Хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулж байна

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Ажлын байр амьдралын баталгаа” нэртэй хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр халамжийн газар, Авто замын газрууд хамтран энэ удаагийн хөдөлмөрийн өдөрлөгийг зохион байгуулж буй аж. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн хөдөлмөрийн газарт өнөөдрийн байдлаар 4300 ажлын байрны захиалга ирээд байгаа бөгөөд гол төлөв барилга, худалдаа үйлчилгээний салбарыг хамарч буй юм. Мөн ажил олгогч нарын зүгээс иргэдэд ажил санал болгож байна. Тухайлбал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс”, “Алтайн хүдэр” зэрэг компаниудад жолооч хамгийн их хэрэгцээтэй аж. “Энержи ресурс” компанийн хувьд жолооч нарын цалин рейсээсээ хамаарна. Нэг рейсийн үнэлгээ дунджаар 120 мянган төгрөгөөр үнэлэгддэг. Гэхдээ ажилд шинээр орох жолооч нарын хувьд нэг рейс нь 90 мянган төгрөгөөс үнэлэгддэг байна. “Алтайн хүдэр” компанийн хувьд дунджаар 700 мянгаас 800 мянган төгрөгийн хооронд цалин хэлбэлзэх аж. Ер нь ажил олгогч нарын хувьд туршлага ихээхэн чухал гэж үзэж байна.

Мөн мэргэжилтэй ажилчин бэлтгэх чиглэлд Засгийн газар анхаарлаа хандуулан ажиллаж буй. Энэ хүрээнд их, дээд сургуулиудтай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа. Хэрэв та мэргэжилтэй ажилчин болж, өндөр цалин авахыг хүсч буй бол ШУТИС, МИС-ийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлж болно. Автын цахилгааны тоноглолын засварчин, экскваторчин, цахилгаан хийн гагнуурчин, токарьчин зэрэг мэргэжлүүдээр сургаж, төгсгөх юм байна. Та суралцах хугацаандаа сар тутамд тэтгэлэг авна. Тэтгэлэг хоёр янз, есдүгээр анги төгссөн залуусын хувьд сард 45 мянган төгрөгийн тэтгэлэг, 23-аас дээш насныханд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, сард 140400 төгрөгийн тэтгэлэг олгоно. 

“Ажлын байр амьдралын баталгаа” хөдөлмөрийн өдөрлөг маргаашийг дуустал МҮЭСТО-д үргэлжилнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж