Идээд, идээд ч барахгүй их ургацаа яах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Идээд, идээд ч барахгүй их ургацаа яах вэ?

Цаг агаарын мэдээгээр маргаашнаас нийт нутгаар дулаарч эхлэх гэнэ.  Гэхдээ л дулаарлаа гэхэд хэр удах билээ. Аравдугаар сарын бороо асгарч, зүрхэн навчис бударсан намрын сүүлчийн өдрүүд үргэлжилж байна. Нэг л өглөө гэхэд нэвсийсэн цасанд дарагдчихсан байх биз.
Уулсын оройд хүдэн татаж, айсуй улирлын эхлэл болох намрын хүйтэн салхитай өдрүүдэд хэн хүний сэтгэлд юу эс буух билээ. Нэг хэсэг нь түлээ, нүүрсээ хэрхэн базаах талаар толгойгоо гашилгаж нөгөө хэсэг нь хавар, зун, намрын нөр их ажлынхаа ард гарсан хэдий ч авсан ургацаа хэрхэн борлуулах, хэнд хаана зарах талаар хэсэгтээ л сандрах янзтай.
Монгол Улс энэ жил урьд өмнө авч байгаагүй их “хөеө” цуглуулжээ. Энэ нь С.Баярын эхлүүлсэн “Атарын III” аяны ач, тус гэнэ.  Урьдчилсан байд­­лаар 427 мянган тонн үр тариа, үүнээс 419.1 мянган тонн буудай, 174.3 мянган тонн төмс, 90.5 мянган тонн хүнсний ногоо, 8.9 мянган тонн  тосны ургамал, 23.4 мянган тонн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар  төлөвлөж байсан бөгөөд уг балансаа ч барьсан юм байх.  Импортын чанартай, чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг “пялж” эх орны хөрсөнд ургасан  манжин төмсөө идэж, дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангана гэдэг сайн хэрэг. Дэлхий дахинд хүнсний хямрал нүүрлэх болсон  энэ үед монголчууд хоосон хонохооргүй овоо их ургац хураасан ч хурааснаа яах вэ гэдэгт л гацчихаад, гайхашралд орчихоод, газар тариаланчид маань сандарч гүйлдээд байгаа аж. Уг нь газар тариаланчдад үр тариагаа өнөөдөр хаана хурааж, хэндээ зарах вэ гэдэг зовлон үүсгэхгүйгээр аяныхаа хүрээнд агуулах саваа  бариад асуудлыг зовлонгүйгээр шийдчихэж бо­лох л байсан шүү дээ.  Ямар сайндаа л “саалиа хураахаар саваа бэлтгэ” гэдэг үгийг эцэг өвгөд маань  энэ хүртэл сануу­лах билээ.  
Нэг нөхөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгаас асуужээ. “Тариаланчдын улаан буудайг нэг тонныг нь 350 мянган төгрөгөөр улс худалдаж авна” гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан байтал тариаланчид нэг тонн ургацаа 250 мянган төгрөгөөр борлуулж байгааг гайхан сонирхож. Сайд сэтгүүл­чийн асуултад, ““Алтан тариа” компани бидний үгэнд орохгүй байна. Орост улаан буудай нэг тонн нь 250 мянган төгрөг байгаа гээд л тариаланчдаас нэг тонныг нь 250 мянган төгрөгөөр худалдаж аваад байгаа юм” хэмээн аж ахуйн нэгжийг буруутгав. Хэн хэнээсээ хэдээр улаан буудай худалдаж авах, хэн хэндээ хэдээр ургацаа зарах нь хувийн хэвшлийнхний асуудал. Хувийн хэвшлийнхний асуудалд төр хутгалдаад заавал энэ үнээр, түүний буудайг ав хэмээн шахах аргагүй.
Улсын худалдаж авах улаан буудайн хэмжээ 250 тонн орчим. Нэг зуун тонныг нь улсын нөөцөд, нөгөө зуун гаруй тонныг нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд /ТЭДС/ аваад үлдсэнийг нь гурилын үйлдвэрүүдэд шахах, гурилын үйлдвэрүүдээс илүү гарсныг нь харин хэрхэхээ мэдэхгүй байна. Улс худалдан авч байгаа улаан буудайндаа нийтдээ 35 тэрбум төгрөгийг зарцуулж буй.
Улсын төсвөөс нөөц бүр­­­дүүлсэн тохиолдолд ТЭДС-д хадгалах агуулах сав хүрэл­цээгүй тул тэдгээрийг зориу­лалтын элеватор, агуулах бүхий хувийн аж ахуйн нэгжүүдэд гэрээ­гээр хадгалалуулахад жилд 2.4 тэрбум төгрөг төсвөөс нэмж гарахаар болоод байгаа юм.  Тэгсэн хэрнээ л ургац нь илүүдэж, улс нь худалдаж аваад ч барахгүй байгаа бололтой. Ингэхэд ургац тариалсан бүхэн улсад улаанбуудайгаа тушаадаг гэж эндүүрэв. Ардаа танилтай, нөлөөтэй  тариаланчид аль хэдийн улаанбуудайгаа улсад тушаачихсан байгаа.
Танилгүй, нөлөөгүй газар тариаланчид өндөр үнээр улаан­буудайгаа улсад тушааж чадахгүй учраас өөртөө байгаа буудайгаа хэлсэн үнээр нь гурилын үйлдвэрүүдэд өгчээ. Ийм зүйл болж байна. Зарим тариалалтыг сүлжээний бизнес болгосон бол нөгөө хэсэг нь шударгаар бизнес хийх гэс­нийхээ төлөө хүнд цохилтонд орж байна. Үүний тод илрэл нь гурилын үйлдвэрүүд улсын шантааж, шахаанд автаад өндөр үнээр улаанбуудай худалдаж авах дарамтанд ороод байгаа явдал. “Нарантуул” захын наймаачин Батын өмдийг зарах гэж Ш.Сайхансамбуу гишүүн эсвэл хэн нэгэн сайд хөлөө эцтэл, хөлсөө гоожуулаад гүйхгүй нь тодорхой. Хэрвээ зориулалтын  элеватор, агуулах сав хангалттай байсан бол газар тариаланчид үр тариагаа зарах гэж  өнөөдөр сандарч, гүйхгүй байсан нь тодорхой.
 Улсаас өч төчнөөн мөнгө зарлагдан, үрийн нөөцөд авсан өнөөх улаанбуудай нь ирэх хавар гэхэд хүн тоож, нохой шинших аргагүй хөгцөрч мууд­чихсан байдаг талаар га­зар тариаланчид гомдоллодог.  Дотоодын үр тариагаа дотооддоо борлуулахын тул үр тариа болон хүнсний ногооны гаалийн албан татварыг улирлын ялгаагүйгээр 15 хувь байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ нь хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болсон хэмээн үзэх хүмүүс ч байгаа.  Засгийн газар дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих бод­лого баримталж байгаа нь зөв ч тооцоо судалгаагүйгээр тариалсан илүүдэл ургацыг өндөр үнээр худалдаж ав хэмээн хувийн хэвшлийнхний ажилд хутгалдах нь шударга явдал биш болов уу. Аливаа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэтрээд ирэхээрээ үнэ цэнгүй, илүүдэл хог болон хувирдаг. Энэ бол зах зээлийн тогтолцоо.  Аян хэрэгжүүлэхээсээ өмнө агуулах саваа барьсан бол өнөөдөр илүүдэл буудайгаа яах вэ хэмээн ингэж зовохгүй байсан биз. Эцэст нэг асуулт байна. Улсын жил бүр худалдан авдаг улайн буудай хаана байна. Хэн юунд зарцуулдаг болоод хэзээ хэрэглэх гэж нөөцөлж байгаа хэдий хэмжээний буудай байгааг хэлээд өгөөч.

Ж.Нямсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж