Ж.Батзандан жагсаалаа хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан жагсаалаа хойшлуулжээ

Нийслэлийн Ардчилсан хүчний холбооноос өнөөдөр 12.00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсноо мэдэгдээд байсан ч, хойшлуулахаас аргагүйд хүрчээ. Учир нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс жагсаал зохион байгуулах зөвшөөрлийг холбооныхонд олгоогүй юм байна.

Тус холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан “Миний Улаанбаатар” клуб байгуулж, нийслэлчүүдийн алдагдсан эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн. Тодруулж хэлбэл, эхний ээлжинд УИХ-д Улаанбаатар хотоос сонгогдож буй гишүүдийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр энэ удаагийн жагсаалыг зохион байгуулах байсан юм. Гэхдээ Нийслэлийн Ардчилсан хүчний холбооныхон шантрахгүй, улаанбаатарчуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажиллах болно гэж мэдэгдэж байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт хаяглан илгээсэн таван асуултынхаа хариултыг ирэх долоо хоногийн даваа гаригт шаардан авах юм байна. Таван асуултад Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг тулгамдсан асуудлууд багтсан бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд ямар ажил зохион байгуулж буйгаа хотын дарга холбооныхонд болоод нийслэлийн иргэдэд тайлагнах ёстой юм.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж