
Их хотын залуус энэ удаа намрыг хүлээх бус харин “Их хотын баяр”-ыг хоёр өдөр үргэлжлүүлэн сунгахыг хүссэн тул амралтын өдрүүдэд “Их Монгол” ресторан шар айрагны баярын хөлд дарагдсан хэвээр, зочдын баяр хөөрөнд умбаж өнжсөн юм. Ийнхүү шар айрагны баяр үзэж харах зүйл ихтэй, бие биедээ сонирхуулж ярих олон сонинтой, сэтгэлд хоногшсон баяр болж өндөрлөлөө. Эдгээрээс хамгийн онцлууштай нь их хотын залуусын дунд төдийгүй бүх нийтийн дунд сенсаци тарьсан юм. Тодруулбал, шар айрагны дуудлага худалдаагаар олсон орлогыг хүүхдийн төлөөх энэрэнгүй үйлсэд зориулсан юм. Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийн эмчилгээ, үйлчилгээнд тусалж тэдний эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмэр оруулж буй нь нийгэмд, бусдад үлгэр болох нь лавтай. Сайхан сэтгэл, хүмүүнлэг үйлсэд “Их хотын баяр”-т очсон залуус хувь нэмрээ оруулсан хэмээн бахархах нь ч бас зүй ёсных.
“Их хотын баяр”-ын өөр нэг том сенсаци нь шар айрагны борлуулалт байв. Өөрөөр хэлбэл, урьд өмнөх шар айрагны баяруудын үзүүлэлтийг хол давсан буюу 10 гаруй тонн шар айраг зарагдсан. Энэ нь “Их хотын баяр” залуусын хүсэн хүлээдэг, очих дуртай, нэг ирсэн хүнийг дахин дахин соронздон татдаг баяр болсныг харуулж буй юм.






Шар айрагны фестивалийн олон олон сенсацийн нэг нь мэдээж яах аргагүй “Камертон” хамтлагийн тоглолт. Арав, хорин мянган хүн цуглуулж, тоглолтоо хийдэг байсан тус хамтлагийн залуус сүүлийн жилүүдэд тусдаа уран бүтээл туурвиж буй. Үнэнч фенүүд нь тэднийг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгэн тайзнаа дуулж, тоглолтоо үзүүлээсэй хэмээн хүсч байсан. Эл хүслийг “Их хотын баяр” биелүүлж, “Камертон”-ы залуусыг баярын турш фенүүдтэй нь хамт байх боломжийг олгосон билээ.Энэ бүгд их хотын сенсаци байлаа.
“Их хотын баяр” ийн өндөрлөлөө, гэхдээ их хотод тарьсан сенсаци нь хүн бүхний сэтгэлд үлдэж, амнаас ам дамжин яригдсаар… Залуус “АПУ” компаниас зохион байгуулах дараагийн арга хэмжээ юу байх бол гэж тэсэн ядан хүлээсээр…