”Пропорциональ давамгайлбал гишүүд намын байраар л эргэлдэнэ”

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

”Пропорциональ давамгайлбал гишүүд намын байраар л эргэлдэнэ”

УИХ дахь Ардын нам, Ардчилсан на­мын бүлгийн гишүүд сонгуулийг холимог тог­толцоогоор явуулахад санал нэгдсэн. Гэсэн ч одоо холимог тогтолцоонд мажоритари, про­пор­циональ элементийн харьцаа ямар байх тал дээр санал зөрөлдөж байгаа юм. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, намуудын мар­гаантай холбоотой дараах асуултад хариулт авлаа.

-Намын бүлгүүд холимог систем дотор сонгуулийн ямар тогтолцоо давамгайлах ёстой вэ гэдэг дээр санал зөрөлдөж байна. Таныхаар аль нь зөв шийдэлд хүргэх бол?

-Сонгуулийн холимог системийн талаар одоо ярьж байна. Заримыг нь шууд сонгоё, заримыг нь пропорциональ системээр гаргаж ирье гээд. Энэ хувилбар цаашдаа ямар маргаанд хүргэх бол гэдэгт асуудлын гогцоо нь буй. Чуулганаар 50:26 эсвэл 48:28 гэсэн  хувилбарыг баталчихлаа гэж бодъё. Миний харж байгаагаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан нь  гарцаагүй очно. Эндээс ямар шийдвэр гарах вэ гэдгийг хуулиа батлахдаа давхар бодолцох л ёстой. Бодох юм байгаа учраас би дуугарахгүй, хүний ажилд саад болохгүйхэн шиг яваад байгаа юм.

-Гишүүд “Монголын нөхцөлд энэ систем нь тохирно” гэж ирээд сонгуулийн хоёр өөр тогтолцооны тухай ярих юм?

-Мажоритари бол Монголын нөхцөлд хам­гийн тохиромжтой систем. Гишүүнээ шууд тойр­гоосоо сонгочихдог. Сонгогдсон ги­шүүн нь тухайн нутагт юу болж байгаа, юу болохгүй байгаа талаар УИХ-д  оруулж ирж, ярьдаг. Бас сонгогчтойгоо байнгын харил­цаатай байх боломжийг олгодог. Энэ бол яалт ч үгүй мажоритари системийн давуу тал. Харин сонгогчдын санал хаягдчих гээд байдаг муу талтай. Огцом гаргалгаа гаргах шаардлагатай болдог. Бас ялагдлаас өөрийгөө зайлуулах гэсэн улстөрчдийн тоглолт сонгуулийн дараа явагддаг зэрэг гажиг бий. Гэхдээ пропорциональ системийг давамгай оруулах гэж байгаа бол Үндсэн хуульд заасан “Гишүүнийг шууд сонгоно” гэдэг гаргалгааг одоогийн энэ хуульд яаж тусгах вэ гэдэг асуудал чухал байгаа юм.

-Хоёр намын бүлэг холимог хувилбар дээр санал нэгдчихсэн. Тэгэхээр та үүний эсрэг саналтай байгаа хэрэг үү?

-Яг тэгж хэлж болохгүй. Үндсэн хуульд нийцсэн томъёоллоо хэрхэн гаргаж ирэхийг нь хараад сууж байна.

-Мажоритари тогтолцоогоор сон­гууль явуулахаар гишүүд улс орны хувьд томоохон, хэтийн асуудалд анхаарлаа хан­дуулдаггүй гэх шүүмжлэл байгаа. Ялангуяа сонгууль дөхөхөөр тойрог руугаа гүйлддэг гээд байгаа шүү дээ?

-Пропорциональ системд ч муу тал их бий. Намын удирдлагын багт багтах гэж “тэр хавиар” тойрч гүйдэг, эргэлддэг. Үүнийг дагасан муу үр дагавар их гардаг систем. Одоо болсон болоогүй тойрог руугаа яваад сонгогчдоо сонсоод, ажил амьдралыг нь яриад байна. Харин пропорциональ системийг давамгайлуулбал намын байр хавьдаа л эргэлдэнэ. Хүний амьдрал, ахуйг үзэх, сонгогчдыг сонсох ажил бараг хаягдана шүү. Тиймээс би “Ийм сөрөг тал ихтэй  мажоритари тоо нь давамгайлсан холимог тогтолцоог ярих юм биз дээ” гэж бодоод сууж байна. Ялангуяа уул уурхай, эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед дарга тойрсон системийг давамгай болговол сүүлд нь дарлангуй нөхцөл байдал улс оронд бий болно. Өөрөөр хэлбэл, цөөн хүний хуйвалдаанд улс орныг аваачиж өгөх аюул энэ пропорционалийн талд байгаа шүү.

-Тойргийн тоог нэмэх саналтай байгаа гишүүн цөөнгүй бий. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Манайхан Улаанбаатар хотын сонгогчид олон байна тойргийнх нь тоог нэмье гэж маргалдаад байгаа. Дөрвөн уулын дунд бүхэл бүтэн 20 гишүүн ажиллаж байна шүү дээ. Монгол Улс асар том газар нутагтай. Орон нутагт, суманд байгаа малчдын малын махаар нийслэлийн иргэд хооллодог гэдгийг бодох хэрэгтэй. Энэ том газар  нутгийг 2.8 сая хүнээр яаж хамгаалах вэ гэдэг бол тусгаар тогтнолын асуудал. Одоо суурин амьдралд шилжих үйл явц маш хурдтай өрнөж байна. Хүн болгон л төв суурин газар бараадахыг эрмэлзэх болж. Тиймээс хүний тоонд тулгуурласан механик үйлдэл ярихаасаа илүү улсынхаа бүрэн бүтэн байдлаа яаж хэвээр үлдээх вэ гэдгийг бодох нь чухал. Харин ингэж бодохгүй улстөржсөн, өөрийнхөө зүтгүүлж байгаа хувилбарыг авчих гэсэн үйл явц л одоо харагдаад байна.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж