Нийгмийн хариуцлага жижиг үйлээс эхэлдэг

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Нийгмийн хариуцлага жижиг үйлээс эхэлдэг

Манай улсын эдийн засгийн өндөр ашигтай, стратегийн ач холбогдолтой ордуудын хувьд хамгийн том хөрөнгө оруулагчдын анхдагч нь болох Оюутолгой төслийнхөн нийгмийн хариуцлага, орон нутгийнханд үзүүлэх үр нөлөөгөөрөө жишиг болдог. Үүний нэг жишээ нь төслийн хөрөнгө оруулагчид хийгээд “Оюутолгой” ХХК-ийн хамт олон НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхагийг нийтэд сурталчлан, зүйл, заалтынх нь дагуу үйл ажиллагаагаа явуулж байдгаараа онцлогтой. Хүний эрхийн түгээмэл тунхгийн 25 дугаар зүйлийн нэгдүгээрт “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай зүйл­сийг оролцуулаад, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсвэл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй” хэмээн заасан байдаг. Энэхүү зүйлийн хоёрдугаарт, “Эх нялхас онцгой асрамж авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс болон бутач хүүхэд ялгаагүй нийгмээр ижил тэгш хамгаалуулна” гэжээ.

“Оюутолгой” ХХК-ийн ажилт­нууддаа болон орон нутгийн иргэдэд зориулан хийж буй ажлуудаас харахад дээрх зүйл, заалтыг ягштал биелүүлж буй нь харагддаг. Энд нэг жишээг  дурь­дахад гэрээ байгуулахаас өмнө буюу 2009 оны хоёрдугаар сард тус компанийн нөлөөллийн сумдын нэг болох Ханбогдод Оюутолгой төслийн санхүүжилтээр шүдний эмнэлэг байгуулжээ. Одоогоор энэхүү шүдний эмчилгээний тасгаар Ханбогд сумын таван иргэний  тутмын дөрөв нь үйлчлүүлдэг аж. 

Шүдний эмчилгээний тасгийн эмч Ц.Дарам тус тасагт ажиллахаар хоёр жилийн өмнө Улаанбаатараас нүүж очсон гэнэ.  Сумандаа л хамгийн анхны, бүрэн тоноглогдсон шүдний эмнэлэгт ажиллаж байгаадаа баяртай байдаг. Сониноос “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч Камерон МакРей миний ажлыг үнэлж, баяр хүргэсэн. Бас надаар бахархаж байна гэсэн”  хэмээн тэрбээр ярьсан юм. Мөн Оюутолгойд ирсний хэрэг зориг, утга учир болохоор зорьж ирж эмчлүүлсэн хүн бүрийг нямбайлан бүртгэж, байнгын харилцаатай байж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд онцгой анхаардаг хэмээж байв. Нутгийн иргэд ч “Оюутолгой төслөөс энэ эмнэлгийг байгуулахаас өмнө шүдний эмчилгээ авах ямар ч боломж байдаггүй байлаа” гээд ам сайтай байдаг юм билээ. Түүнчлэн Оюутолгой төслийнхөн Ханбогд сумын эмнэлгийг хоёр удаа шинэчлэн засварлаж, түргэн тусламжийн машин хандивлажээ.

Тус компанийн эрүүл мэндийн салбарт хийсэн сайн үйл зөвхөн үүгээр дуусахгүй. Японы Ойта мужид өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр Дэлхийн цомын тэмцээн болж, үүнд Монголын Пара- хөнгөн атлетикийн холбооны дөрвөн тамирчин оролцсон билээ. Оюутолгой төслийн удирдагч, хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани Монголын баг тамирчдын зардлыг хариуцан ивээн тэтгэжээ.  Тэмцээний дараа баг тамирчдаас тус компанид талархлын захидал ирүүлсэн байна. Мөн Монголын Пара-хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж “Баг тамирчид болон холбооны нэрийн өмнөөс нийгмийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто” компанид талархлаа илэрхийлж байна” хэмээн ярьж байв. 

Эх орноо төлөөлөн оролцсон тамирчид гурван алт, гурван хүрэл медаль хүртэж өндөр амжилт гаргасан юм. Тэдний амжилт нь нөхцөл байдлаас үл хамааран амжилт гаргаж чадах Монголчуудын боломжийг илтгэн харуулсан нь бахархууштай.

Энэ талаар “Оюутолгой” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон “Бидний ивээн тэтгэсэн тамирчид Японд болсон Дэлхийн цомын тэмцээнд өндөр амжилт гаргасан талаар сонсоод би тун баяртай байна. Оюутолгой компани, төслийн нийт ажилчдын нэрийн өмнөөс тэдний гаргасан амжилтад баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт гаргахыг хүсэж байна” хэмээсэн юм. Монголын баг тамирчдаас Г.Мөнхбат 1500 болон 1800 метрийн гүйлтийн тэмцээнд (Т-13 ангилал) тус бүр алтан медаль, Э.Мөнгөншагай 400 метрийн гүйлтийн төрөлд (Т-46 ангилал) алтан медаль, Г.Самбуузандан зээрэнцэг, бөөрөнцөг түлхэлтийн (F-56) төрөлд гурван хүрэл медаль хүртсэн байна.

Үүний өмнө бас нэгэн баяртай үйл явдал болсон нь “Рио Тинто” компанийн ивээн тэтгэсэн томоохон арга хэмжээ болох эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулагдах 2.5 тэрбум төгрөгийн хандивыг цуглуулах аяны арга хэмжээ байлаа. Энэ үеэр Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн илтгэл уг хандивыг цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн талаар гадаадын болон дотоодын зарим хэвлэлд онцолсон байв.

Учир нь Монгол Улсын Тэргүүн хатагтай  өнгөрсөн есдүгээр сарын  15-16-нд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо болсон C.U.R.E. төслийн Тэргүүн хатагтай нарын нэрэмжит зоог (Дэлхийн улс орнуудын Тэргүүн хатагтай нарын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг жил тутмын хандивын арга хэмжээ)-т оролцож,  хүрэлцэн ирсэн зочдод хандан үг хэлжээ. Тэргүүн хатагтай илтгэлдээ Монгол Улс дахь эрүүл мэндийн асуудлуудыг цохон дурдаж, оролцсон төлөөлөгчдийн хүчин чармайлт, нэмэр хандив нь олон улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үзүүлж болох боломжит өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй дурджээ. Мөн энэ үеэр “Рио Тинто”-г төлөөлөн Хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Элисон Каттлер үг хэлсэн байна.

C.U.R.E. төсөл нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор чухал шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дэлхийн улс орнуудыг хангах үйл ажиллагаа явуулдаг буяны төсөл юм. Хандивын арга хэмжээний дүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ирэх оны эхээр нийлүүлэхээр болсон байна. Хамгийн гол нь C.U.R.E. төслийнхөн энэ жил цуглуулсан хандиваа Монгол Улсад өгч, үр дүнг нь хүргэхээр сонгон авсан юм. Өөрөөр хэлбэл дээрх арга хэмжээний үеэр цуглуулсан хандивын мөнгөөр эмнэлгийн хэрэгсэл худалдан авч ирэх онд Монголын эмнэлгүүдэд түгээхээр болсон байна.

Энэ үеэр “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал, “Рио Тинто” компанийн суурин төлөөлөгч Камерон МакРэй C.U.R.E. төслийн арга хэмжээг ивээн тэтгэж, Тэргүүн хатагтайн зүгээс АНУ-д хүрэлцэн ирж үг хэлэхэд дэмжлэг үзүүлсэндээ баяртай буйгаа илэрхийлсэн байна. Дашрамд дурьдахад “Рио Тинто нь C.U.R.E. төслийн Тэргүүн хатагтай нарт зориулсан долоо дахь удаагийн албан ёсны өдрийн зоогийн ивээн тэтгэгч болсондоо тун баяртай байгаа аж.

Ийнхүү “Оюутолгой” ХХК, тус төслийнхөн нийгмээр овоглосон том хариуцлагаа жижиг зүйлээс эхэлдгээрээ  бизнесийн салба­рын­ханд жишиг болж байна. Монголчууд үүнийг “Тэнхэлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээн онож хэлсэн байдаг. Тэмээтэй нутагт баялаг бүтээх их зорилгын эзэд ч энэ үг хэдийнэ мэддэг болж, одоо хэрэгжүүлэхээр зүтгэж буй нь энэ биз ээ.

Л.БАЯРМАА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж