
Жорж Буш 2000 оны арваннэгдүгээр сарын 14-нд АНУ-ын үе, үеийн Төрийн тэргүүн нараас анх удаа Монголд айлчилж, Улаанбаатарт дөрвөн цаг орчим саатсан билээ. Тэрбээр чуулганы танхимд морилохдоо УИХ-ын гишүүдэд хандан үг хэлсэн. Ж.Буш Азийн цээжинд орших Монгол Улс ардчилсан Ерөнхий сайдтай болсныг магтаж, Иракт цэргээ илгээсэнд талархаж байлаа. “Терроризмын эсрэг дайны тэргүүн шугаманд Монголын эрэлхэг дайчидтай мөр зэрэгцэн алба хааж байгаадаа Америкийн зэвсэгт хүчин бахархдаг” гэх талархлын үгсийг харамгүй урсган Монголын батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэхэд зориулж 11 сая ам.доллар өгөхөөр болсноо мэдэгдсэн. Энэ дашрамд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлаарх зургаан талт хэлэлцээрт оролцогч талуудын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон юм. Харин хожим АНУ-ын дипломат албадын нууцыг задалсан “Викиликс” сайтын мэдээлэл дунд Монголын нэр хавчуулагджээ. Монгол болон Хойд Солонгосын албаны хүмүүс 2009 онд нууцын зэрэглэлтэй зөвлөлдөх уулзалт хийсэн. Хойд Солонгосын хувьд АНУ-тай эв зүйгээ ололцохыг хичээж байгаа, тэднийг холбох гүүр нь Монгол Улс болох талаар их л нухацтай ярьсан энэхүү уулзалтын протоколыг манай тал АНУ-ын албаны хүмүүст бүрэн эхээр нь хүлээлгэн өгсөн байх юм. Уг нь хүмүүс анзаараагүй л болохоос энэ шинэ мэдээ биш болж таарав. Ж.Буш Монголд айлчлах үедээ энэ тухай дурсаад орхисон юм байж.
БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 оны зургаадугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы танхимд морилов. Тэрбээр 1990-ээд оноос хойш эрчимтэй хөгжих болсон хоёр орны харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Чухамдаа Монгол Улс 1990-ээд оноос хойш эдийн засгийн хувьд Хятадаас өөрийн эрхгүй хараат болсон нь үнэн юм. Ху Жинтао Хятадын Засгийн газраас өгсөн 200 сая юанийн зээлийн ачаар Төмөртэйн овооны цайрын ордод хоёр орон хамтран олборлолт хийж байгааг ч сануулсан. Үүгээрээ ашигт малтмалын салбарт амжилттай хамтарч буйг нотолсон бололтой. Эрээн, Замын-Үүдийн боомтын замыг сайжруулах болон 50 сая юанийн буцалтгүй тусламж зэрэг “гайхалтай” амлалтуудынхаа араас “Хятадын том, хүчтэй компаниудыг Монголд хөрөнгө оруулалт хийхийг урамшуулна. Бид ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг чухалчлан үзнэ” хэмээн онцолсон юм. Хожим нь Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао Монголд айлчилж, Тавантолгойн сонгон шалгаруулалтад Хятадын “Шинхуа Энержи” тэнцэж, 40 хувийг нь авсан. Үнэхээр ч хоёр орны хамтын ажиллагаагаа амжилттай эхэлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 2002 оны аравдугаар сарын 16-нд Төрийн ордонд зочилжээ. Тэрбээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргүүд оролцохыг уриалж байлаа. “Жижиг улсуудын хувь нэмэр улс хоорондын хамтын ажиллагаанд нэн чухал. Монгол Улс НҮБ-аас явуулж буй олон үйл ажиллагаанд оролцож, мөргөлдөөний голомтыг унтраах бидний чармайлтын томоохон хэсэг болно гэж найдаж байна” гэх түүний үгсийн үр дүнд Монголын төр Ирак руу 2003 оноос эхлэн цэргээ илгээх болов. Кофи Аннан УИХ-ын танхимд байхдаа ядуурлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах гэх зэрэг жижиг орнуудад байнга тулгамддаг нийтлэг асуудлыг хөндсөн нь мэдээж. Мөн Хүний эрхийн тухай үндэсний хөтөлбөрийг сайшаагаад Монгол Улс терроризмын талаарх 10 конвенцид гарын үсэг зурсан нь хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэг алхам болохыг онцолжээ.
В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байх үедээ Монголд анх ирж, 2000 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцсон юм. Тухайн үед түүний айчлалын зорилгыг тодорхойлж байсан олон асуудлын нэг болох уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа мөн л энэ үеэр хөндөгдсөн. В.Путины айлчлалын нэг онцлог нь бараг мартагдаад байсан ураны тухай сануулсанд байв. Тухайн үед атомын цахилгаан станц байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан авч үүнээс ямар ч бодит үр дүн гараагүй юм. Тэр үед ашигт малтмал, түүхий эд гэх ойлголт даанч хол хөндий сонсогддог байсан учраас тэр биз. Хожим Монголын албаны төлөөлөгч Оросын Думын гишүүн Р.Гималовоор зуучлуулж, Тайваньд очиж Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хийсэн тухай мэдээ Тайванийн сонинд мэдээлсэн нь Орос, Монголын ураны салбар дахь хамтын ажиллагааны нэг сэжим болсон гэж хардах нь ч бий.
Казахстаны Ерөнхийлөгч Нурсультан Назарбаев 1993 оны аравдугаар сарын 22-нд Төрийн ордонд зочилж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлжээ. Монгол Улсад хийж буй түүний албан ёсны анхны айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар эхэлж байжээ. Н.Назарбаев чуулганы танхимд хэлсэн үгэндээ “Монгол Улсад аж төрөн суугаа казахууд хоёр орны хооронд түүх, соёлын өвөрмөц маягийн “гүүр” болж байна” хэмээн онцолсон байна. Тэрбээр Монгол дахь гарал нэгт түмэндээ анхаарал хандуулж байжээ. Харин Казахстан 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносны дараа дэлхийн 30 гаруй оронд тархан суурьшсан зургаан сая орчим казах иргэдээ нэгтгэх, эх орондоо буцаан цуглуулах бодлого баримтлах болсон тухай олон улсын ажиглагчид онцолдог юм.
Ямартай ч гадаад орнуудын Төрийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнуудын айлчлал үргэлжилж байна. Тэд УИХ-ын чуулганы танхимд индэрийн өмнө зогсоод “Амар байна уу” хэмээн монголоор мэндчилж, эцэст нь “Баярлалаа” хэмээн яриагаа төгсгөдөг. Энэ завсар харь хэлээр хэлсэн үгс нь тэдний зорилгыг аль нэг хэмжээгээр тодорхойлдог бололтой. Энэ удаад Германы Канцлер Ангела Меркел чухам юу айлтгах бол.