Лондонгийн марафонд Кебеде түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Лондонгийн марафонд Кебеде түрүүлэв

Өнгөрсөн жилийн тэмцээнд үзүүрлэж байсан Этопын марафонч Цэгае Кебеде
хоёр цаг, таван минут, 18 секундын амжилтаар 2010 оны Лондонгийн
марафонд түрүүлжээ. Өчигдөр болж өнгөрсөн Лондонгийн марафон гүйлтэд олимпийн хүрэл медальт Кебеде барианд орохоос зургаан миль буюу 9,6 км зай дутуу байхад хамаг хүчээ дайчлан уралдсанаар өрсөлдөгчдөөсөө ердөө ганцхан минутын өмнө барианд орж, аваргалсан байна. Шагналын тавцанд гарсан тамирчид бүгд африкийн орны марафончид байсан бөгөөд тодруулбал, хоёрдугаар байрт Берлинийн дэлхийн аваргын мөнгөн медальт Кенийн Эммануэль Мутайм, харин гуравдугаар байрт Мороккогийн Жаоуад Гариб шалгарчээ.
Энэ улирлын ихэнхийг нурууны гэмтэлтэй өнгөрүүлсэн олимпийн аварга Сэмми Ванжиру энэ жил аваргаа хамгаалан уралдсан боловч анх удаагаа уралдааны талбарыг талаас нь орхижээ. Тэрбээр өвдөгний гэмтлийн улмаас барианаас наана 10 орчим км-ийн зайд тэмцээнээ дуусгасан байна. Мөн марафон гүйлтийн дэлхийн аварга Абель Кируй шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Лондонгийн марафонд сүүлийн зургаан жил дараалан Кенийн тамирчид түрүү авсан бөгөөд Кебеде ийнхүү тэдний амжилтын буухиаг эцэслэсэн юм.
Харин эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд анх удаагаа ОХУ-ын тамирчин түрүүлжээ. Лилия Шобухова нийт замыг хоёр цаг, 22 минутад туулснаар аваргалсан байна. Тэрбээр мөн өнгөрсөн жилийн Чикагогийн марафонд түрүүлсэн юм. Лондонгийн марафоны хоёрдугаар байрт мөн ОХУ-ын тамирчин Инга Абитова, харин гуравдугаар байрт Этопын Асселефеч Мергия шалгарсан байна.
Мөн энэ үеэр АНУ-ын Филадельфид болсон “Penn Relays” тэмцээнд Усаин Болт тэргүүтэй Ямайкийн тамирчид АНУ-ыг ардаа орхиж, эрэгтэйчүүдийн 4х100 метрийн төрөлд түрүүлжээ. Сүүл мушгиж, хамгийн сүүлд уралдсан Болт 100 метр зайг 8.79 секундэд туулсан бөгөөд ямайкчууд 37.90 секундын амжилт гаргасан байна. Тэмцээний мөнгөн медалийг АНУ-ын хөх баг, харин хүрэл медалийг улаан багийнхан хүртжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж