Ц.Улаанхүүгийн ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Ц.Улаанхүүгийн ялыг хэвээр үлдээв

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг нийслэлийн шүүх өнөөдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Шүүх хуралд түүний өмгөөлөгчөөр Д.Халзан, Д.Алтанцол нараас гадна даргалагч шүүгчээр нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа оролцсон бол улсын яллагчаар Г.Мижиддорж, мөн шүүх бүрэлдэхүүнд Д.Дамдин-Од, С.Даваасүрэн нар багтжээ.

Ц.Улаанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болж,  Ц.Улаанхүү начин Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/  мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн болохыг нотлох хангалттай баримт байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар Ц.Улаанхүү нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан  нь тогтоогдсон тул 11 жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хураан авсан 523 грамм мансууруулах бодисыг устгах, батлан даалтад  гарахдаа  төлсөн гурван сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гарч, урьдчилан хорих 461 дүгээр ангид хориод байсан юм. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж нийслэлийн шүүхэд давж заалдсан боловч нийслэлийн шүүхээс түүний ялыг хэвээр үлдээв.

Ц.Улаанхүү өмгөөлөгчөөрөө дамжуулж, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүх буюу Улсын Дээд шүүхэд хандах эрхтэй юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж