Төлөөлөгчдийн тэргүүн, хатагтай Дагмар Энкельманн хэлэхдээ хорин жилийн өмнө Монгол улсад айлчилж байсан бөгөөд тэр үеэ бодвол Улаанбаатар хот эргээд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байна. Харин автобусны буудал дээр миний таньдаг хүн зогсож байхыг харлаа. Тэр хүн БНАГУ-д орчуулга хийж байсан, энэ өнөөдрийн уулзалтанд оролцож, бидний өөдөөс хараад сууж байгаа Л. Энхтайвантай уулзаж байгаадаа баяртай байна.
Хоёр орны өнө эртний харилцааг гүнзгийрүүлэхэд та бүхний хүчин чармайлт тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн бидний айлчлал нь ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын бүрэлдхүүнд орсон айлчлал бөгөөд ирэх жил Герман-Төв Азийн Парламентын бүлгийн гишүүд Монгол улсад айлчлахаар төлөвлөж байгаа. Харин одоо бид ирэх 12 дугаар сард болох Монголын парламентыг төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэл ажлыг хангах ажилдаа ороод байгаа гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Одхүү хэлэхдээ, Европын улсуудаас Монгол улсад хамгийн элэгтэй улс бол Герман улс гэж ойлгодог. Монгол улс парламентын засаглалыг сонгохдоо Европын орнуудын парламентын системээс нэлээд зүйлийг нутагшуулсан гэж би үздэг. Түүний дотор Герман улсын Бундестагийн ажиллах систем, ялангуяа сүүлийн үед сонгуулийн системийг хүртэл нарийвчлан судалж, өөрийн оронд хэрэгтэй зүйлийг тусгах нь зүйтэй гэсэн саналууд ч гишүүдийн дунд байгаа. Би тэдэнтэй санал нэгддэг. Бид ийнхүү харилцан айлчилж мэдээлэл солилцохоос гадна цаашид гишүүд хоорондоо интернэт ашиглан санал бодлоо солилцох ажлын багтай болох нь зүйтэй юм гэж онцолсныг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.