Э.Бат-Үүл: Уучлаарай. Тоглоом тоотой нь дээр шүү

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Уучлаарай. Тоглоом тоотой нь дээр шүү

Э.Бат-Үүл: Уучлаарай. Тоглоом тоотой нь дээр шүү

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт та орж байгаа. Ажлын хэсгээс бүлгийн хуралдаанд оруулах гэж байгаа хувилбар нь юу юм бэ?
-Урьдчилсан байдлаар хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэж амжаагүй санал тоолох үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлээд явья, бүлгийн шийдвэр гарсны дараа тооны хуваарилалт буюу пропорциональ, мажоритари суудлын харьцаа ямар байхыг ярья гэж тогтсон. МАН-ын бүлэг тооны хуваарилалтаа ярьчихсан шүү дээ. Одоо манай намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх ёстой, энэ бол ажлын хэсгийн эрх мэдлээс гадуур зүйл. Бүлгүүд дээр эхлээд ярилцах ёстой.

-МАН-ын бүлгийн тавьж байгаа 28:48-ыг танай бүлгээр хэлэлцэх юм уу, эсвэл шинээр өөр хувилбар ярьж байгаа юу?

-Тэрийг одоо ярина. Надад ч гэсэн ярих зүйл байна, гэхдээ би хувийнхаа бодлыг эхэлж гаргамааргүй байна. Зүгээр барьж байгаа зарчмуудаа хэлье. Нэгдүгээрт, хуулийг хурдан батлаасай гэж бодож байна. Гурван шатны сонгууль зэрэг явах учраас маш том сонгууль болно. Үүний бэлтгэл ажлыг хурдан хийхгүй бол сонгууль явуулах асуудал маань ч хүндэрч мэдэхээр байна. Хоёрдугаарт, парламентын гадна байгаа бусад намуудын саналыг авах хэрэгтэй. 2012 оны сонгууль улс төрийн жижиг намуудын оролцоо өргөн хангагдсан сонгууль болох ёстой гэдгийг би эхнээсээ хэлж байсан. Хөлбөмбөг тоглож байна гэж үзвэл тэмцээнд оролцож байгаа бүх баг нэг дүрмээр тоглох ёстой шүү дээ, зөвхөн хоёр том тоглогчийн эрх ашигт нийцсэн дүрэмтэй байж болохгүй. Ер нь бол холимог системээр явах ёстой гэдгийг УИХ-д суудалтай намууд ч, УИХ-ын гадна байгаа намууд ч хүлээн зөвшөөрсөн.

-Улс төрийн том тоглогчдоос гадна сонгогчдод бас тэр дүрэм хамаатай байх гэж бодож байна. Наад зах нь сонгуулийн тойргуудад хүн амын тоог тэнцүүлэх, төлөөллийн тэгш эрх гээд ярих ёстой зүйл байгаа биз дээ? Сонгууль гэдэг зөвхөн намуудын тоглоом юм шиг яриад байх юм?

-Харин би бас гайхаад байна. Яагаад хуучин тойргийг хөндөхгүй гэсэн яриаг тухайлбал, МАН-ын бүлгийн зүгээс гаргаад байгааг. МАН-ын 28:48-аар явсан ч тойрог шинэчлэгдэх ёстой шүү дээ. Одоо байгаа 26 тойргоо 48 хуваана, мажоритари 76 мандат чинь 48 болно. Манай бүлгийн хувьд нэг зарчим барьж байгаа. Хүн амынхаа төлөөллийг мандатын тоондоо зөв хуваарилах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүний мандатын төлөөлөх эрх харилцан адилгүй болчихоод байна. Ер нь бол аль ч улсад барьдаг зарчим нь сонгуулийн тойргийг засаг захиргааны нэгжээр бус, хүн амын төлөөллөөр нь хуваадаг.

-28:48-ын хувьд за яах вэ, ямар нэг байдлаар пропорционалийн элемент оржээ гээд дэмжлээ гэхэд танай бүлгийн зарим гишүүний ярьж байгаа шиг пропорциональ, мажоритариар авсан санал хоорондоо гүйдэг болчихвол одоо байгаа УИХ-ыг л энэ хэвээр нь эргээд гаргах хувилбар юм биш үү. Өөрсдөдөө зориулж хууль хийх гээд байна уу, тийм зорилгоор хууль хүлээгдээд байгаа юм биш үү гэсэн хардлага бас сонсогдоод байгаа?

-Тийм учраас би бусад намын саналыг заавал ав гээд байгаа юм. Яагаад намуудыг онцлоод байна гэхээр сонгуульд нэр дэвшүүлэх субьект нь өөрөө нам байхгүй юу. Тэгэхээр тэдний саналыг заавал харгалзах ёстой.

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа гишүүд тан дээр орж ирсэн үү?  20 гишүүн гарын үсэг зурсан эхний шаардлагын талаар та юу гэж бодож байна?

-Би энэ талаар байр сууриа илэрхийлэхэд их хүндрэлтэй байгаа юм аа. Яагаад гэвэл би тэдний цаад зорилгыг нь сайн ойлгохгүй байна. Засгийн газрыг огцруулах зорилготой юм уу, нам дамнасан албан ёсны эрх баригчдын эсрэг нам дамнасан албан ёсны сөрөг хүчин байгуулаад байгаа юм уу. Миний хамгийн их эмээж байгаа зүйл бол гуравдагч хөршийг Монголоос түлхэх тухай асуудал ярьж байгаа юм биш биз дээ гэдэг болгоомжлол.

-Яагаад?

-Сүүлийн хэдэн жилд Монголын уул уурхайн салбарт нэлээн ноцтой зүйлүүд гарлаа. Дорнодын Тамсагт Канадын компани хөрөнгө оруулаад, нефть хайж олоод ажиллах гэхэд нь дарамталсаар байгаад явуулсан. Нөгөөдүүл нь Хятадад худалдчихаад гараад явсан. Дорнодын ураны ордыг оросууд хаяад гарсны дараа Канадын компани орж ирээд 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд арай нэг амь оруулж эхэлж байтал бас дарамталаар байгаад гаргалаа. Оронд нь дахиад л оросууд ороод ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ бүгдээс манай уул уурхайд хөрөнгө оруулж байгаа гуравдагч хөршийн эсрэг үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр зохион байгуулагдаад эхэлсэн юм биш биз гэж хараад байна. Над дээр гишүүд орж ирээд гарын үсэг зураач гэдэг хүсэлт тавьсан. Би тэдэнд “Гуравдагч хөршийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа бол би хатуу эсэргүүцнэ шүү” гэдгээ хэлсэн.

Яагаад гэвэл 100 жилийн өмнө үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн өвөг дээдэс маань бидэнд үеийн үед захисан нэг зүйл бий. Та нар олон тулгуурт гадаад бодлого явуулаарай, гуравдагч хөрштэй болж аваарай, хоёр хөршийнхөө захиргаанд хязгаар нутаг болж байдаг энэ байдлаасаа гараарай л гэж захисан. Үүнийг хийх боломж ерэн онд л гарч ирсэн шүү дээ. Тэр үед бид олон тулгуурт гадаад бодлого явуулна, гуравдагч хөршийн сонирхлыг оруулж ирнэ гэдгээ ил тод, хоёр хөршөөсөө ч нуулгүй хэлсэн. Үүнээс хойш өрнөдийн хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх гэж бид 20 жил гуйсан юм. Барууны орнуудад айлчилсан манай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүдийн бүх протоколыг аваад үзээрэй. Бүгд “ирээч ээ” л гэж урьсан байдаг. Тэгээд одоо яасан. Гэртээ урьж авчирчихаад зодож байна шүү дээ, бүр нүдийг нь хөх булмаг болтол зодож байна. Нөгөөдүүл нь ч бүр цөхрөөд, аргаа барж байна. Өрнөдийн хөрөнгө оруулагчид иймэрхүү улс төрийн донсолгоог тэсэхдээ маш хэврэг байдаг. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа нь унаж өсөөд, тогтворгүй байдлын үр дагавар нь шууд гардаг байхгүй юу. Нью-Йоркийн, Лондонгийн бирж дээр Монголын талаар байнга ийм мэдээлэл байх юм бол хөрөнгө оруулагчид туйлдаад явахаас өөр аргагүй болно.

Нэг зүйлийг ойлго, хэрвээ “Рио Тинто” манайхаас гарвал хувьцаагаа хятадуудад юм уу, оросуудад л зарна. Дорнодод болсон явдал шиг. Ийм байдал руу яагаад түлхээд байгаа юм, гэрээ хэлцэл хийчихээд одоо юу яриад байгаа юм. Санаа зовмоор, ичмээр юм их болж байна л даа. Наад зах нь гэртээ урьж авчирчихаад зоддог боллоо. Ким Чен Ир гэж Хойд Солонгосын даргангуйлагчийн гадаад бодлого шиг зүйл явуулж байна шүү дээ. Тэр “Зургаан улсын хэлэлцээр” гэж нэг юм хийчихээд л тэднийгээ хулхидаад, үйлийг нь үзээд байдаг биз дээ. Нөгөөдүүл нь бүр цөхрөнгөө барчихсан, учраа олохоо байсан. Одоо Монголын гадаад бодлого ийм болж байгаа юм уу. Хулхины, тонуулын шинжтэй. Хэрвээ бид гадаадад иймэрхүү нэр хүнд олох юм бол үнэхээр хүнд байдалд орно, хэн биднийг тоох юм. Үүнд л би их санаа зовж байна.

-Гишүүд шаардлага тавих, гарын үсэг цуглуулах нь нэг талаар хуулиар олгогдсон тэдний бүрэн эрхийн асуудал байх л даа. Түүнийг нь яах вэ, процедурынх нь дагуу хэлэлцээд л нэг талд нь шийдчихнэ биз?

-Тиймээ тийм.

-Гэтэл сүүлийн үед бас нэг эмзэглэмээр зүйл нь “Нөгөө 20 чинь МАХН, МҮАН хоёртой нийлж сонгуульд орох нь. Улс төрийн хуваарилалт ингээд хийгдчихлээ” гэсэн бор шувуу нисээд байна. Тавьж байгаа асуудлаар нь шалтаглаж намаас нь шахаж байгаа ч юм шиг. Яах вэ, нөхдүүд сонгууль болж байхад хэсэгхэн хугацаанд богино зайны улс төр хийгээ л биз?

-Би яг үнэндээ энэ 20 гишүүний цаад зорилгыг мэдэхгүй байна. Тэр тусмаа гуравдагч хөршийн эсрэг элдэв бодлого явуулна гэж бодохгүй байна. Ямар ч монгол хүний ойлгох зүйл шүү дээ. Монголчууд бүгд л гуравдагч хөрштэй болсондоо, дэлхийд данстай, бие даасан гадаад бодлоготой болсондоо баяртай байдаг. Социализмын үед бидэнд тийм боломж байсан юм уу. Тийм учраас би 20 гишүүнийг “арай ч тэгэхгүй дээ” гэж бодоод байна. Гэхдээ үр дагавар нь тийм аюултай байхгүй юу. Улс төрийн тоглолт байж болно оо. Гэхдээ уучлаарай, тоглоом тоотой нь дээр шүү. Ийм харалган, хариуцлагагүй тоглоомын үр дагавар нь хүнд тусна шүү. Үүн дээр би үнэхээр байр сууриа хатуу илэрхийлнэ. Тэр битгий хэл Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж байхад зарим нэг гишүүдийн амнаас “Айвенхоу майнз”-ийг хөөгөөд гаргачихад Монгол Улсад тавих төлбөр торгуулийг нь хоёр хөршийн компани төлье л гэж байна шүү дээ гэж ам алдаж байсан л байсан байхгүй юу. Би тэгэхэд “арай ч дээ, монгол хүн мөн үү” л гэж бодож байсан. Би дахин дахин хэлдэг. Бид хоёр хөршөөсөө нүүхгүй ээ, манай хоёр хөршийн хөгжил дэвшил бидний хөгжил дэвшлийн нэг хөдөлгөгч хүч. Бид хоёр хөрштэйгээ сайн хөршийн харилцаатай байх нь амин чухал асуудал. Сүүлийн үеийн Монголын эдийн засгийн өсөлт Хятадын эдийн засгийн өсөлтийн л үр дагавар шүү дээ, явж явж. Манай төрийн ухаантай бодлогын үр дүн нэг их байхгүй л болов уу. Хятадын эдийн эдийн засаг дахиад өсөхөд манай эдийн засаг дахиад өснө, Хятад бол яах аргагүй манай гол зах зээл.

Гэхдээ бид олон тулгуурт гадаад бодлоготой, олон тулгуурт харилцаатай улс баймаар байна. Бид XX зууны туршид хоёр хөршийн дунд амьдарч, тэд бидний асуудлыг шийдэж ирсэн гунигтай түүхтэй улс. Энэ түүхийг хоёр хөрш маань ч хүлээн зөвшөөрдөг. Манай асуудлыг Хиагтад, Москвад, Бээжинд л хэлэлцдэг байлаа шүү дээ. Бид ерэн онд хувьсгал хийхдээ “тэгмээргүй байна аа” гэдгээ л хэлсэн шүү дээ. Бид хоёр хөрштэйгээ ч сайхан харилцана, дээр нь олон тулгуурт гадаад бодлого баримтална, гуравдагч хөршийн сонирхлыг ч оруулж ирнэ гэсэн. Гуравдагч хөршийн хүсэл сонирхлыг оруулж ирэхэд хөрөнгө оруулалт маш чухал, дан ганц улс төрийн сонирхлоор явахгүй. Тиймээс бид тэдний бодит сонирхлыг оруулж ирэхийн тулд хөрөнгө оруулалтыг 20 жил гуйсан. Ирээч та нар, хөрөнгөө оруулаач гэж.

Ямар ч утгаар бодоод үзсэн, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт манай хоёр хөршид ч бас ашигтай. Төв Азийн асар их баялагтай нутагт дэлхийн хамгийн шилдэг технологи, байгальд ээлтэй технологи орж ирнэ. Жишээ нь, Монголын байгаль сүйдэхэд хамгийн түрүүнд манай хоёр хөрш өртдөг. Яагаад гэвэл Сибирийн энэ их ойг тэтгэж байгаа усны сав газар нь Монголд байдаг. Монголд цөлжилт явагдахад Хятад өртдөг. Үнэндээ манай хоёр хөршийн технологи хоцрогдсон. Тэд ч гэсэн гаднын хөрөнгө оруулалтыг хадаг барин гуйдаг. Хятадын эдийн засаг ингэтлээ хөгжсөний нууц нь гаднын хөрөнгө оруулалт шүү дээ. Өрнөдийн өндөр хөгжилтэй орнууд хөрөнгө оруулаагүй бол Хятад улс өнгөрсөн зууны тавиад оныхоороо л үлдэх байсан. Өнөөдөр эдийн засгаараа гайхуулж чадахгүй байсан. ОХУ л гэхэд үндсэн хөрөнгөний 80 хувь нь жараад оны элэгдэл болчихоод байна. Тэгээд өрнөдийнхнийг “орж ирээч ээ” гэж гуйж байна. Бид ч гэсэн ялгаагүй, хөгжмөөр байна шүү дээ. Бид дэлхийд данслагдсан дансаа эдийн засгийн хувьд баталгаажуулмаар байна. Энэ бол бидний жам ёсны хүсэл зориг. Гэхдээ харамсалтай нь нөгөө “Трояны хаалга нээнэ” гэж үг байдаг даа, түүн шиг бодлого явуулаад байвал харамсалтай л байна. Өрнөдийнхөн гарвал хоёр хөршийн аль нэгд нь зараад л явна биз дээ. Хэрвээ энэ стратегийн бүх орд манай хоёр хөршийн мэдэлд оччихвол манай төрийн бодлогыг хоёр хөрш л шийднэ. Муугаар бодоход манай уул уурхайгаас олсон мөнгөнөөсөө жаахныг хаяхад л нэг бол Хятадын төлөө нам нь, нэгээ бол Оросын төлөө нам нь гараад явна. Бид ингэж амьдрахгүй. Ийм явдал болоод байна шүү дээ.

-Цаана нь ямар улс төр яваад байна аа. Үнэхээр тэр 20 гишүүн чинь МАХН, МҮАН-тай адил бодлого явуулаад байна уу, эсвэл АН, МАН-ын зүгээс үүгээр далимдуулж тэднийг шахах бодлого бариад байна уу?
-Хэрвээ тэдний тавьж байгаа асуудал УИХ дээр орж ирвэл би өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Түүнээс биш тэднийг дарамталж, шахаж байгаа асуудал надад ч байхгүй, манай бүлгийн бусад гишүүнд ч байхгүй. Гуравдагч хөршийг хөөж гаргах тухай асуудал байж болохгүй гэдгийг бид зүгээр л хэлж байгаа. Бид дэлхийн шинэ технологийн эринд амьдармаар байна, өндөр хөгжилтэй орнуудын менежмэнтийг оруулж ирмээр байна. Манай уул уурхайн салбар өрнөдийн хөрөнгө оруулагчдын менежмэнтээс маш их юм суралцаж байна шүү дээ, хэзээ урьд нь ийм байлаа. Тиймээс л бид ингэж яриад байна.

-Тавантолгойн хэлэлцээртэй холбогдуулж УИХ-ын 39-р тогтоолд өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн үү, УИХ өөрөө?

-Тавантолгой дээр Засгийн газрын шийдвэрийг хараад би маш их гайхсан, дургүйцэл төрсөн. Тэр хэлэлцээр дээр хэд хэдэн ноцтой зүйл харагдсан. Хамгийн наад зах нь Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдыг оролцуулаагүй явдал үнэхээр гайхаш төрүүлсэн. Өнгөрсөн 20 жилд Монголын эдийн засагт тулгарсан бэрхшээлийг туулахад хамгийн том хандивлагч орон Япон байсан, БНСУ байсан. Тэгээд танай хөгжил дэвшилд оролцьё, хамтарья гэхээр хөөгөөд явуулчихдаг нь яаж байгаа юм. Манай Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд Японд бүгдээрээ айлчилсан. Айлчлахдаа юу хэлж байсныг би маш сайн мэднэ. “Та нар минь ороод ирээч, хөрөнгөө оруулаач” л гээд байсан. Тэд гадаад бодлогыг маш хариуцлагатай ярьдаг улс. Ярьсан л бол хийдэг улс. Тийм учраас тэд гайхаад байна шүү дээ. Энд ирээд юу ярьсан бэ, тэнд очоод юу хийж байна аа гэж. Бид чинь Кин Чен Ир биш шүү дээ. Тавантолгой дээр жишээлээд Монголын төрийн бодлого ямар болж хувираад байгаа юм бэ гэдгийг би маш их гайхсан. Ерөнхийлөгч нь Японд очоод, парламент дээр нь алдарт үгээ хэлээд, япончуудыг алга ташуулаад, стратегийн түншлэл яриад байсан. Дараа нь Москвад очоод стратегийн түншлэл яриад ирсэн. Гэтэл Ерөнхий сайд нь Хятадад очоод ирэхдээ 40 хувийг нь Хятадад өгнө өө гээд ирсэн. Нөгөө Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн байдаггүй. Хэнд, юу харуулаад байгаа юм.

-Гэтэл одоо гадаадын хэвлэлүүдийг харахаар, ялангуяа Оросын хэвэлүүдэд “Оросын хувийг нэмэгдүүлэхийн тулд Тавантолгойн хэлэлцээрийг зогсоосон юм аа” гэж бичээд, Япон, Солонгосын асуудал огт хөндөгдөхгүй л байгаа биз дээ?

-Ямар ч байсан Засгийн газарт чиглэл өгөгдсөн. Уг нь бол Засгийн газар Тавантолгойн асуудлаар гарсан УИХ-ын тогтоолыг л унших ёстой шүү дээ. Аль аль талын сонирхлыг тэнцвэртэйгээр хангана гэж тэнд нь бичээстэй байгаа. Мэдээж хэрэг бид Хятадыг, Оросыг оруулахгүй яадаг юм, тэгэхдээ гуравдагч хөршүүдээ бас оруулах ёстой. Уг нь бол Хятад, Орос, гуравдагч хөрштэйгээ нийлээд орох юм бол зах зээл нь, тээвэр нь бэлэн, дээр нь өрнөдийн өндөр технологи орж ирнэ. Магадгүй дэлхийд хосгүй консерциум гарч ирэх байхгүй юу.

-Тогтоолд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Би бол тогтоолд өөрчлөлт оруулахын эсрэг байгаа. Ийм савласан, ийм тодорхойгүй, ийм хулхи бодлоготой гэдгээ дэлхийд харуулах хэрэггүй гэж хэлээд байна. Тогтоолд өөрчлөлт оруулах биш, Засгийн газар тэр тогтоолд нийцүүлэх тухай л ярих ёстой. Ямар ч байсан Засгийн газар асуудлаа оруулаад ирэг. Бид одоо дэлхий дээр өөрийнхөө бодлогыг өөрсдөө тодорхойлж, өөрсдийнхөө сонирхлыг илэрхийлж амьдарна. Энэ бодлого маань хичнээн их амжилтад хүрсэн жишээ нь өнөөдөр манайд ХБНГУ-ын Канцлер, АНУ-ын Ерөнхийлөгч айлчилж байгаа явдал мөн биз дээ. 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж байсан тэр баатрууд өнөөдөр босоод үүнийг харсан бол ямар их баярлах байсан бол. 1911 онд Сайн ноён хан Намнансүрэн Санкт Петербургт очоод гуравдагч хөршийг олж авах гээд дийлээгүй. Нөгөөх нь Орос, Хятад хоёроос айгаад зугтаад явчихсан. Шөнөөр хувцсаа солиод явсан байгаа юм шүү дээ, Оросын албаныхнаас нуугдаж.  Япончуудтай холбоо тогтоох гээд чадаагүй. Энэ үйл ажиллагааг эхлүүлж байсан хүмүүс бүгд амь насаа алдсан. Дараа нь 1930-аад Герман, Франц руу оюутан явуулаад, бас л нөгөө гурав дагч хөрш рүүгээ тэмүүлсэн. Дараа нь бүгдийг нь шоронд хийгээд, хяргаад дууссан. Ийм бүдүүлэг бодлогын уршгаар бид дандаа дэлхийгээс таслуулж ирсэн.

Тийм учраас өнөөдөр би М.Энхсайхан тэргүүтэй нөхдүүд, зарим гишүүдийн ярьж байгааг сонсоод үнэхээр гайхдаг. 1930-аад онд яг ийм уриа явсан байхгүй юу, “гадаадын капиталыг шахан зайлуулья” гэж. Тэгээд Монгол Улсад хөрөнгө оруулж байсан барууны бүх компанийг зайлуулсан. Америкийн, Голланд, Данийн компаниудыг. Оронд нь Зөвлөлтийн хоршоо орж ирсэн, бид Зөвлөлтийн колони болсон. Өнөөдөр яг тэр үг яриаг сэргээж байна шүү дээ. М.Энхсайхан бүр донгосч байгаа юм, “мөлжигч” ч гэх шиг.

-М.Энхсайханы гаргасан есөн зүйл тунхаг гэдэг зүйлийг сонссон уу? Монголын хүн амын 80 хувь нь зээлтэй байна аа, энэ бүх зээлийг хүчингүй болгоё гэж. Сонгууль дөхөж байхад санал авахгүй байхын аргагүй “пиар” байгаа биз. Эсвэл хүмүүс арай ч тийм болчихоогүй болов уу. Хамт улс төрд орж ирсэн нэг үеийн, нэг үнэт зүйлтэй явж ирсэн улстөрчийн хувьд та түүнд хандаж эрх хүн шиг хэдэн үг хэлэхгүй юу?

-Би харин эр хүн шиг хэлчихье. Албан тушаалгүй болохоороо хүүхдийн мөнгө өг гэж шаарддаг, албан тушаалд очихоороо өгөхгүй гэж ярьдаг. Ард түмнээ их тэнэг гэж боддог юм уу, мал болчихсон гэж ойлгоод байгаа юм уу. Манай ард түмэн мал биш ээ, их өөрөөр сэтгэдэг болсон, 20 жилийн дотор их өөрчлөгдсөн шүү дээ.

-Эсвэл их ядуу гэж бодож байх шиг байна, тийм үү?

-Их олон зүйлийг буруу төсөөлж байна даа. Аврагч болоод л оччихвол алдагдсан эрх мэдлээ буцааж авна гэж бодоод байна. Одоо тийм тоглоом явахгүй ээ.

-Тэгвэл эрх мэдлээ эргүүлээд олоод авбал юу хийх бол, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох уу?

-Дарангуйлал тогтоно, Ерөнхийлөгчийн засаглал тогтох бага хэрэг. ҮШН-ын баримт бичгийг хүмүүс сайн үзэх хэрэгтэй, одоо МҮАН болчихлоо л доо. Тэнд “хувийн өмчийг хураана” гэж байгаа. Дарангуйлагчид хувийн өмчийг хэзээ ч үздэггүй юм. Коммунистууд хувийн өмчийг хурааж авдаг, нацистууд бол өмчийн эзнийг манаач болгодог. Тийм хүлээж авахын эцэсгүй улс төрийн зорилт тавьж байгаа шүү дээ.

-Гэхдээ бас улс төрийн бас нэг шинэ онигоо гараад байгаа, одоо бараг ч хуучирч байгаа байх. “АН, МАН хоёр нийлж, МАХН, МҮАН хоёр нийлж сонгуульд орох юм гэнэ ээ” гэж. Ардчилсан нам, Ардын нам хоёрын хооронд ялгаа харагдахгүй байна л гэсэн үг байх л даа. Тэгэхээр ирэх сонгуульд хэн, хэнтэй, яаж өрсөлдөх болж байна аа?
-Хэрвээ ард түмэн бусад намыг оруулаад ирвэл тэд эвсээд, нийлээд ямар нэг юм хийх л байх. Энэ бол ард түмний сонголтын асуудал. Ер нь бол Н.Энхбаяр, М.Энхсайхан нам байгуулж байгаа нь ардчилсан нийгэмд байх л асуудал. Гэм нь хулгайч аятай намуудын нэр хулгайлаад яваад нь л жаахан дургүй хүрдэг болохоос биш. Тэгээд тэр намаа байгуулаад, сонгогдоод ород ирнэ л биз, парламент дотор үгээ хэлнэ л биз.

-Гэхдээ магадгүй, МАН хуучин МАХН-ынхаа байран дээр, Ардчилсан нам ч бас анх байсан МҮАН-ынхаа байран дээр байж чадаагүй учраас тэр орон зай дээр тоглоод, намынх нь нэрийг аваад байгаа юм уу?

-Хэрвээ тийм байсан бол үнэхээр сайнсан. Үнэхээр МҮАН байх үеийн тэр бодлого, үнэт зүйл алдагдаад, тэгэхээр М.Энхсайхан маань тэр үнэт зүйлийг алдагдуулахгүй гэж эргэж улс төрд орж ирж байгаа бол би цэцэг бариад угтахсан, тэгээд М.Энхсайхантайгаа нийлээд явахсан. Гэтэл тэр байгуулсан намынх нь үзэл баримтлал “хувийн өмчийг хураана, гуравдагч хөршийг зайлуулна” гэж байна шүү дээ. Хариуцлагыг чангатгана, төр иргэдээ хариуцлагатай болгоно гэнэ. Угаасаа төрийн дуртай ажил шүү дээ. Төр хариуцлага тооцдог болоод ирэхээрээ л дарангуйлал руу орж байгаа юм. Хариуцлага, үүрэг гэдэг бол иргэдийн сонголтын асуудал. Сайн сайхан амьдралынхаа хариуцлагыг иргэн хүн өөрөө үүрсэн байдаг юм, өөрсдөө ухаарсан байдаг юм. Тиймээс аливаа ардчилсан нийгэмд иргэдэд хариуцлага хүлээлгэхээсээ илүү дүрэм журамтай байя, дүрмээ мөрддөг байя л гэдэг. Бас “төрийг шүт” гэж байгаа. Төрийг шүтэх эс шүтэх чинь бас л иргэдийн сонголт. Төр нь төр шиг байвал шүтэж л таарна, төр шиг байж чадахгүй бол шүүмжлэх л болно. Тийм учраас энэ бол яавч манай МҮАН-ын бодлого биш. Манай МҮАН-ын бодлого бол “хүний хувийн өмч халдашгүй шүү, хүний хувийн эрх чөлөө тэр хүнд өөрт нь байдаг юм, иргэдийн хариуцлага ч бас иргэн хүнд өөрт нь оногдсон зүйл шүү” гэж байгаа. М.Энхсайхан шал эсрэгээр нь явж байна.

-МАХН-ын дарга асан С.Баяр саяхан хэвлэлүүдэд ярилцлага өгсөн. Тэр “Сонгуулийн дараа ч хамтрах шаардлага гарна шүү” гэж их заналтай хэлсэн байна лээ. Ирэх сонгуулийн үр дүнг аль хэдийн тооцчихоод, түүнийг яаж хийхээ хүртэл төлөвлөчихсөн хүн шиг сонсогдож байсан?
-С.Баярын хамгийн зарчимгүй үг энэ байгаа юм. Анх л С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулна гэж ярих үеэс би эсэргүүцсэн, яг үнэндээ бараагүй юм.

-Ийм байх нь С.Баярт жишээ нь амар байна, тийм үү. Засаг барьж байгаа нөхдүүдэд?
-Энэ бол яг үнэндээ Монголын шинэ сонгож авсан төрийн хэлбэрийг үгүйсгэж байгаа юм. Парламентат төр гэдэг бол эрх баригч олонхи, түүнийг хянаж цагдаж байдаг сөрөг хүчин хоёр. Энэ хоёр байж парламент нь парламент шиг байдаг. Энэ УИХ-ын нэр хүнд унасан явдал, парламентат ёс шившиг болж байгаагийн шалтгаан үүнд л байгаа юм. Хянаж байгаа юм ч алга, эрх барьж байгаа ч юм алга, холион бантан л байна. Энэ бол С.Баярын урласан төр. Тийм учраас ирэх сонгуулийн дараа дахиад хамтарна аа гэх юм бол би өөрийнхөө сонголтыг хийнэ, хийхдээ нэлээд дорвитой хийнэ. Тийм ч учраас сонгуулийн өмнө “Ялсан нь засгаа байгуулж, ялагдсан нь сөрөг хүчнээ хийнэ шүү” гэдэг зарчмыг намаар заавал гаргуулна. Тийм тоглоомын улстөрд дахиад орохгүй.

-Аль нь ч олонхи болохгүй бол яах юм?

-Тэгвэл хамтраад л Засгийн газраа байгуулна шүү дээ. Гэхдээ хамгийн олон суудал авсан нам нь өөрийн үзэл баримтлал, дэвшүүлж гаргасан бодлоготой нийлж байгаа тэр намтай хамтарч Засгийн газраа байгуулна. Энэ бол Үндсэн хуулиар заасан парламентат ёсны хэлбэр. Манай Үндсэн хуульд нэг зүйл хориотой. Олонхи болчихоод өөр намтай хамтарч Засгийн газар байгуулж болдоггүй.

-Ямар ч байсан хамгийн олон суудал авсан хоёр нам, тэр тусмаа эсрэг тэсрэг үзэл баримтлал, бодлого чиглэлтэй намууд хамтраад байж болохгүй нь тийм үү, өнөөдрийнх шиг?
-Болохгүй шүү дээ. Гэхдээ яг үнэндээ МАН бол зүгээр л хяналтгүй, шүүмжлэлд дургүй нам. Хэн нэг нь хажуунаас хараад, шүүмжлээд, сөрөг хүчин байхыг тэвчдэггүй нам.

-Хэрвээ танайх хамгийн олон суудал авсан боловч Засгийн газар байгуулах хэмжээнд суудал чинь хүрэхгүй бол, эсвэл эсрэгээрээ МАН тийм байдалд орвол танай хоёр дахиад хамтрах уу?

-Яалаа гэж. МАН хууль ёсныхоо сөрөг хүчнээ хийгээд 2016 онд ялахаа бодсон нь дээр биз дээ. Намуудын энэ хамтрал цаашаагаа удаан явбал парламентын төр хэрэггүй болно. Ямар ч ач холбогдолгүй болно. Парламентын төр зайлшгүй эрх баригч, сөрөг хүчний хуваагдал дээр тогтдог. Тэр төр хэрэггүй болно, парламентын ардчилал нэр хүндээ алдаж, унах болно. Тэгээд бид аргагүйн эрхэнд Ерөнхийлөгчийн засаглал руу явна даа.

-Танай намын бүлгийн гишүүд, эсвэл Засгийн газрын гишүүдээс чинь “хамтарсан Засгийн газар үр дүнгүй юм байна” гэж хэлж байгаа, ямар нэг байдлаар энэ хамтралаас сургамж авсан хүн байна уу?

-Би хувьдаа хамтарсан Засгийн газар их удаан ажилладаг юм байна гэдэг сургамж авлаа. Бусад бүлгийн гишүүд юу бодож байгааг би мэдэхгүй. Тийм их дорвитой зүйл шийдэж, шийдэмгий ажиллаж чадсангүй. Асуудлыг шийдэх гэхээр нэг нь нөгөөдөө тээг тавиад, нэг л их зүрхшээсэн байдлаар л гурван жил явлаа шүү дээ.

Б.СЭМҮҮН
"Ардын эрх" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж