
Эрүүл мэндийн яамны Нүдний ерөнхий мэргэжилтэн, Нарийн мэргэжлийн зөвлөлийн дарга, ЭМШУИС-ийн профессор Ш.Баасанхүү энэ үеэр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 90-ээд оны сүүлчээр дэлхий дээр 45 сая сохор хүн байна гэж мэдээлсэн. Үүний 80 хувь нь зайлсхийж буюу урьдчилан сэргийлж, эмчилж болох сохор байна хэмээн мэдээлжээ. Тэдний тооцоолсноор энэхүү тоо 2020 он гэхэд хоёр дахин ихэснэ гэсэн судалгаа гарчээ. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллага зайлсхийж болох сохрыг устгах санаачилга гаргаж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгуулагуудыг нэгтгэн уриалга гаргасан. Үүнд бүх орны Засгийн газар нэгдэж орсон. 2003 онд манай Засгийн газар нэгдэн орж, үе шаттайгаар үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр эхний долоон жилийн ажлаа дүгнэсэн. Одоо үлдсэн арван жилдээ тав таван жилээр хоёр үе шаттай үйл ажиллагаа явуулан ажиллахаар төлөвлөөд байгаа” хэмээн мэдээлсэн юм.
Энэ жил дэлхийн хараа хамгаалах өдрийг “Сохрол, сул харааг бууруулахад хамтран зүтгэе” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд үүгээр зөвхөн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтэн нар бус, ард түмэнтэйгээ хамтран зүтгэж, энэ талын ойлголт, мэдээллийг илүүтэй өгч, ажиллах юм байна.