
Урлагийн боловсролыг хүүхдүүдэд багшаар нь дамжуулан олгох энэ бүтээл үнэхээр өнөдөр түвшинд хийгдсэн сайн ном байсан. Ийм төслийг дэмжихгүй байх арга байгаагүй хэмээн хатагтай Х.Отготуяа хэллээ.
“Дүрслэх урлагийн боловсрол” багшийн гарын авлагыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр “Чингис “зочид буудалд болж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр оролцлоо. Тэрбээр энэ үеэр энэ жил л гэхэд сая 300 мянга гаруй сурах бичгийг хэвлүүлсэн талаараа мэдээлээд урлагт хайртай хүмүүс ийм сайхан сэтгэл гаргаж ном хэвлүүлж, төрийн нуруун дээрх ачаанаас хөнгөлж өгч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн дүрслэх урлагийн ийм ном нь өнгөт зураг ихтэй, хэвлэлтийн чанар өндөр байхыг шаарддаг тул хэвлэлтийн үнэ өндөр гардаг гэдгийг хэлээд одоо энэ номоо сургуулиудад тараах, үүнийг дагуулаад багш нарыг сургалтад хамруулах ажлыг хамтарч хийхийг уриалж байлаа.
“Төгөлдөр” сангаас санхүүжүүлж хийсэн энэхүү гарын авлагыг Улаанбаатар хотын болон 21 аймгийн бүх ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуульд үнэ төлбөргүй түгээхэд бэлэн болжээ.
“Дүрслэх урлагийн боловсрол” багшийн гарын авлага нь Дэлхийн болон Монголын дүрслэх урлагийн онол, судалгаанаас эхлэн зохиомжийн үндсэн дүрэм, хууль зүй тогтол, арга хэрэгсэл, шинж чанарын онцлог, түүний хэрэглээ, дизайны төрөл, ангилал, үсгийн урлаг, загварчлах арга зарчим хүртэл цогц мэдээлэл бүхий өнөөгийн албан боловсролын шинэчилсэн стандартад нийцсэн, багшийн ширээний ном болж чадсан гэдгийг арга хэмжээнд оролцсон мэргэжлийн багш нар хүлээн зөвшөөрч байлаа. Мөн энэхүү гарын авлага нь ерөнхий боловсролын сургуульд дүрслэх урлагийн хичээл зааж буй багшийн ширээний ном болж, сурагчдад гоо зүйн боловсрол эзэмшүүлэх, хүн төрөлхтний бүтээж үлдээсэн урлаг, соёлын үнэт өвийг хайрлан хамгаалж, өвлүүлэн үлдээх, өндөр боловсролтой иргэн төлөвшүүлэх нөр их хөдөлмөрт нь өчүүхэн дэмжлэг болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.