Ч.Улаан: Засгийн газарт сэтгэл дундуур байдаг

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Ч.Улаан: Засгийн газарт сэтгэл дундуур байдаг

УИХ-ын гишүүн Ч.Улааныг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Монголбанкныхан на­муу­­дын амлалт, халамжийн бод­ло­гыг хязгаарлахгүй бол мөн­гөний бодлогоо чан­гаруу­ла­хаас өөр аргагүй гэдгээ УИХ-ын даргад хэл­сэн. Үүний хариуд УИХ-ын дарга ха­ламжаа бууруулахгүйгээр зо­хи­цуу­лалт хийх боломжтой гэх утгатай зүйл ярьсан. Энэхүү хоёр өөр байр суурийн аль нь зөв юм бэ?

-Зөвхөн халамжиндаа ч бай­гаа юм биш. Хамгийн гол нь төсвийн зарлага ихсээд бай­гаад учир бий. Зарлага хө­рөн­гө оруулалт, халамжийн бод­лого, хөдөө аж ахуйг дэмжих зо­рилгоор гаргасан 300 тэр­бум төгрөгийн бонд зэргээс болж өссөн. Тиймээс эхлээд зар­лагаа танах хэрэгтэй. Хэ­рэв танахгүй бол өргөн хэрэг­лээ­ний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, үүнээс үүдэн иргэдийн амьд­ралд хүндээр нөлөөлнө. Харин ба­раа­ны үнийг өсгөхгүйн тулд Монгол­банк зээлийнхээ хүүг хязгаарлахаас өөр аргагүй болох юм. Зээлийн хүү чангарснаар хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хязгаарлаж, тэнд ажил­лаж буй иргэд хүндхэн байдал­тай тулгарна. Энэ мэт бие биеийнхээ араас дагасан сөрөг үр дагавар гарч болзошгүй. Тийм учраас зарла­гыг хо­рогдуулах бодлого баримтлах хэ­рэг­тэй. Хэрэв төсөвт тодотгол хийх гэж байгаа бол юун түрүүнд төс­вөө сайжруулах нь чухал юм. Ер нь төс­вийг сайжруулахын тулд л тодотгол хийдэг.

-Чухам яаж сайжруулах ёстой юм бэ?

-Сайжруулах нь олон янз л даа. Хэрэв орлого, зарлага нь хүрэхгүй хүнд байдалд орсон бол төсвөө амьд­ралд ойрхон бодитой болгох үүднээс тодотгоно. Харин орлого сайн байгаа энэ үед төсвөө тодотговол үзүүлэлтийг нь сайжруулах хэрэгтэй. Жишээ нь алдагдлаа багасгах, үр ашгийн үзүүлэлтээ дээшлүүлэх зэрэг юм. Ингэж чадахгүй бол төсвийг тодотгохын агуулга юунд байна вэ.

-Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын төслөөр төс­вийг сайжруулах дүр зураг хараг­даж байна уу?

-Орж ирсэн үзүүлэлт, бодлогыг нь харахад төсвийг сайжруулчихна гэж харагдахгүй байна. Харин ч улам хүнд байдалд оруулах нь. Учир нь орлого 650 тэрбумаар, зарлага нь 830 тэрбумаар нэмэгдсэн байгаа юм. Тэгэхээр орлогоосоо зарлага нь давна гэдэг нь эдийн засгийн хамгийн муу үзүүлэлт. Хүн хөлөөрөө явах ёстой биз дээ. Толгойгоороо явъя гээд ч ча­дахгүй шүү дээ. Үүн шиг эдийн засагт орлогоосоо зарлага нь давах ёсгүй. Манайд энэ талаар Төсвийн тухай хуульд “Зарлага нь орлогоосоо бага байх ёстой” гээд заачихсан байдаг. Тэгэхээр төсвийг сайжруулж чадахгүй юм чинь тодотгох хэрэггүй гэж үзэж байна.

-“Төсвийн тодотгол хийх шаард­лагагүй” гэж ярьдаг эдийн засаг­чид бий. Харин улстөрчид той­рогтоо зарцуулах гэдэг юм уу, ам­лалтаа биелүүлэхийн тулд тө­сөвт тодотгол хийх гэж зүтгэдэг. Үүнийг эдийн засаг, улс төрийн уял­даа гэж хэлж болох уу?

-Ер нь төсөвт тодотгол хийх хэ­рэг­гүй гэж хэлэхгүй. Бодлого учир бодитой, биелэх үндэслэлтэй байх ёстой. Түүнээс биш биелэх боломж­гүй тоо тавьж болохгүй юм. Амьдрал өөрөө баян учир Төсвийн тухай хуу­лийг хэрэгжүүлэх явцад магадгүй эргэж харах шаардлага үүсэж мэднэ. Иймээс л тодотгол хийх хэрэг гардаг. Манай улсын хувьд эдийн засгийн тааламжтай гадаад орчин бий болсон. Түүхий эдийн ханш өсөж байгаатай холбоотойгоор бидний төлөвлөснөөс илүү орлого орж ирлээ. Тэгэхээр энэ илүү орлогыг хурдхан шиг хувааж, зарцуулах гэж улстөрчид үхэлдэж байна. Тэгээд л шахаж байгаад ийм төс­вийн тодотголыг оруулж ирлээ. Уг нь орлогоороо эдийн засгаа сайж­руулах хэрэгтэй шүү дээ. Энэ жил 230 тэрбум төгрөгөөр алдагдлаа нэм­ж оруулж ирсэн. Ядаж алдагдлаа нэ­мэхгүй батлагдсан хэмжээнд нь оруулж ирж болох л байсан. Ин­гэж оруулж ирсэн нь төсвийг огт сайж­руу­лахгүй улстөрчдийн шахалтад ороод зарлагыг их өсгөж байгаа үзэг­дэл. Тэд улс орны хөгжлийг ха­ра­хаас илүүтэй зөвхөн өнөөдрийг л бодож байна. Гэтэл өнөөдөр ирэх сон­гуулийн уур амьсгал орчихсон, өм­нөх сонгуулийнхаа амлалтыг хэ­рэг­жүүлэх гэж үйлээ үзэж буй үе. Тод­­руул­бал, улс төр, төсөв, санхүүг да­рамталж байна. “Эдийн засаг бол улс төрийн бодлогын золиос болох ёсгүй” гэж би байнга хэлдэг. Эдийн засаг гэдэг чинь нийгмийн суурь. Ха­рин улс төр бол түүн дээр бий болсон нэг давхарга. Тэр давхарга нь сууриа “идчихээр” суурьгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл сууж буй мөчрөө хөрөөдөж байгаатай л адил юм. Ийм хүнд байдалд орохгүйн тулд бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батласан.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уг нь энэ талаар тодор­хой заачихсан байгаа биз дээ?

-Төсвийн алдагдлыг багасгах, зардлаа хязгаарлах, үр ашгаа дээш­лүүлэх талаар тусгасан. Гэтэл уг хуу­­лиа ирэх жилээс хэрэгжүүлье хэ­мээн хойш нь тавьж буй нь өөрс­дийгөө хуурч байгаа хэрэг. Иймээс л би хариуцлагатай хандах тухай яриад байгаа юм. Эдийн засгийн онолд хариуцлагатай хандах гэд­гийг хэрэгцээгээ хязгаарлаж, бүр цаа­шилбал шуналаа дарж сурах ёстой гэж томъёолсон байдаг.

-УИХ-ын гишүүдийн өнөө мар­гаашаа, цаашлаад сонгуульт дөр­вөн жилээ л харсан бодлого явуулж буй ийм байдлыг өөрчлөхийн тулд яах ёстой юм бол?

-Юун түрүүнд эдийн засгийн бо­ловс­ролыг нь дээшлүүлэх хэрэг­тэй. Улс төр гэдэг чинь өөрөө ха­риуцлагатай шинжлэх ухаан шүү дээ. Түүнээс биш зөвхөн улстөржсөн, хүмүүст таалагдсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулах учиргүй. Үүний цаана улс орны хөгжлийн хувь заяа бий гэдгийг ойлгох ёстой. Тиймээс улстөрчид  боловсорч, үүнийхээ дараа нийгмээ боловсруулах хэрэгтэй.

-Засгийн газрын зүгээс саяхан цалин, тэтгэврийг 53 хувиар нэм­нэ гэж мэдэгдсэн. Энэ нь инфляци хөөрөгдөж,   хувийн хэвшлийнхнийг хөлдөө чирэх юм биш үү?

-Эдийн  засгийн онолоор гүйл­гээнд их хэмжээний мөнгө орж ирэхэд инф­ляци өсдөг. Эсвэл хэрэглээг хан­гах буюу ажил үйлчилгээний нөх­цө­лийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнийг нэг жилийн дотор 50 хувиар өс­гөх үү гэвэл үгүй. Тэгэхээр л ба­раа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс өөр аргагүй болно. Таны хэлдгээр ху­вийн хэвшлээ хөлдөө чирнэ гэдэг үнэн. Олон жижиг дунд үйлдвэрүүд өнөө­дөр үйл ажиллагаагаа арайхийж явуулж байна. Өндөр зээлийн хүү­тэй, бараа бүтээгдэхүүний борлуу­лалт муу байгаа ийм нөхцөлд ца­лингаа нэмэх нь тэдэнд эдийн зас­гийн том дарамт болж очно. Энэ ачааллыг дааж чадахгүйгээсээ болж үйлдвэрүүд үүдээ барьж болзошгүй. Мөн иргэд ажилгүй болох гээд сөрөг үр дагаврууд гарах юм. Ийм нөхцөл байдлаас сэргийлсэн бодлогыг ухаа­лаг зөв явуулах шаардлагатай. Ний нуу­гүй хэлэхэд “Ам алдвал барьж бол­­доггүй” гэдэг л болчихоод бай­на. Өмнөх сонгуулиар ямар ч үнээр хамаагүй ялах нь чухал гэж аман­даа багтсанаа амласнаас болж эдийн засгийн чадавхиас дав­­сан хэрэглээтэй болчихлоо. Энэ нь бүгд нийгмийн халамжийн хэ­рэг­лээ. Бид Монголбанкнаас зээл авч халамжийнхаа мөнгийг та­раа­­даг. Мэдээж өр болно. Би сүү­лийн 30-аад жилийн эдийн засаг, сан­хүүгийн амьдралд оролцож бай­на. Энэ хугацаанд Засгийн газар Мон­голбанкнаас ийм хэмжээний мөн­гийг зээлж байсан удаагүй. Нэг удаа ОХУ-ын их өрийг дарахын тулд богино хугацаатай гэрээ байгуулан Монголбанкнаас зээл авч, хугацаанд төлж байсан. Ер нь бий болсон бодит бололцоон дээрээ хөгжих ёстой. Хэзээ нэгэн цагт бий болох зүйлээс урьдчилан зарцуулж хөгждөг түүх хаана ч байхгүй.

-Манай улсын эдийн засаг нэ­лээд хурдацтай өсөж байгаа. Гэ­тэл энэ нь иргэдийн амьдралд боди­той­гоор нөлөөлсөн зүйл алга л байна?

-Эдийн засгийн өсөлт гэдэг чинь олон агуулгатай. Үүний нэг нь үр өгөөжгүй өсөлт юм. Нэг үгээр хэл­бэл хөөсөн өсөлт. Манай эдийн за­сагт хөөс бий болчихлоо гэж ойлгож бол­но. Ийм хөөс байгаа юм чинь хүнд яаж наалдах юм бэ. Эдийн зас­гийн өсөлт бүрийг сайн гэж үзэж бо­лохгүй. Манай өнөөдрийн эдийн зас­гийн өсөлтийг сайн уу, муу юу гэдгийг эхлээд харах хэрэгтэй.

-Таныхаар манай эдийн засгийн өсөлт ямар байна вэ?

-Ер нь эдийн засаг ингэж огцом өсөж, хэт халах нь муу. Үүнээс болж дотоодын үйлдвэрлэл нь хэрэгцээгээ хангаж чадахаа больдог. Импортын бүтээгдэхүүний хараанд орж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр иргэ­дийн амьдралд харин ч дарамт бол­но. Иймээс л энэ өсөлт иргэдийн амьд­ралд нэмэр болохгүй байгаа хэрэг. Хятад улс гэхэд ухаалгаар эдийн зас­гийн өсөлтөө хязгаарладаг.

-Засгийн газрын боловсруулсан Төсвийн төсөлд эдийн засгийн өсөлт 25.6 хувьд хүрнэ гэж байгаа. Тэг­вэл энэ өсөлтийг хязгаарлах хэ­рэг­тэй гэсэн үг үү?

-Манай улсын эдийн засгийн өсөлт юунаас гарч байна гэдгийг судлаад үзэхээр уул уурхайн сал­барын хөрөнгө оруулалттай хол­боотой байгаа юм. Хөрөнгө оруулалт орж ирж буй нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн түр зуурын гэнэтийн өсөлтийг дагаад зарлагаа нэмэж бай­гааг л болих хэрэгтэй. Орлого оро­хоор давуулаад зарлагаа нэмчих юм.

-Иргэд улстөрчдөөс амласан 1.5 сая төгрөгөө өгөхийг л хүлээж байна. Ха­рин ирэх сонгуулиар “Мөнгө ам­лахгүй” гэж намын дарга нар ам­лалтаа өгч, гарын үсэг зурсан. Тэд амлалтаа биелүүлж чадах болов уу?

-Ингэж амлаж буй нь хүмүүжлээс болж байна. “Муу эр дайнд хөөрнө” гэдэг шиг сонгуулийн кампанит ажил эхлэнгүүт л хөөрч, уралдаж амлац­гаадаг. Тэдний гаргасан шийдвэр бол маш чухал. Үүнийгээ л хатуу мөрдөж ажиллах хэрэгтэй. Зөвхөн өнөөдрөөр амьдарч болохгүй шүү дээ.

-Та Ерөнхий сайд С.Батболдын танхим хэр ажиллаж байна гэж дүг­нэдэг вэ?

-Яах вэ ажиллаж л байна. Засгийн газар ямар сайн нэртэй байх биш. Бүх ажлыг хариуцаж ажилладаг учир байнга шүүмжлэлд өртдөг. Засгийн газрын үйл ажиллагаанд мэдээж сэтгэл дундуур зүйл их бий. Миний яриад байгаа эдийн засаг, санхүүг зөв голдиролд оруулах бодлогыг гүйцэтгэх засаглал ханцуй шамлан хөөцөлдөх ёстой. Тэд улстөрчдийн шахалт, дарамтанд орж ажиллахаар үүний цаана орших том эрх ашиг хохирдог. Энэ талаар Засгийн газарт сэтгэл дундуур байдаг.

-“Оюутолгойн   гэрээнд өөрч­лөлт оруул” хэмээн нэр бүхий гишүүд шаардаж буй. Үүгээр зогсохгүй Засгийн газрыг огц­руулах талаар ярьж байгааг хэр зөв гэж үзэж байна вэ?

-УИХ шийдвэр гаргаж чиглэл өгсөн бол гүйцэтгэх засаглал хэрэг­жүү­лэх ёстой. Хэрэв хэрэгжүүлж ча­даагүй бол шийдвэр гаргасан га­зарт нь буцааж танилцуулах хэрэг­тэй. УИХ-ын 57 дугаар тогтоолын хэ­рэгжилтэд эргэлзээ бий бол УИХ нэн даруй тогтоолынхоо хэрэгжилтийг хэ­лэлцэх учиртай. Тэгээд яах ёстой вэ гэдгээ ярих нь зөв.

-Засгийн газ­­рын зүгээс УИХ-ын тог­тоо­лын дагуу хэ­рэгжүүлж бай­гаа гэж хэл­сээр байгаа шүү дээ?

-Тогтоол, шийдвэрийн хэ­рэг­жил­тийг ту­хайн гаргасан бай­гууллага нь өөрөө үнэлж, дүг­нэдэг. Өөр хэн нэгэн хүн дүгнэх ёсгүй. Харин гүй­цэт­гэж байгаа бай­гууллага өөрийнхөө түв­­шинд хэрэг­жүүлсэн гэж үзэж болно.

-Засгийн газарт шаард­лага та­виад байгаа 20 гишүүн “Элсний 13”-тай адилхан харагдаад байх юм. Та юу гэж бодож байна?

-Адилхан биш. Адил байх ч үндэсгүй. Энэ хоёрыг адилтгаж ярих нь тэмээ, ямаа хоёрыг уралдуулж байгаа юм шиг болно.

-Яагаад өөр гэж?

-Энэ 20 гишүүн эдийн засгийн тодорхой асуудал ярьж байна. Мөн тэнд нам, намын төлөөлөл байгаа. Ха­рин бид намынхаа үйл ажиллагааг сайжруулъя, шинэчлэлийг түргэтгэе гэж асуудал тавьж байсан. Ингэхээр өөр байгаа биз дээ.

-Гэхдээ зорилго нь нэг юм биш үү. Нэг нь Засгийн газрыг огцруулах операциа амжилттай зохион байгуулсан. Нөгөөх нь унагаах талаар ярьж байна?

-Нэр бүхий 20 гишүүний цаад зорилгыг би мэдэхгүй. Өмнөх 13 бол Засгийн газрыг огцруулах зо­рилго тавиагүй шүү дээ. Намын ши­нэч­лэлийн асуудлыг ярьж, намын удирдлага солигдсоноор Засгийн га­зар огцорсон. Тухайн үед нам до­тоод үйл ажиллагаагаа сайжруулж сонгуульд ялах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байсан. Ингээд их хурлаа хуралдуулж, намын дотоод зохион байгуулалтын асуудлаа ший­дэж сонгуульд ялсан. Үр дүн нь ч гарсан. 

-Ярилцсанд баярлалаа

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж