гарын үсэг зурсан. Мөн уурхайн гэрээт олборлогчдын тухай гэрээнд “Эрдэнэс
Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш,
“ББМ Оперта” группийн ерөнхийлөгч Вольфган Петерс
нар, хамтран ажиллах тухай компани хоорондын ерөнхий гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, “Сийменс” компанийн Эрчим
хүчний үйлдвэрлэл хариуцсан
гүйцэтгэх захирал Маркус Таке нар гарын үсэг зурав. Германы хамгийн том инженерингийн компани
болох “Сийменс”-ийн хувьд манай улсаас газрын ховор элемент худалдан авах сонирхолтой
компаниудын нэг юм. Түүнчлэн албан ёсны
хэлэлцээрийн үеэр Монгол Улсад өрнөж буй ардчилал, зах
зээлийн тогтолцоог улам гүнзгийрүүлэх, энэ тал дээр Германы туршлагыг хуваалцах, сонгуулийн
тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, боловсрол, нийгэм, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар яриа өрнүүлсэн аж. Ерөнхий сайд “Бүхэлд нь хэлбэл энэ
удаагийн түүхэн айлчлал нь хоёр орны хамтын
ажиллагаанд маш чухал түлхэц өгсөн, хамтын ажиллагааны
асуудлуудыг хэлэлцсэн маш чухал айлчлал боллоо гэж үзэж байна” хэмээн ярианыхаа төгсгөлд онцлов. Харин хатагтай Ангела Меркель “Монгол, Герман
улс алс хол оршдог ч маш дотно харилцаатай байдаг.
Монгол Улсын сүүлийн 20 жилд туулж өнгөрүүлсэн ардчилал, зах зээлийг хөгжүүлэх замналыг
бид анхааралтай харж, хүндэтгэлтэй хандаж
ирсэн. Би “Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их
боломж, бололцоо байгаа” гэж дүгнэж байна. Цаашдаа
уг харилцаагаа хэрхэн өргөжүүлэх талаар ярилцсан
нь ихээхэн боломж байгааг харуулж байна.
Ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Харин одоо бодит ажил хэрэг болгох үлдлээ. Миний бие манай улсыг монголчууд “Урт хугацааны
тогтвортой, шударга түнш” хэмээн үздэг гэж ойлгож
байна. Мэргэжилтнүүдийг сургах
тал дээр хамтарч ажиллах болно. Монгол Улсыг
Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Европын
аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр элсэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж ярьсан
юм. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нарын дунд ийнхүү уул уурхайн салбарт хамтарч ажиллах тухай яриа өрнөжээ. Тэд айлчлалын
үеэр ярилцсан асуудлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Германы Засгийн газар хоорондын
ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж шийдсэнээ
ч хэлсэн юм. Ажлын хэсэг ашигт малтмалын
хайгуул, судалгаа, шинжилгээ, олборлолтод хэрхэн хамтарч ажиллах талаар голчлон
хэлэлцэх нь. Түүнчлэн судалгаа шинжилгээний
байгууллага байгуулах талаар ч өчигдөр ярилцсан аж. Дашрамд дурьдахад, манай хоёр орны
хувьд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлсэн түүх байхгүй. Тиймээс айлчлалын үеэр ярилцсан эдгээр асуудлууд ашигт, малтмалын салбарт
хэрхэн ажил хэрэг болохыг харах үлдлээ. Хатагтай Ангела Меркель “Зэс, ховор металлын салбарт
хэрэгжүүлэх ажлаа аль болох хурдан
эхлэх үүргийг хүлээж авлаа” гэж
хэлснээс нь үзвэл энэ цаг нэг их удахгүй бололтой.
ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель
өчигдөр Ерөнхий сайдтай яриа хэлэлцээр хийснээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга
Д.Дэмбэрэл нарт бараалхаж, Афганистан дахь Германы цэргийн удирдлагад алба хаасан
Монголын энхийг сахиулагчдын төлөөлөлтэй уулзсан
юм. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн нь айлчлалын хамгийн сонирхолтой хэсгийн
нэг байсан гэж хэлж болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өмнө нь Казахстаны
Ерөнхийлөгч Н.Назарбаев,
ОХУ-ын Ерөнхийлөгч асан В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан
Кофи Аннан, БНХАУ-ын Ху Жинтао, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш нар үг хэлж байсан. Энэ үеэр улс онуудын Төрийн тэргүүнүүд өөрийн орны ашиг сонирхлыг илэрхийлж байсан гэхэд болно.
Тэгвэл өчигдөр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель чуулганы танхимд
үг хэлэхдээ “Хоёр орны хооронд харилцан уулзалт, яриа
хэлэлцээр өрнөсөөр ирсэн. Зүүн Европын хуучин социалист орнуудыг хамарсан ардчилсан
хувьсгал 1980-1990 онд өрнөсөн. Тэр үед монголчууд
ч гэсэн ардчилсан эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байлаа.
Ижил төстэй түүхэн өөрчлөлтийн гэрч болсон
нь биднийг ойртуулсан. Бидний үүрэг ард иргэдийг
чинээлэг амьдруулах, тэдэнд улсын нөөц баялгаас хүртэх боломжийг нь нээж өгөхөд оршино. Намрын чуулганаараа сонгуулийн эрхийн шинэчлэлийг
хэлэлцэж байгаа нь УИХ-д олон түмний төлөөллийг сонгох
үйл явцыг боловсронгуй болгоход чухал алхам болох болов
уу. Танай орны байгалийн баялаг улс орноо хөгжүүлэх, ард түмнээ чинээлэг амьдруулах боломжийг агуулж байна.
Үүний сацуу уул уурхайгаас олох орлогыг ард түмэнд хүртээмжтэй хуваарилах
үүргийг Засгийн газар, парламент хүлээж байна. Эдийн засгийн үр ашгийг урт хугацаанд хүртээхийн тулд хойч үеэ бодолгүй орхиж болохгүй. Тиймээс дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй.
Харин үүнийг Герман улс дэмжихэд бэлэн байна. Намайг дагалдан
ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын дэд бүтцийг хөгжүүлэх, үр өгөөжтэй шийдвэр
гаргахад тань өөрсдийн хувь нэмрийг оруулж
чадах аж ахуйн нэгжийн төлөөлөл орсон” гэж
онцоллоо.
Г.ОТГОНЖАРГАЛ