
Энэ загварыг нэг өдөрт сая ширхэгийг захиалсан байна. Apple компанийн өнгөрсөн жилийн I-Phone 4 загвар нь урьдчилсан захиалгаар 600 мянгад хүрч байсан аж. Харин 4S гар утсыг энэ сарын 14-нд албан ёсоор худалдаанд гаргах бөгөөд эхний долоо хоногтоо л гурван сая ширхэгийг борлуулах төлөвлөгөөтэй байна.
Мэргэжилтний хэлснээр “Нэг долоо хоногт л гурван саяыг борлуулан гэж төлөвлөж байсан ч урьдчилсан захиалгын дүнг харахад өөрчлөгдөх магадлалтай байна. Бараг эхний гурав, дөрөвхөн өдрийн дотор л гурван саяас давах төлөвтэй байна. Энэ жилийн урьдчилсан захиалга өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт гарсан” гэжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар “I-Phone 4 гар утасны их биеийн хэсэг нь олны анхаарлыг ихэд татсан. Үүн дээр үндэслэн их биеийн загварыг нь өөрчлөлгүй зөвхөн функцыг нь шинэчилсэн нь амжилтад хүрэхэд нэлээд хэрэг болсон. Хэрвээ гадна хэсгийг нь огт өөр болгосон бол их захиалга авах магадлал бага байсан” хэмээжээ.
Шинэхэн загварын гар утас нь Apple компанийн жилийн хувьцааг 21 хувиар өсгөжээ. Шинэ гар утасны зориулалтыг Америкийн гурван томоохон корпораци хүлээн зөвшөөрөн, энэ үйлчилгээг үзүүлэхээр болсон байна. Энэ нь Америкийн гар утас хэрэглэгчдийг зургаан саяар нэмэгдүүлж байна. Өмнөх жилийн загвар I-Phone 4 нь нэг улиралд л 25 сая ширхэг борлогдсоноороо түүхэнд дээд амжилтыг тогтоогоод байсан аж.
Apple-ийн үндэслэгч Стив Жобсыг нас барснаас хойш шинэ загварын утасны худалдан авалт ихэссэн бөгөөд үүнийг албаныхан нь “Жобсд үзүүлж байгаа хэрэглэгчдийнх нь хүндэтгэл хэмээн үзэж байгаа” гэжээ.
4S гар утас нь дуу хоолойг мэдрэн, текст хэлбэрт оруулан хүнд нь илгээдгээс гадна, баттерейгаа найман цаг барих чадвартай. Мөн шинэлэг үзүүлэлт бүхий камер, авсан зургаа янзлах боломжтой, өмнөх загваруудаасаа тав дахин хурдтайгаараа онцлогтой юм.
“Монголын мэдээ” сонин