“Евро-2012”-ын урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ын урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөлөө

Украйн, Польш улсад зэрэг зохиогдох 2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Буурал тивийн 51 улсын шигшээ баг есөн хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс хэсэг бүрээ тэргүүлсэн Герман, Орос, Итали, Франц, Голланд, Грек, Англи, Дани, Испанийн шигшээ багууд оролцох эрхээ авсан. Урьдчилан шатны тоглолтуудад 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод шалгарч байсан Герман, Испани улсууд  нэг ч тэнцээ, хожигдолгүй төгс амжилтаар хэсгээ тэргүүллээ.

Харин хэсгийн тоглолтуудад хамгийн өндөр оноо цуглуулсан Шведийн шигшээ баг оролцох эрхээ авлаа. Шведүүд өнгөрсөн шөнө хэсгээ тэнцээ, хожигдолгүйгээр тэргүүлж байсан Голландыг 3:2-ын харьцаатай буулган авсан юм. Ингэснээр “Евро-2012” тэмцээнд оролцох 10 шигшээ багийн нэр тодорлоо. Эдгээр 10 шигшээ багаас гадна зохион байгуулагч Украйн, Польшийн шигшээ баг оролцоно. Харин хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан орнууд нэмэлт тоглолт хийнэ. “Сайхан тоглолт болж, бид цааш шалгарна” гэдэгт итгэлтэй байсан Криштиан Роналду тэргүүтэй Португалийн шигшээ баг Данийн талбайд 2:1-ийн харьцаатай хожигдсоноор нэмэлт тоглолт хийхээр боллоо. Нэмэлт тоглолтод Турк, Хорват, Ирланд, Португали, Монтенегро, Босни-Герцеговина, Чех, Эстони зэрэг улсууд оролцоно.  Эдгээр улсууд өрсөлдөгчөө хоёр тоглолтын нийлбэрээр хожсоноор Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох 16 багийн нэг болох учиртай.
     

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж