Олзлогдогчийн хувь тавилан

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Олзлогдогчийн хувь тавилан

Израиль, Палес­ти­ны ХАМАС бүлэг­лэлийн “түүхэн тохи­ролцоо” хийгдсэнийг Египет баталж байна.

Изралийн ар­мийн кап­рал буюу бага дарга Гилад Шалитийг 1028 палестин терористоор солилцохоор Израиль шийджээ. Гилад Шалит 1986 оны наймдугаар сарын 28-нд Израиль, Ливаны хилийн ойролцоох Мицпе-Хила хотноо төрсөн ба Израиль, Францын давхар иргэншилтэй. Дунд сургуулиа дүүргээд цэрэгт татагдан танкийн цэрэгт алба хаажээ.

Гилад Шалитийг 2006 оны зургадугаар сарын 25-ний өдөр палестины дайчид Израильд нэвтрэн олзолсон байна.  Газын зурвасаас ухсан хонгилоор Израильд нэвтэрсэн дайчид Израилийн хуягт машин, танкийг дэлбэлээд  Керем-Шаломын киббуцийн дэргэдэх  армийн байрлалд довтолжээ. Тэр тулалдааны үеэр хоёр израиль амиа алдаж, дөрөв нь шархадсан байв. Гилад Шалит мөрөндөө хөнгөн шархдаж, зүүн гар нь хугарсан байлаа. Түүнийг палестинчууд олзлоод хорионд байлгажээ. ХАМАС-ын зэвсэгт жигүүр зэрэг гурван бүлэглэл энэ довтолгооны хариуцлагыг авч бага даргыг 1000 палестин хоригдлоор солино гэсэн байв. Израиль эхлээд тэр саналын хүлээн аваагүй бөгөөд түүнийг чөлөөлөх ажиллагааг зургадугаар сарын 28-нд эхэлжээ.  Арваннэгдгээр сарын 1-нд Израиль бага даргаа 1000 хоригдлоор солино гэв. Гэвч палестинчууд эхлээд 300-400 хоригдлыг суллаад дараа нь 100 хоригдлыг сулла гэсэн юм. Наймаа бүтсэнгүй.

ХАМАС 2007 онд интернэтээр Гилад Шалитийн дуун мэдээг цацсан ба түүнд бага дарга бие муудаж байна, эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болсон зэргээ хэлээд  түүнийг анхаарахгүй байна гэж эрх баригчиддаа гомдол мэдүүлсэн байв. Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерт палестинчуудад дарамт үзүүлж байгаа учраас Шалитийг хэзээ ч суллахгүй гэж ХАМАС-ын Улс төрийн товчооны тэргүүн Халаад Машааль 2008 оны нэгдүгээр сард мэдэгдэв. Капрал Шалитийг чөлөөлөхийн тулд ХАМАС ба Израиль олон удаа хэлэлцээр хийж байв. 2010 оны эхээр хэлэлцээр бараг зогсоод 2011 оны нэгдүгээр сард сэргэсэн байв.

Израилийн залууг чөлөөлөхийн тулд палестинчууд өмнөхийн адил 1000 хоригдлоор солилцох саналаа барьсаар ирэв. Мөн дээр нь Израилийн шоронгоос эмэгтэйчүүд, хүүхдүүдээ чөлөөлүүлэхээр шаарджээ. Энэ сарын 11-ний өдөр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньягу Засгийн газрын яаралтай хуралдаан хийж 1026 палестин хоригдлоор Гилад Шалитийг солихоор болжээ.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж