АНУ-ын авто зах зээлд тэргүүлэгчдийн нэг “Форд Мотор” компани өөрийн автомашины дотор гадаргууг илүү бат бөх, уян хатан болгож, жинг багасгах зорилгоор нанотехнологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. “Нано жижиг хэсгүүдийг ашиглах ажил бүтэмж сайтай өрнөж байна. Бид тэрхүү нано хэсгүүдийг салгаж, өөрийн автомашины материалд тараан суулгаж өгснөөр бидний бүтээгдэхүүн илүү хөнгөн, өнгөлөг, бат бөх, тэсвэр сайтай болно” хэмээн “Форд Мотор” корпорацийн нанотехнологийн салбарын менежер Маттью Залузек ярьжээ.
Нанотехнологийн тусламжтайгаар “Форд”-ынхон бат бөх, хөнгөн пластикаар машины доторлогоо, дотоод загвар, эд ангиуд, хөдөлгүүр болон гадна талын жижиг туслах хэсгүүдийг хийх боломжтой болжээ. Түүнчлэн нанотехнологийг ашиглан хөдөлгүүрийг сайжруулсан хөнгөн цагаанаар хийх гэнэ. Хөнгөн цагаанаар хөдөлгүүрийг хийх төсөл маш сайн бодож боловсруулагдсан учир автомашины хүчин чадал, бат бөх чанарт ямар нэг асуудал гарахгүй гэнэ.
“Форд”-ын энэхүү шинэ санаа автомашины жинг загвараас хамаарч, 110-340 кг-аар багасгана. Харин машины жин багассан эсэхээс үл хамааран үнийн дүнд өөрчлөлт орохгүй гэнэ. Тус компанийн мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтээр 2015 он гэхэд нийт авто үйлдвэрлэгчдийн 70% нь нанотехнологийг ашиглах бөгөөд “Форд Мотор”-ын хувьд жилд долоон тэрбум ам.долларын орлого олох гэнэ.
Холбоотой мэдээ