Бидэнд нам, лам хоёр л хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Бидэнд нам, лам хоёр л хэрэгтэй

Бид ламд итгэдэг. Энэ нь муу зүйл биш л дээ. Лам багшдаа нэг очиж мөргөөд,  сайн залбираад арц уугиулаад өөрийгөө гурав тойруулахад л муу, муухайгаас салчихна. Ма­найхны ойлголтоор тэр төвд ном, шармал бурхан, түүнийг дамжуулагч болж байгаа лам гурав бол биднийг ариусгаж бай­даг зүйл. Ажил үйлс бү­тэхгүй бол “Алтангэрэл” но­мыг Алтангэрэл багшаар уншуулаад, Алтангэрэлийн сударт нэг сайн мөргөөд л бүх асуудал шийдэгдэнэ. Хийморь нь доройтоод ирвэл Хийморийн сан тавиулчихна. Хийморь гэж чухам юу   байдаг гэдгийг манайхан үнэндээ мэдэхгүй. Тэгсэн хэрнээ хий­морь доройтоод байгаагаа мэдэрдэг гээд л бодчих. Яг үнэндээ бид шүтээд байгаа шашныхаа талаар ямархуу мэдлэгтэй вэ гэдэг нь асуудал болж байна. Гэхдээ зүгээр ээ, асуудлыг асуудал болгож хараад байгаа хүн өөрөө асуудалтай гэж үг байдаг шүү дээ. Дэлхийн хүмүүс аливаа нэг баталгаатай зүйлд итгэж, найддаг. Харин бид баталгаагүй, батлагдаагүй зүйл рүү тэмүүлдэг. Яахав дээ, бидний сэтгэлгээтэй холбоотой. Монголын залуу үе нам руу хошуурах болжээ. Бүр намын гишүүнчлэлтэй болох гэж улайрч байгаа гэнэ. Энэ ч бас аргагүй. Аав, ээж нь насаараа нэг намыг тахин шүтээд ирчихсэн, түүндээ үр хүүхдээ оруулах гэж зүтгэдэг нь нууц биш шүү дээ. Нөгөө талаасаа намын гишүүн л болохгүй бол албан тушаалд очно гэж горьдолтгүй болчихоод байгаа ийм үед намаа дагасан нь зөв л дөө. Ер нь Монгол хүнд нам, лам хоёр байхад л болохоор харагдаж байна. Ламын уншсан ном тухайн хүндээ үйлчилдэг эсэх нь тийм ч чухал биш. Ганц чухал нь ном уншуулвал асуудал бүхэн шийдэгдэнэ гэдэгт итгэх явдал. Өөрөө дургүй ч намд орох нь бидний хамгийн зөв сонголт. Намд орсон бүхэн ажилтай амьдралтай байгаа болохоор хүмүүсийг буруутгах аргагүй. Ер нь шинэ Монголын залуучууд нам, лам хоёрт л итгэсээр насыг барах даг шүү.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж