Шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн цэргийнхэн Мауммар Каддафийн төрсөн хот Сиртийн төв дэх цагдаагийн штабыг байлдалгүйгээр эзэлсэн байна. Тэд агаарт буудан баярлаж, Каддафийн зургийг шатааж байх үеэр тэдний нэг нь мэргэн буучийн суманд онуулав. Өмнө нь хотуудыг эзлэхдээ их буу, пуужин хэрэглэн ширүүн байлдаан болж байсан учир босогчдын энэ удаагийн ялалт гэнэтийн болсон байна. Босогчид одоо хотын хоёр дүүрэгт Каддафийн талынхныг шахан бүсэлсэн байгаа гэнэ. Одоо хотод байшингуудын дээвэрт байрласан мэргэн буучид хамгийн том аюул болжээ. Сиртийн хажуугаар босогчдын арми Бани-Валидын төлөө тулаанаа үргэлжлүүлж байна. Одоогоор хурандаа Каддафи хаана байгаа нь тодорхойгүй.
Ш.МЯГМАР
"Ардын эрх" сонин