Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж байна

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Баделхан ахмадуудад олгож байгаа түлээ  нүүрснийх нь үнийг нэмэгдүүлэх талын заалт төсөлд тусгагдсан эсэхийг лавлалаа. Сангийн сайдын хариултаар бол энэ чиглэлээр 2011 оны төсөвт нэмж хөрөнгө тусгаагүй. Харин Улаанбаатар хотод амьдарч байгаа ахмадуудын хувьд мөн оюутнууд хамаарна. Тэдгээрийг нийтийн тээврээр үнэгүй зорчиход нь зориулж 4.2 тэрбум төгрөгийг нэмж төсвийн тодотголд суулгаж өгчээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Зоригт авто замын салбар татвар төлөгчдийн мөнгийг тэрбум, тэрбумаар үнэгүйдүүлж, их хэмжээний хохирол учруулж байгаад Засгийн газар дүгнэлт хийхийг хүслээ. Учир нь авто зам барьдаг Улсын комисс хүлээж аваагүй байхад захаасаа эвдэрдэг. Жилийн дараа авто зам там болж хувирдаг. Энэ байдалд эцэс тавих үүднээс хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт оруулж, хариуцлагын тогтолцоог хаа хаанаа чангаруулах хэрэгтэйг сануулав. Одоо хэрэгжиж байгаа хуулиар авто зам барина, түүнийг нь Авто замын газар л хянаж хүлээж авдаг. Хөгжилтэй орнуудад бол хөндлөнгийн хяналт байдаг. Дээр нь улсын зам, орон нутгийн замын санд тус бүр хөрөнгө төвлөрдөг. Түүнийг зөвхөн авто замыг сайжруулах, засах чиглэлд зарцуулдаг байвал яасан юм бэ гэлээ.

Сангийн сайдын хэлснээр бол Монгол Улсад өнөөдөр замын өртөг дэндүү хямд аж. Стандарт бас байдаггүй. Тиймээс чанартай авто зам барьдаг болох чиглэлээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг ажиллаж, асуудлаа оруулж ирэхийг хүссэн ч өнгөрч буй гурван жилийн хугацаанд судлаад л байгаа аж. Ер нь үнэ өндөр тусах нь хамаагүй, чанартай авто замтай болъё гэдэг асуудлыг ч тавьсан. Нарны замыг тавиад 10 жил болж байхад эвдрэл гэмтэл гараагүй. Тиймээс ийм сайн авто зам тавьдаг болохын тулд тус салбарын хүрээнд хууль эрх зүйн хүрээнд шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон гэдэгтэй санал нэгдэж байна гэдгээ ч хэллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж