Грекийн үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялт зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Грекийн үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялт зарлаж байна

Грекийн үйлдвэрчний эвлэлүүд энэ сарын 19 болон 20-нд бүх нийтээр ажил хаяхыг уриалж байгаагаа пүрэв гаригт мэдэгдсэн тухай Афин хот дахь РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлэв.

Өмнө нь үйлдвэрчний эвлэлүүд 19-нд ажил хаялт зарлахаар мэдэгдэж байсан бөгөөд Грекийн засаг захиргаанаас авч байгаа зардал бууруулах шинэ арга хэмжээг эрс эсэргүүцэж байгаа юм. Зардал бууруулах шинэ арга хэмжээнд тэтгэврийг багасгах, хөдөлмөрийн хөлсний хэмжээг бууруулах болон 30 мянга орчим төрийн ажилтныг халах асуудлууд орсон аж.

Грек улс Европын Комисс болон Олон Улсын Валютын Сангаас 8 тэрбумын зээлийг ирэх сард авах болсон. Энэ зээлээс өмнө Грекийн өр төлбөр 350 тэрбумд хүрсэн хэдий ч тус орны эдийн засгийн байдал дордсоор байна.

Өчигдөр Грекийн улсын телевиз, радио болон холбооны станцуудын ажилтнууд хоёр өдрийн ажил хаялт зарласан бол өнөөдөр гаалийн ажилтнууд арав хоногийн ажил хаялт зарлаж эхлээд байна.

Одоо Афин хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй байгаа бөгөөд хотын үйлчилгээний ажилчид хог хаягдлыг энэ сарын тавнаас хойш цэвэрлээгүй байна. Энэ байдал 19-нийг хүртэл үргэлжилж магадгүй.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж