
Бирмийн эрх баригчид 6,300 гаруй хоригдолд өршөөл үзүүлж, шоронгоос суллах шийдвэр гаргажээ. Тэдгээр улс төрийн хоригдлуудын дунд 2007 оны эсэргүүцлийн хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн тэрс үзэлт лам Шин Гамбира байгаа гэнэ. Суллагдсан хоригдлуудын эхнийх нь Бирмийн инээдмийн жүжигчин Зарганар юм байна. Түүнийг 2008 онд 14,000 хүний амийг авч одсон Наргис циклоны үеэр яаралтай арга хэмжээ аваагүй гэж эрх баригчдыг шүүмжилсний төлөө 2008 онд баривчилж хорьсон юм. Суллагдсаныхаа дараа тэрбээр “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Хэрэв би эрх баригчдыг буруутгасан ямар нэгэн буруу зүйл хэлвэл тэд намайг дахин шоронд хийх болно” гэж ярьжээ. Бирмийн 6,000 гаруй улс төрийн хоригдол суллагдаж байгаа авч тус улсын шоронд улс төрийн хилс хэргээр хичнээн хүн хоригдож байгаа нь тодорхойгүй хэвээр үлдэж байгаа юм. Суллагдсан хүмүүсийн нэрийг ч нийтэд зарлаагүй ажээ. Тайландад төвтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд туслах байгууллагаас мэдээлснээр одоогийн байдлаар 70 гаруй хоригдлыг суллаад байгаа юм байна. Барууны орнууд Бирмэд хэд хэдэн хориг тавьсны гол шалтгаан нь улс төрийн хилс хэргээр хоригдож буй тэдгээр хүмүүс байсан ажээ. 2007 онд Бирмийн Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөний гишүүд сурвалжлагч, ардчилалын төлөө тэмцэгч, лам нар болон угсаатны бүлгийн гишүүдийг хоморголон баривчилж хорьсон юм.
Бирмийн эрх баригчид өнгөрсөн тавдугаар сард 15,000 гаруй хоригдолд өршөөл үзүүлсэн. Гэвч тэдгээр суллагдсан хүмүүсийн дунд ганц ч улс төрийн хоригдол байгаагүй гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүмжилсэн билээ. Бирм өнгөрсөн жил бүх нийтийн сонгууль явуулсан нь өнгөрсөн хорин жилд болсон анхны сонгууль байсан билээ.
Н.Энх