
Олон улсын санхүүгийн корпораци Монголын мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, эрсдэлд суурилсан хяналт, мөн хяналтын хуудас нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Хамтын ажиллагааны явцад Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчин дутмаг байсан тул УИХ-тай энэ чиглэлээр хамтран ажиллахаар болсноо Олон улсын санхүүгийн корпорацийн хүнсний аюулгүй байдлын зөвлөх Доналд Маккрей тодотгосон. Тус корпораци Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа баримтлах үзэл баримтлалын талаар төсөл боловсруулснаа УИХ-ын дэд дарга Г.Батхүүд гардуулж, санал солилцон, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Хүнсний аюулгүй байдал бол улс орон орших, эс оршихуйн асуудал. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд онцгой анхаарах шаардлагатай. Монгол шиг өргөн уудам нутагтай оронд мал аж ахуйн салбараас бий болгож буй хүнсний бүтээгдэхүүнд тухай бүрт нь чанарын хяналт тавих боломж дутмаг. Мөн малчид малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулах бололцоо хомс байсан. Иймээс УИХ “Монгол мал” хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд сум бүрт малын эрүүл мэнд, үржлийн асуудлыг хариуцсан алба байгуулсан. Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг батлах шатанд явж байна. Цаашид зөвхөн дотоод зах зээл биш малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох эрүүл мэндийн чанарын шаардлагыг хангах ёстой. Хүнсний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх өөр нэг хүчин зүйл нь иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх юм” гэлээ. Тэрбээр чанартай бүтээгдэхүүн сурталчлахыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг хариуцлага болгох, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх, үйлдвэрлэгчдийн хүлээх хариуцлагыг чангатгах зэрэг олон асуудлыг хуулийн өөрчлөлтөд тусгах шаардлагатай гэсэн санааг хэлсэн. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хуульчлах нь чухал гэв.
Олон улсын санхүүгийн корпорацийн хүнсний аюулгүй байдлын зөвлөх Доналд Маккрей “Хүнсний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчныг өөрчлөхдөө үйлдвэрлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тогтоох, эрсдлийн удирдлагыг зохицуулах хэрэгтэй” гээд дэлхийн улс орнуудад хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо зах зээлийн харилцаанд тулгуурладаг гэсэн юм.