Гэр хорооллын хэцүү олон

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын хэцүү олон

Хог шороо, утаа униар гээд мундахгүй олон асуудлын эзэн нь гэр хороолол гэхэд буруудахгүй. Байдаг бүх л муу муухайг гэр хороолол руу чихдэг нь гэм биш зан. Тэгвэл тэдэнд бас том асуудал байдаг юм шүү. Энэ бүг­дийг дурьдаад байвал ер нь мундахгүй олон. “Ертөнцийн гурван хэцүүгийн нэг юу вэ” гэвэл “Гэр хорооллын хэцүү олон” гэхээр. Хотын төвөөр дуу хангинуулан дав­хиад байдаг хогийн машин хаана бай­на вэ. Гэр хороололд  хог ачих машин ирнэ гэдэг нүд­ний гэм. Ирсэн ч хог ачих биш, асгачихав уу л гэмээр болгож орхино. Тоосжилт их­тэй гэгд­дэг гэр хороолол ин­гэж нэг муу нэр авна. Ажлаа тараад гэртээ харихаар явахад гэрэлтүүлэг гэж байхгүй. Таг харанхуй гудамжаар урдах замаа олж ядан гэлдрэх нь бас нэг хэцүү. Хотын гэрэлтүүлэг гээд багагүй мөнгө зарцуулдаг хэрнээ гэр хороолол нь таг харанхуй. Олон жилийн өмнө хуучин хэдэн гэрэл тавьсан ч тэр гэрэл нь одоо асах нь байтугай хагарсан шилний үйрмэг болчихсон. Гэмт хэрэг, тэр дундаа дээрэм тонуул, хулгай гээд хэргийн эх сэжүүр нь гэрэлтүүлэг муутайгаас болж байгаа. Харин айл өр­хийн гэрэл цахилгааны хувьд мөн л адил лааны гэрэлд амьд­ралаа залгуулсаар л бай­на. Орон нутгаас шинээр айл нүүж ирэхэд бүртгэлгүй, харь­яалалгүй гэсэн олон шалт­­гаанаар цахилгаан зал­гана гэж байхгүй. Ингээд л чи­рэгдэл учруулж эхэлнэ дээ. Ца­хилгааны утас, хол­­болтын хураамж гэж нэ­­лээд их мөнгө зар­цуулна. Уг нь “Цахилгааны утас нь төслийнх тул ард иргэдэд үнэ төлбөргүй өгнө” гэж байсан. Харин энэ бүг­дийг хэлэхэд “Тэр төсөл чинь хэрэгжихээсээ өнгөрсөн” гээд утсаа хураагаад авах жи­шээтэй. Ингэж нэг юм тогны бараа харна шүү дээ. Хэцүү гэ­хэд нэлээдгүй тарчиг энэ гэр хорооллыг одоо бас нэг зо­­воогчтой болгочихлоо. Тэр нь хараахан ха­раг­даж үзэг­­дээгүй утааны байцаагч юм. Нөгөө утаа бага гаргадаг шинэ зуухгүй л бол гэр хороол­лын­хон тэгээд золигт гарах нь тэр дээ.

Гэхдээ тэр зуух нь бас асуудалтай. Төрөөс ихэнх мөн­гийг нь төлөх ч гэлээ асааж суртлаа л үйлээ үзнэ. Бас бо­лоогүй, нүүрсийг асгах нь холгүй түлдэг байсан бол одоо долоо хэмжиж, нэг түлэх арга ухаанд сурах шаардлагатай болчихоод байна. Ер нь хэцүү бүхэн гэр хороололд байсаар л байна. “Гэр хорооллын хэцүү олон” гэж.

Э.БАЯСГАЛАН

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж