Берлин хотноо болсон энэ удаагийн анхдугаар чуулга уулзалтад Европын оронд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн 150 монгол иргэн оролцжээ. Тэдэнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, нарийн мэргэжил эзэмшсэн үндэсний боловсон хүчнүүд Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгааг уламжилсан байна. Мөн дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа 600 гаруй нарийн мэргэжил ур чадвар шаардсан ажлын байрыг санал болгожээ.
Анхдугаар чуулга уулзалтад оролцсон монголчуудын дунд 25 эмч байсан аж. Тэдний хувьд бүгд нарийн мэргэжил эзэмшсэн. Олонхи нь эх орондоо нарийн мэргэжлийн эмч шаардлагатай байна гэсэн мэдээллийг авангуутаа ирж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ олон жилээр гадаадад амьдарсан монголчуудын хувьд эх орондоо ирэнгүүт хүүхдүүдээ гадаадад сургаж байсан шиг сургуульд сургах шаардлага тулгарч байгаагийн зэрэгцээ тухайн орондоо урт хугацаагаар ажиллах гэрээ байгуулсан байгаа нь Монгол Улсад шууд хүрэлцэн ирж, ажиллахад нэг талаар бас бэрхшээл дагуулж буй ажээ. Тиймээс Монгол Улсын хувьд гадаад дахь монголчуудаа эх орондоо дуудахад нэг талаар ирээд ажиллах боломж нөхцөлөөр хангах шаардлагатай юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн аж. Энэ ч чиглэлээр ажиллах болно гэсэн мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр холбогдох албаныхан өглөө. Нэг зүйлийг онцолход, гадаад дахь монголчуудын хувьд “Бид эх орондоо чадах чинээгээрээ туслахыг эрмэлзэж байна. Хэдийгээр бид гадаадад амьдарч байгаа ч зүрх сэтгэл минь эх орондоо. Тийм учраас олж авсан мэдлэг, ноу хауг эх орондоо дамжуулах чиглэлээр санаачлагатай ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн юм байна.
Эцэст нь анхдугаар хуралдаанаас нэгдсэн зөвлөмж гаргажээ.