Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт Ардчилсан намаас уламжлал болгон зохион байгуулдаг видео хурал өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралд 21 аймгийн удирдлагаас 16 нь оролцлоо. Хурлыг нээж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Өнгөрсөн сард бид аймгийн намуудын удирдах зөвлөгөөний хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Хурлын үеэр аймгийн удирдлагууд УИХ-ын болон Орон нутгийн сонгууль нэг өдөр хийх нь зөв гэсэн саналыг гаргаж байсан. Бид ч гэсэн ийм байр суурьтай байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр 21 аймагт зохион байгуулж буй “Монгол хүн-2020” хөтөлбөрийн талаар товч мэдээлж, одоогийн байдлаар 18 аймагт хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Энэ сарын сүүлчээр Төв, Архангай, Өмнөговь аймагт “Монгол Хүн 2020” хэлэлцүүлэг зохион байгуулагдана” гэлээ.
Түүнчлэн өнгөрсөн сараас эхлэн сар бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал илтгэлийн талаар мэдээлэл хийж, хоёр дахь ээлжийн илтгэл энэ сарын 25-ы мягмар гаригт Төрийн ордны их танхимд болно. Ингэхдээ энэ удаагийн илтгэлд оюутан, залуусын дунд зарласан илтгэлийн уралдаанд шалгарсан шилдэг илтгэлүүдийг оролцуулж байгаагаараа онцлог болж байгаа гэдгийг дуулгасан юм.
Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат аймгийн намын удирдлагуудад хандан “Монгол хүн 2020” хөтөлбөрийг сум баг бүрт амжилттай зохион байгуулах талаар үүрэг өгсөнөөр энэ удаагийн уулзалт өндөрлөв.
Г.Дарь