
С.Билгүүн энэ оны тавдугаар сард болсон “Mongolia open” олон улсын тэмцээний аварга, долдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон олон улсын “dubai juniors open” тэмцээний аварга, аравдугаар сарын 1-10-нд Турк улсын Анталия хотод болсон Олон улсын сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний аварга тус тус болсон байна. Мөн энэ жилийн хүүхдийн спортын их наадмын мөнгөн медаль хүртжээ. Шинжлэх ухааны хаан гэгддэг математикийн дүүрэг, хот, улс, олон улсын олимпиадуудад ч ганзага дүүрэн амжилттай уралджээ. ФИДЕ мастер С.Билгүүн дүүрэг хотын математикийн олимпиадуудаас алт мөнгөн медаль, нэрт математикч Энхболдын нэрэмжит математикийн олимпиадаас алтан медаль, математикийн улсын олимпиадад есдүгээр байр, наймдугаар сард Индонез улсад болсон олон улсын математикийн олимпиадаас тусгай байрын шагнал хүртжээ. С.Билгүүний аав Т.Сумьяа Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монголын өсвөрийн шатарчдын клубуудын холбооны тэргүүн бол ээж Б.Наранцэцэг нь Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн их эмч юм байна. Ах дүү хоёр нь ч С.Билгүүнээс дутахааргүй амжилт гаргаж яваа оюунлаг хүүхдүүд байдаг ажээ.