Ю.Тимошенкогийн ялагдал украйнчуудыг ”хөдөлгөв”

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Ю.Тимошенкогийн ялагдал украйнчуудыг ”хөдөлгөв”

Жүржийн хувьсгалч, нийг­­мийн зүтгэлтэн, Ерөн­хий сайд асан, ард түмний элч гээд олон сайн тодотгол Ук­райн улсын нэгэн хү­чирхэг эмэг­тэйн нэрийн өмнө “чимэг зүүлт” мэт бичигдэж байсан үе саяхан.

Тэр хүн бол мэдээж украйн­чуудын итгэлийг хү­лээ­сэн Ю.Тимошенко. Түү­нийг ОХУ-тай хууль бус бай­­галийн хийн гэрээ хийсэн хэ­мээн өнгөрсөн наймдугаар са­рын 5-нд баривчилсан би­лээ. Мөн Ерөнхий сайд байх хугацаандаа албан ту­шаа­лаа ур­вуулан ашигласан, хувь­даа их хэм­жээний ул­сын хөрөнгө завшсан гэх үн­дэс­лэл украйнчуудыг төө­­рөгдүүлж орхисон. Тэрбээр ба­­ривчлагдсан даруй­даа л шу­дарга ёсны талаар шүүмжилж, өөрийг нь хилс хэрэгт гүтгэж байгаа талаар удаа дараа мэ­дэгдэж байв.

Түүнийг “Ийм зүйл хийгээ­гүй байх” гэсэн найдлага ард түмэнд нь байсан ч тус улсын шүүхээс долоон жилийн ял оноолоо. Шүүхийн зүгээс түү­ний ОХУ-тай хийсэн гэ­рээ Украйн улсад томоохон хо­хирол учруулсан гэж бу­руутгасан бөгөөд шүүх хур­лын эцэст үг хэлэх бо­ломж олгоогүй талаар эх сур­валжууд онцлов.

Ю.Тимошенкод ийнхүү долоон жилийн ял оноосонд АНУ, Европын холбоо эсэргүүцлээ илэрхийлж  “Улс төрийн явуулга” гэсэн товч байр суурийг илэрхийлж, улмаар шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж буй. Харин ОХУ-ын зүгээс АНУ, Европын холбооны энэхүү байр суурийг эсэргүүцэж, “АНУ болон Европын холбооны уг мэдэгдэл ОХУ-ыг эрс буруутгаж байгаа нь илт байна. Энэ бол цэвэр өдөөн хатгалт. Манай улсын зүгээс Ю.Тимошенкод долоон жилийн ял оноогоогүй. Украйн бол тусгаар тогтносон орон. Тусгаар тогтнолоо зарлаад удаж байгаа байр сууриа олсон улс. Энэ улсын дотоод асуудлыг ОХУ-тай холбох нь утгагүй хэрэг” гэжээ. Мөн ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “Шүүх яагаад ийм шийдвэр гаргасан юм бол” хэмээн гайхаж буйгаа илэрхийлсэн аж. Гэхдээ тэрбээр 2009 онд Украйны эрчим хүчний фирм болох “Нафтогаз” болон ОХУ-ын “Газпром”-тай байгалийн хий нийлүүлэх тухай нууц гэрээ хийсэн талаар олон зүйл тайлбарласангүй.

Харин Ю.Тимошенког дэм­жигч талынхан шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж гудамжинд гурван өд­рийн жагсаал хийхээ мэдэгдэж байгаа. Тэд “Түүнийг ялласан нь Украйн улсын хувьд гутамшигтай хэрэг. Шүүх тогтолцоо хээл ха­хуульд автагдсан байгаа нь илт байна. Байгалийн хийн гэрээнд Ю.Тимошенкогийн гарын үсгийг дуурайн зурсан байж болзошгүй. Бид энэ бүх худал хуурмагт итгэхгүй. Түүнийг улс төрийн явуулгаар үндэслэлгүй бу­руутгалаа. Нөгөө талаасаа Украйнд шударга ёс, ардчиллын үнэ цэнэ үгүй болсон гэдгийг баталсан шийдвэр боллоо. Бид үнэнийг олтол тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэжээ.

Мөн Ю.Тимошенкогийн өм­гөөлөгч “Тэр давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ илэрхийлсэн. Ямартай ч шүүх хурлын шийдвэр бидний төсөөлж байснаас тэс ондоо гарлаа. Давж заалдах шатны шүүх хурал болтол харьяа шоронд хоригдох нь ойлгомжтой боллоо” хэмээн шүүх хурлын дараа олон нийтэд мэдэгдэл хийсэн юм.

Шүүх хурлын шийдвэр Ю.Ти­мошенкогийн ОХУ-тай хий­сэн гэрээний нийт хохирлын хэм­жээ ойролцоогоор 188 сая ам.дол­лар болсон гэдгийг баталсан байгаа. Гэхдээ энэ тоо “Нафтогаз” ХХК-ийн хохирлын хэмжээг буруулсан дүн гэдгийг албаны зүгээс илэрхийлээд, бодит хохирлын хэмжээ 200 гаруй сая ам.доллар болсон хэмээн онцолсон билээ. Украйны Баткившчина на­мын нэгэн гишүүн “Бид шударга ёсны төлөө тэмцэж байгаа хэдий ч төдийлөн биеллээ олохгүй байгаа нь харамсалтай хэрэг. Манай намын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэн Европын хүний эрхийг хамгаалах байгууллагад хандах болно” гээд албан ёсны мэдэгдлээ бичгээр шүүхэд илгээсэн байна.

Шүүх хурал дууссаны дараа шүүх танхимын гадаа цугласан олон нийт шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн “гу­тамшиг” хэмээн хашгирч  бай­жээ. Мөн Ю.Тимошенког шүүх хурлын танхимыг орхих үед олон хүн гарах гарцыг хаасан байсан тул хүчнийхнийг дуудаж, арай хийн Ю.Тимошенког авч явсан талаар “Итар-Тасс” агентлаг мэдээллэв.

Хачирхалтай нь Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт “Украйн улсын шүүхийн тогтолцоонд нэг доголдол байна. Эрх чөлөөт, хараат бус, тусгаар улс юм шиг атлаа ЗХУ-ын хуучны үзэл баримтлал байсаар байгаа нь харамсалтай. Ю.Тимошенкогийн шүүх хурал жинхэнэ улс төрийн “шоу” байсан гэдгийг хэлмээр байна. Энэ улсад шударга явдал дутаж байгаа нь илт байна” хэмээн шүүмжлэгчдийн тоог нэмсэн юм. Улмаар Европын хүний эрхийн дээд комисс улс төрийн явуулгаар шүүхийн шийдвэрт нө­лөөлсөн байж болзошгүйг украйн­чуудад анхааруулжээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести интернэшнл” хүртэл Ю.Тимошенког суллахыг шаардсан албан бичиг ирүүлсэн аж. Украйн, Европ болон ОХУ-ын хэвлэлүүдээр “Ю.Тимо­шенкогийн арыг ямар улс халхалж, хамгаалж байдаг” талаар янз бүрийн мэдээллүүд цацагдсан хэвээр байна. Ю.Тимошенкогийн ялагдал украйнчуудыг шударга ёсны эрэлд гаргав бололтой.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж