Олон улсын санхүүгийн зах зээлийн уналт манайд шууд нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Олон улсын санхүүгийн зах зээлийн уналт манайд шууд нөлөөлнө

Олон улсад үүсээд санхүүгийн зах зээлийн уналтын талаар MIСС-ийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэтэй ярилцлаа.

Хөрөнгийн биржүүдийн уналт үргэлжилсээр   байна. Үүний гол шалтгаан юу   вэ?

Энэ удаагийн хувьцааны зах зээлийн уналт 2008 оны эцсээр байсан хэмжээнд хүрэхээр унаж байна. Нөгөө талаас  харвал бас эдийн засаг тийм ч муу биш байгаа. Гэсэн ч санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсээд байгаа нь эдийн засагт нөлөөлнө. Санхүүгийн зах зээл, хөрөнгийн биржийн индексүүд эдийн засгаасаа 3-6 сараар түрүүлж явдаг. Тэгэхээр яваандаа эдийн засагт нөлөөлөх магадлал өндөр.

Гол шалтгаан нь Европын орнууд, тэр дундаа Грек, Испани, Итали улс төсвийн орлогоосоо их хэмжээгээр давсан зарлагыг маш удаан хугацаанд гаргаж байснаас үүдэлтэй. Грекийн хувьд ажиллаж байгаа хүмүүс нь цөөрөөд, хүн ам нь хөгшрөөд ирэхээр тэр хүмүүст өгдөг тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүйд хүрсэн. Засгийн газар нь үүнийг урьдчилж харж төсвөө танах талаар ажил хийгээгүй болохоор зарлага нь өөрийн эрхгүй нэмэгдсээр байгаа. Санхүүгийн зах зээлийн хүмүүс Грекийн орлого нь багасаад зардал нь нэмэгдээд байгаа болохоор мөнгө зээлүүлэх эрсдэлтэйг харж, бондыг нь худалдаж авч мөнгө зээлүүлэхээсээ татгалзаж эхэлсэн. Грек Европын холбооны гишүүн болохоор ЕХ-ны улсууд Грект яаж туслах вэ гэдгийг ярилцаж байна. Төсвөө хангалттай авч явдаг, мөнгөө бодлоготой зардаг улсууд Грекийн энэ байдалд нэлээд дургүй. Урьд нь 2010 онд Грект нэг удаа тусалж байсан болохоор энэ удаад чадахгүй гэсэн зүйлийг Герман төдийгүй Европын зарим улстөрчид ярьж эхэллээ. Грек өрөө төлж чадахгүй бол дараа нь Испани төлж чадахгүй, араас нь Итали орно гээд гинжин цуваа үүсэх аюултай болсон. Засгийн газрууд бондынхоо өрийг төлж чадахгүй байгаа нь банкуудад хүнд нөлөөлж байна. Банкууд Засгийн газруудын бондыг аюулгүй гээд их хэмжээгээр авсан   болохоор тэр хэмжээгээр алдагдалд орж эхэлнэ. Банкны алдагдал эдийн засагтаа шууд нөлөөлдөг.

АНУ бас өрийн асуудлаас болж   бүр хурцатгаж байгаа байх?

АНУ -д ч мөн ялгаагүй өрийн асуудал үүслээ. Ж.Бушийн Засгийн газрын үеэс төсвийн алдагдал нь 8 жил алдагдалтай явсан. Дараа нь Б.Обама гарч ирээд нийгмийн даатгалын бодлогыг өргөн хүрээнд хамруулж, ядуу хүмүүст хүртэл хүргэнэ гэсэн бодлого явуулж, зарлагыг дахиад нэмсэн. Нөгөө талдаа орлогын үүсвэр болсон татварыг нэмэх гэсэн ч эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Бүгд найрамдах нам нь Конгрессын сонгуульд давуу эрхтэй байгаа болохоор Б.Обамаг дэмжихгүй байгаа. Ж.Бушийн Засгийн газрын үед баян хүмүүсийн бүх татварыг багасгаад, хөнгөлчихсөн байсан юм билээ. Б.Обама үүнийг өөрчилж сэргээхээр ярьж байгаа ч чадахгүй байна. Үүнээс болоод Америкийн өр яаж төлөгдөх нь тодорхойгүй болсон. Бүгд найрамдах нам нь татварыг нэмэхгүй гэж байгаа бол Ардчилсан нам нь зарлагыг багасгахад их дургүй болохоор хоорондоо зөрчилдөөд тодорхойгүй байдал үүсгэчихээд байна. Америкийн зээл ингээд яваад байвал Грекийн араас орох магадлал өндөр.

Америкт эдийн засаг нь эерэг гараад байгаа ч ажилгүйдлийн түвшин нь 9 хувиас доошоо ерөөс буухгүй байна. Ажилгүй хүмүүс ийм олон байгаа нь эдийн засагт бас л сөргөөр нөлөөлнө. АНУ-ын эдийн засгийн 70 хувийг хэрэглээ эзэлдэг. Ажилгүйдлээс болж хэрэглээ багасвал АНУ-ын эдийн засаг уналтад орно. АНУ-ын эдийн засаг дэлхийн эдийн засгийн 25 хувийг, Европын эдийн засаг 20 орчим хувийг эзэлдэг гэхээр энэ хоёр том эдийн засаг муудвал Хятад, Японы эдийн засаг яаж ч өсөөд нэмэргүй чирэгдэх болно.

Америк, Европын байдлыг харахад улстөрчид эдийн засагт хутгалдаж, намын эрх ашиг, өөрийнхөө ашиг тэргүүнд тавьж байгаа болохоор эдийн засаг тогтворгүй  байна гэж ойлгож болох нь ээ?

Ер нь бол тийм л дээ. Европт ч тэр, Америкт ч тэр улс төрийн байдлаас хамаараад эдийн засаг тогтворгүйжиж байдаг. Эдийн засаг гэдэг нөөц баялгийг яаж хуваарилах вэ гэдэг ойлголт учраас эдийн засагчид үүнийг зохицуулж байвал их амархан шийдэж болно л доо. Америкт гэхэд л хоёр нам талцахгүй эдийн засагчид шийдвэр гаргавал татвараа нэмээд л зардлаа багасгаад дор нь шийдэж болно. Баян хүмүүс нь татвар төлөхгүй байгаа нь үнэн л юм чинь татвараа авч болно. Гэтэл тэнд Бүгд найрамдах намын лобби, баячуудынх нь нөлөө хүчтэй байна л даа. Монголд ч ийм гэдгийг бүгд мэднэ. 76 Сангийн сайдтай боллоо гээд сэтгүүлчид бичээд л байгаа. Бүгд л төсвийг ингэж хуваарилна, мөнгөний бодлого ийм байна гэж ярьж байна. Уг нь Сангийн яам, Монголбанк цэвэр эдийн засгийн бодлого явуулдаг байвал улсын эдийн засаг, хөгжилд том дэмжлэг болно.  

Энэ уналт даамжирвал бүр хүнд байдалд орох байх. Үүнийг засах, Грекийг аврах   ямар арга хэмжээ авч байна вэ?

Европын холбоо, ОУВС Грект тодорхой болзолтойгоор мөнгө зээлүүлэх талаар ярьж байна. Төсвийн алдагдлаа багасгавал тийм хэмжээний мөнгө өгье, дараа нь дахиад өөрсдийнхөө хөрөнгийг зарж тодоохой орлого олбол нэмж зээлүүлье гэсэн зүйл яригдаж байгаа. Ойролцоогоор 150 тэрбум доллар зээлдүүлье гэсэн. Нэгэнт олон улсын зах дээр бонд гаргах боломжгүй болохоор хямралд орсон орнуудыг тэтгэх үүрэгтэй ОУВС зэрэг байгууллагууд бага хүүтэй мөнгөөр туслахаар яригдаж байна. Гэхдээ нөгөө талд Грекийн дотоод улс төр нь хэцүү байгаа. Олон хүнийг хална, цалинг нь багасгана гээд яригдаад ирэхээр ажил хаялт, бослого гарах гэх мэтээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа. Нөхцөл  ийм байгаа ч Грекийг аврах л байх. Гэхдээ тэр авралт хоцорч ирэх вий гэдгээс   болгоомжилж байна.

АНУ-ын татварын асуудал   дараагийн сонгууль хүртэл шийдэгдэхгүй байх. Эсрэг тэсрэг байр суурьтай байгаа болохоор зөвшилцөлд тийм ч хурдан хүрэхгүй. Татварын асуудлыг дараагийн сонгуулийн асуудал болгоод тавьчихсан бололтой юм. Бүгд найрамдах нам аль болох энэ асуудлыг шийдэхгүй байж байгаад сонгуультай золгож, сонгуулиар ажлын байр нэмэгдэхгүй байгаа нь Обаматай холбоотой гээд л сонгуулийн ажил болж хувирах байх л даа.

Нөгөө талаар Европыг аврах нэг арга нь Хятад. Хятадын Засгийн газар дэлхийд хамгийн их валютын нөөцтэй улс. Энэ валютынхаа нөөцөөс дээрх улсуудад шууд зээлдүүлж болох байх. Хятад тусалж болно гэж хэлээд нэлээд горьдлого төрүүлсэн. Тэр үед хувьцааны зах зээл өсөөд иртэл нэг дарга нь Европ асуудлаа өөрсдөө л шийдэх хэрэгтэй. Хятад шиг ядуу орноос горьдох хэрэггүй гээд хэлчихсэн чинь буцаад унаад эхэлсэн. Гэхдээ Хятад тусалж магадгүй гэсэн таамаглал байсаар л байгаа. Зүгээр туслахгүйгээр мөнгө зээлэхийн хажуугаар бараагаа шахах гэх мэт зүйл ярьж магадгүй юм. Европ, АНУ-ын байдал сайжрахгүй бол Хятадад ч нөлөөлөх учраас Хятадыг туслах байх гэсэн таамаглал их бий.

Ер нь энэ уналтын зах зээл 6-12 сар үргэлжилдэг гэж ярьдаг. Хэдий үед дуусах бол гэдэгт олон хариулт байгаа ч дараа жилийн намар, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийгдэгдэх болов уу гэсэн таамаглал их бий.

Тэгвэл Хятадын аж үйлдвэрийн бүтээмжийн өсөлтийн удаашрал Европыг хүнд байдлаас гартал үргэлжлэх үү?

Хятадууд бол гадаад зах зээл ийм байдалд орох нь гэдгийг ойлгоод аль эрт өөр бодлого явуулж эхэлсэн шүү дээ. Юу гэхээр дотоодын хэрэглээг аль болох нэмж, баян хүмүүсийг бий болгож, хүмүүсийн амьжиргааны түвшинг нэмэх бодлогыг хүчтэй явуулж байна. Нэг тэрбум хүний хэрэглээ гэдэг Европ, Америкаас хамаагүй илүү. Энэ бодлогынхоо хүрээнд хэрэглээний зээлийн хүүг багасгах, худалдан авалтад дэмжлэг үзүүлэх гэх мэтээр материаллаг зүйлийг бий болгохоор шаргуу ажиллаж байна. Тийм болохоор Хятадын эдийн засаг тийм ч дордохгүй байх гэж бодож байна.

Дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлууд манай улсад яаж нөлөөлөх вэ?

Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал манай улсад хэд хэдэн шугамаар шууд нөлөөлдөг. Юуны түрүүнд манай гол орлого зэс байдаг болохоор зэсийн үнэд жаахан өөрчлөлт орохоор төсвөө эргэж харах шаардлагатай болдог. Зэсийн үнэ сүүлийн ганц сарын дотор бараг 30-аад хувиар уначихаад байгаа нь манайд нөлөөлөх л болно. Үүнээс гадна Монголд байгаа олон компани олон улсын бирж дээр хувьцаа гаргаж байна. Ялангуяа 2010  оноос хойш нэлээд хэдэн компани хувьцаа гаргалаа. Ингэж босгосон мөнгөө эргүүлээд Монголд л оруулж байгаа. Олон хүнийг өндөр цалинтай ажлын байраар хангаж байна. Жижиг дунд бизнесийг нэмэгдүүлж байна. Гэтэл ингэж мөнгө босгох гэж байгаа, мөнгө босгосон компаниудад хэцүү болсон. Мөнгө босгосон компаниуд нь зах зээл сайжиртал Монгол дахь үйл ажиллагаагаа багасгана гээд шууд байдлаар нөлөөлнө. Гэхдээ Монголыг нэг хамгаалж байгаа зүйл бол Оюутолгой. Ашиглалтад ороогүй байгаа ч жил болгон Монголын эдийн засгийн 20 хувьтай тэнцэх мөнгийг оруулж ирж, Монгол хүмүүсийг ажилтай болгож, Монголоос бараа үйлчилгээ авахад зарцуулж байгаа болохоор энэ олон улсын санхүүгийн зах зээлийн уналтаас хамгаалж, тодорхой хэмжээнд тогтоох байх.

Зэсээс гадна манай гол мөнгөний урсгал нүүрснээс орж ирдэг. Нүүрсний үнэ зэсийнхээс арай өөр байдлаар тогтдог. Хятадад эрэлт багасвал нүүрсний үнэ яаж өөрчлөгдөх бол?

Хятадын хувьд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт хангалттай хэмжээнд хүрэхгүй   зүйл байгаа. Хэдий хурдан өсч байгаа эдийн засаг ч ганцхан хувийн уналт нь маш том тоогоор илэрхийлэгддэг. Манайхаас гарч байгаа коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг. Хятад бол дэлхийн нийт гангийн зах зээлийн бараг талыг нь үйлдвэрлэж, нэлээд хэсгийг экспортолдог. Нөгөө л Америк, Европын зах зээл рүү экспортолдог болохоор тэнд эдийн засаг буураад эрэлт багасаад ирвэл Хятадын гангийн үйлдвэрлэл багасч, дагаад нүүрсний хэрэглээ буурах л байх.
Харин манайд нэг давуу тал байдаг нь Австралиас үнийн хувьд бараг 2 дахин хямд. Тийм болохоор Монголоос нүүрс авах сонирхол их байдаг. Харин үнийн тал дээр хэлэлцээр хийхэд Хятадад илүү давуу тал бий болно. Дэлхий дээр, Хятадад ийм юм болоод байхад нүүрсээ хямдруул гэсэн давуу эрх Хятадын компаниудад бий болж байна.

ММС зэрэг Монголын нүүрсний компаниудын хувьцааны ханш нэлээд унаж байх шиг байна?

Хятадын аж үйлдвэрийн бүтээмжийн өсөлт хоёр гурван сар дараалан буурч байна. Үүнийг дагаад нүүрсний үнэ буурах юм байна гэж их яригдаж байгаа. Ингээд бодохоор нүүрсний компаниуд, тэр дундаа Монголын нүүрсний компаниудын хувьцааны ханш унаж байна л даа. Mongolian Mining Corporation-ийн хувьцаа 6 хонконг доллараас доошоо орчихлоо. Ганц ММС ч биш Хятадын томоохон нүүрс үйлдвэрлэгч “Янжао Коал” компанийн хувьцаа 2008 онд унасантайгаа адилхан түвшинд уначихлаа гэсэн мэдээ гарсан. Ер нь уул уурхайн компаниудын хувьцааны ханш адилхан л түвшинд унаж байна.

Дээр нь Монголын уул уурхайн талаарх ямар нэг муу мэдээ гарахад Монголын компаниудад нөлөөлж байгаа тал бий. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн нь Монголд уул уурхайн хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй боллоо гэдэг муу мэдээ болж гарсан.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар ярьж эхэлсэн нь гадны хөрөнгө оруулагчдад таагүй мэдээлэл болсон байх?

Оюутолгойн гэрээг 6 жил болж байж байгуулсан гэж гадныхан ойлгож байгаа. Гэтэл ингэж их цаг зарж, хэлэлцээр хийж байгуулсан гэрээнийхээ гол заалтуудыг хэдхэн сарын дараа өөрчилнө гэж ярьсан нь бизнесийн орчинд байж болохгүй зүйл л дээ. Тийм ч болохоор хөрөнгө оруулагчид нэлээд анхаарч байгаа юм. Тэд манай улс төрийн орчныг сайн ойлгохгүй байгаа тал бий. Яахав, сүүлийн 7 хоногт гэрээг өөрчилнө гэсэн нь Монголын дотоод улстөртэй холбоотой гэсэн жаахан тайлбарласан мэдээллүүд гарч байна. Гэхдээ л хөрөнгө оруулагч нар Монголд мөнгөө оруулаад гайгүй ашигтай байгаад байх юм бол  дүрмээ өөрчлөөд наадахыг чинь улс мэдэлдээ авна гээд булааж авах юм байна гэж бодож байгаа. Гэрээ хийсэн ч эргэж буцдаг ийм орчин дараа дараагийн хөрөнгө оруулалт татах гэж байгаа компаниудад хүнд цохилт болж байгаа юм.

Нөгөөтэйгүүр олон улсын зах зээл тогтворгүй, зэсийн ханш унаж байхад гэрээг шинэчилнэ гэж ярихаар “Рио Тинто”-д нэлээд төвөгтэй байх шиг байна. Зэсийн ханш үүнээс доош унах юм бол “Рио Тинто” компанийнхаа хэмжээнд шийдвэр гаргаад Монголд тогтвортой болтол, бас зэсийн үнэ дахиад өстөл хоёр жил Оюутолгойн ордыг ашиглахыг хойшлуулъя гэж хэлж болох юм. Компани бол ашгийн төлөө байгууллага болохоор ашиг олох боломж нь багасаад байвал хөрөнгө оруулалтыг хойшлуулж болно, татгалзаж болно. Бүгд нээлттэй шүү дээ. Гэхдээ нэгэнт 2 тэрбум доллар оруулчихсан болохоор хойшлуулах талаар л ярьж болох юм. Магадгүй зарах хувилбар ч байж болно. Үнэндээ 5 тэрбум доллар гэдэг чинь Монголын ДНБ-тэй адилхан, гаргаж авахад хэцүү шүү дээ. Дэлхий дээр ийм хэмжээний мөнгийг шууд оруулсан төсөл цөөхөн байдаг. Америк, Канад, Австрали гээд тогтвортой болчихсон орнуудад л ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг төсөлд оруулдаг.

Нөгөө талаар 34 хувь, 50 хувийн ялгаа байхгүй гэж нэг сонин дээр бичсэн байсан. Тэр үнэн л дээ. Засгийн газрын хөрөнгө, эрх мэдэл улам том болоод л төсвөөс хуваарилдаг мөнгө, тендерийн хэмжээ нь нэмэгдээд төрөөс тэрбумтан төрөх боломж нь л улам нэмэгдэх байх. Дахиад нэг Эрдэнэт бий болно л гэсэн үг. Миний бодлоор  хувийн хэвшил нь их байх тусмаа л илүү ашигтай байх болно. Яг 34 хувиас 50 хувь боллоо гэхэд жирийн гудамжинд яваа хүнд тэр 16 хувь шууд ирэхгүй шүү дээ. 34 хувиас 50 хувь боллоо гээд ажлын байр 16 хувиар нэмэгдэхгүй. Нэг л уурхай учир таарсан ажлын байр нь байж л байна.

Өнгөрсөн намрын чуулганаар манай улс холбогдох хуулиудыг баталж, Засгийн газар бонд гаргах, арилжааны зээл авах эрхтэй болж түүнийгээ ашиглахаар хүчтэй ярьж байсан. Гэтэл гадаад орчинд тогтворгүй болохоор Засгийн газар бонд гаргах нь чимээгүй болж байх шиг байна? Бас Хөгжлийн банкны гадаад зах зээлийн бонд ч тийм ч эерэг үр дүнтэй байж чадахгүй юм шиг байна?

Зөв л дөө. Тийм юм болно. Яагаад гэвэл Грек, Испани, Италийн Засгийн газрын бондуудын хүү нэлээд нэмэгдэж байна. Хүмүүс худалдаж авахгүй зараад ирэхээр маш өндөр хүү амлаж байж хөрөнгө оруулагчдыг татна. Монгол ч ялгаагүй эрсдэлтэй орны тоонд ордог. Тэгээд сүүлийн үеийн байдлыг   харахад олон улсад бондоос татгалзаж байгаа болохоор манай бондыг авах сонирхолтой хүн байх уу гэдэг эргэлзээтэй болно. Грекийн асуудал шийдэгдтэл манайх бонд гаргана гэж ярихгүй л байх.

Хөгжлийн банкны бондны тухайд маш өндөр хүү амлах шаардлагатай болов уу? Засгийн газруудын бондын эрсдэл нэмэгдэж байна. Манай эрсдэл ч нэмэгдчихлээ. Дээр нь Хөгжлийн банкны бонд гэдэг Засгийн газрын бондоос илүү эрсдэлтэй, илүү өндөр хүүтэй гарах байх. Зүй нь бол 2010 оны сүүл, 2011 оны эхээр зах зээл гоё байх үед амжуулаад бондоо гаргасан бол болох байсан. Улс орнууд ийм байдлыг маш сайн ажиглаж зохицуулаад байгаа юм. 

С.Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж