Сураггүй болсон хүүхдүүдийн хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон хүүхдүүдийн хэргийг шалгаж байна

Иргэдээс гадаад улс руу яваад сураггүй боллоо, эрэн сурвалжилж олж өгнө үү гэсэн хоёр өргөдөл ирсэн байна. Тухайлбал ХБНГУ-д 13 настай охиныг уран нугаралтаар ажиллуулна хэмээн авч яваад сураггүй болсон талаар охины ар гэрийнхэн 2010 оны  аравдугаар сарын 15-нд цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Мэдээллийн дагуу УМБГ-аас эрүүгийн хуулийн 113.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа ч охиныг олоогүй байгаа аж. Мөн Турк улс руу нэр бүхий дөрвөн хүүхдийг циркийн тоглолтод оролцуулна хэмээн авч яваад сураггүй болсон талаар хүүхдүүдийн ар гэрийнхнээс 2010 оны арванхоёрдугаар сарын 15-нд цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу шалгаж байгаа ч хүүхдүүд өнөөдрийг хүртэл олдоогүй  байна. Хэдийгээр хүүхдүүдийг олоогүй байгаа ч хүний наймааны золиос болсон гэж үзэх үндэслэлгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Түүнчлэн УМБГ-аас сүүлийн таван жилд буюу 2006-2011 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийг шалгасан  байдлын талаар судалгаа хийжээ. Энэ хугацаанд тус газарт хүн хил дамнуулан худалдаалсан, худалдаалахыг завдсан гэх 94 холбогдогчтой 161 хохирогчтой 60 гаруй хэргийг  шалгажээ. Мөн бусдын биеийн үнэлүүлэх зорилгоор БХНАУ, Сингапур, Макоа  зэрэг улсад  зуучилсан, биеийг нь үнэлүүлэхийг завдсан, үнэлүүлсэн гэх 93  холбогдогчтой 83 хэргийг  шалгасан байна. Харин энэ онд хүн хил дамнуулан худалдаалсан гэх 14 хэрэг бүртгэгдэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж