Амлалт нэхэх ард түмний холбоо мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Амлалт нэхэх ард түмний холбоо мэдээлэл хийлээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Амлалт нэхэх ард түмний холбооноос Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд Амлалт нэхэх ард түмний холбоо, Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе, Миний монголын газар шороо, Эрс шинэчлэлт хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл, Үндэсний хас хөдөлгөөн, зэрэг долоон төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөний төлөөлөл оролцлоо.

Тэд Оюунтолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар болон УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилт, монголын төр засгийн увайгүй үйлдлийг эсэргүүцэн энэхүү хэвлэлийн хурлыг хийж байгаа аж. Амлалт нэхэх ард түмний холбооныхон “2006 оноос хойш Оюутолгойн гэрээний асуудал яригдахаас эхлэн бид тэмцэж эхэлсэн. Энэхүү тэмцлийн үр дүнд 2010 оны дөрөвдүгээр сарын 5-нд УИХ хуралтай тохиролцон санамж бичигт гарын үзэг зурсан. Уг санамж бичигт 2006 онд баталсан ашигт малтмалын хуулийг үндсэн хуульд нийцүүлж, өөрчил. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар даруй хэлэлцэж, УИХ-ын 40, 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангуулах гэдэг зүйлсийг тохирч зөвшилцсөн. УИХ-ын 57 дугаар тогтоол батлан энэ тогтоолын дагуу гэрээ хий хэмээн Засгийн газарт үүрэг өгсөн ч Засгийн газар уг тогтоолыг зөрчиж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Тус гэрээнд албан ёсорор гурван сайд гарын үсэг зурсан. Тэдний ард ЗГ-ын танхим, Ерөнхий сайд байсан нь тодорхой. УИХ-ын тогтоолыг зөрчсөн хүмүүст ямар хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой юм бэ? Үүний цаана авилга, хээл хахууль байна уу? гэдгийг хуулийн байгуулагууд шалгах ёстой хэмээн үзэж байна. Бид энэ асуудлаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, Ерөнхий прокурор, шүүхэд  хандан асуудал тавина гэсэн бодолтой байна. Дээрээс нь сая УИХ-ын 20 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцүүл хэмээн шаардлагыг Монгол Улсын ЗГ-т тавьсан ч үүнийг Ерөнхий сайд, ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүгд үүнийг эсэргүүцсэн. Засгийн газар нь өнөөдөр хувийн компанитай нийлээд мэдэгдэл хийгээд сууж байна. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвасан үйлдэл хийж байна гэж үзэж байгаа. Тиймээс гэрээг УИХ-аар нээлттэй ид тод хэлэлц. Энэ асуудлаар бид эцсээ хүртэл хариуцлагатай тэмцэнэ” хэмээн мэдэгдлээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж