Хяналтын ерөнхий хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Хяналтын ерөнхий хороо хуралдана

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 15.00 цагаас хуралдахаар болсон байна. Тус хороо нь есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ирц 50 хувьд хүрсэн тохиолдолд хуралдах нөхцөл бүрдэх юм. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүдийн тавьсан гомдлыг авч хэлэлцэнэ. Дээрх дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд саяхан болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан нь намын дүрмийг зөрчсөний зэрэгцээ хууль бусаар ротацийн сонгуульд гарч ирсэн хүмүүсийг батламжилсан гэж үзэн өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн суулт зарласан юм. Мөн энэхүү хууль бус үйлдлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэн Хяналтын ерөнхий хороонд гомдол гаргаад байсан билээ.
Суулт зарлагсдын хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд ч үргэлжлүүлэн суусан байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй хүн сууж буй аж. Мөн Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаас гарах шийдвэрээс хамаарч, суулт зарлагсад тэмцлийн хэлбэрээ хурцатгах уу, үгүй юу гэдгээ эцэслэн шийднэ. Хэрвээ Хяналтын ерөнхий хороо хууль бус шийдвэр гаргавал намынхаа шилэн байрны өмнө гэр барин өлсгөлөн зарлана гэж мэдэгдээд байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж